"Унасан нохойн араас өшиглөдөггүй” гэсэн үг бий. Ядарч яваа нэгнээ дээрээс нь нэмж битгий шогло гэсэн утгатай үгс. Өнөөдөр харин үүний эсрэг үйл явдал өрнөж байна. Жишээ нь, Г.Нямдорж гэдэг хүн өчигдөр гэнэт гарч ирээд, ардын баатар мэт баахан хэвлэл тойруулж байгаад "Н.Номтойбаярыг битгий сонгоорой” энэ тэр гээд баахан ярив. Хамгийн муу хүн л гэнэ. Гэр бүлээрээ муул гэнэ. Сүүлдээ бүр "Ядаж энэ удаа битгий сонго. Дараагийн удаа сонгогдоод гараад ирнэ биз” гэж хадуурав. Тэгээд баахан цаас барьчихсан "Номтойбаярыг сонгуулахгүй гэж сонгогчдод нь захидал бичсэн. Одоо хөлсөлж авсан машинаараа явж тараах гэж байна” гэлээ.
Энэ бол Г.Нямдорж гэдэг хүний өөрөө санаачлаад хийгээд байгаа ажил биш юм. Тэр хүн өөрөө мөнгө гаргаж машин хөлслөөд, 30 мянган ширхэг захидал хэвлээд, өөрөө тараагаад явах хүн биш, ядаж л залхуу нь хүрнэ биз дээ. Тэгээд ч хайран мөнгө. Үүнээс харахад шоронд хоригдож байгаа Н.Номтойбаяраас эрх баригчид, Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчидяасан их айна вэ. 30 мянган захиа, машин тэрэг, хэвлэлийн хөлс зэргийг хэн санхүүжүүлээд гаргаад байна вэ? Барьж хорьсон нь багадаад харлуулах, гүтгэх, муулах ажлыг зогсоо зайгүй эхлэх нь. Үлдэж буй 10 хоногт өдөр бүр л ингэж муулсан яриа гаргаж, мэдээлэл цацах байх даа. Тэд өөрсдийгөө хүчтэй байна, чадаж байна гэж бодож төлөвлөж байж мэдэх юм. Гэтэл ингэх тусам Н.Номтойбаяр гэдэг залуу бүр л тодорч харагдаад, нэр хүнд нэмэгдээд байна.
Д.Сайхан
Эх сурвалж: Өдрийн сонин