|

Дарханы замын тендерт ялсан Хятад компани гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ

 

Дарханы замын тендерт ялсан Хятад компани гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ

 

Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгийг зорих иргэдийн цуваа дуусашгүй. Тус чиглэлийн замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог гэсэн тооцоо бий. Гэвч өнгөрсөн жилийн гуравдугаар сараас эхлэн шинэ зам тавих нэрийдлээр хуучин замыг хуулж хаяснаар олон иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байна.

 

 

Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гаргасны дагуу тус замын хоёр эгнээг сэргээн засварлах, шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болсон юм. Ингэхдээ замыг таван хэсэгт хувааж засварлахаар, гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалт явуулан, тус тендерт БНХАУ-ын таван компани шалгарсан байдаг.

Тодруулбал,

  • I багц 22-ын товчооноос Хар модотын даваа хүртэл 45.5 км /HEILONGJIANG JINYI ROAD AND BRIDGE CO. LTD/
  • II багц Хар модотын даваанаас цааш 45 км /CHINA STATE CONSTRUCTION XINJIANG/
  • III багцад дараагийн 45.7 км /GUIZHOU HIGHWAY ENGINEERING GROUP CO. LTD/
  • IV багцад дараагийн 45.5 км / CHINA STATE CONSTRUCTION XINJIANG /
  • V багцад үлдсэн 30.5 км зам хамаарч байна /CHINA GEO-ENGINEERING CORPORATION/ гэх компаниуд хийж гүйцэтгэхээр болсон юм.

Дөрөвдүгээр сараас хойш тус авто замын нэгдүгээр багцын ажил 58.17 хувь, гуравдугаар багц 44.46 хувь, тавдугаар багц 40.87 хувийн гүйцэтгэлтэй явж байгааг албаныхан мэдээллэв.

Харин зам засварын 2, 4-р багцын ажил таг зогссон байдалтай байгаа аж. Учир нь дээрх хоёр багцын гүйцэтгэгч болох БНХАУ-ын "CHINA STATE CONSTRUCTION XINJIANG” компани гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ.

Тэд Шинжаан хотод коронавирусийн улмаас хөл хориог чангатгасантай холбоотойгоор Монголд ажиллах боломжгүй болсон гэх тайлбарыг гүйцэтгэгч компаниас мэдэгдсэн байна. БНХАУ-ын компани энэ хоёр багцын тендерийг хямд үнээр гүйцэтгэхээр авсан ч өнгөрсөн хугацаанд туслан гүйцэтгэгчээр ажиллах монгол компани үнээ голоод олдохгүй байжээ. Ингэснээр Дарханы замын 2, 4-р багцын тендерийг дахин шалгаруулахаар болжээ.

Энэ талаар УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгаас сонгогдсон шинэ гишүүн Г.Дамдинням "Дарханы замын 2,4-р багцыг аваад огт ажил хийхгүй шалтаг тоочиж байгаа БНХАУ-н компанийн талаар тус улсын элчин сайдаас тодруулахад

"Танай тал энэ шалгаруулалтыг хийсэн. Ингэхдээ байгуулагдаад нэг ч ажил хийгээгүй, туршлага, хүн хүч, техникийн боломж муу компанид яагаад энэ ажлыг хариуцуулах шийд гаргасан нь сонин байгаа.

Манай улсын зүгээс тус компанийн эздийг олж ажлаа шуурхай явуулахыг анхааруулсан байгаа. Ажлыг дуустал бүх ерөнхий гүйцэтгэгч компаниудад хариуцлагатай ажлаа дуусгах тал дээр анхаарч ажиллана” гэж хэлсэн хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.

http://undesten.mn/117567.html