|

Цахилгаан мотортой ачааны мотоцикл хүлээлгэн өгөв

Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ажилчдын өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн 17.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахилгаан мотортой, 3 дугуйт ачааны мотоцикл хүлээлгэн өглөө. Нийт таван ширхэг мотоциклыг өдөр тутмын үйл ажиллагаанд нь зориулж худалдан авсан аж.  

Өнөөдрийн байдлаар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь хог тээврийн чиглэлээр ажилладаг өөрөө буулгагч зил 130, тусгай зориулалтын шахдаг автомашин, усны автомашин, авто өргөгч зэрэг 29 автомашинтай ажээ. Тус ачааны таван мотоцикл нэмэгдэж буйд аймгийн НААҮГ-ын албан хаагчид талархаж байлаа. Зуны тохижилт үйлчилгээний ажилд шаардлагатай ачааны мотоциклуудыг зам талбайн үйлчилгээний 4 хэсэгт хуваарилна гэж тус газрын ерөнхий инженер Д.Ханджаргал мэдэгдлээ. 

Л.Отгонбаатар