ВАШИНГТОН. /АР/. Коронавирус хурдацтай тархаж байгаа хэдий ч халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй улс орнууд байсан хэвээр байгаа тухай Associated Press агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, Номхон далайн өмнөд хэсэгт байрлах арлын орнуудад одоог хүртэл халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Эдгээр нь Тонга, Кирибати, Самоа, Микронези, Тувалу улсууд юм.
Бүр гуравдугаар сард цар тахал дэгдэхэд Тонга улс нисэх онгоцны буудлуудаа хааж, аяллын хөлөг онгоцуудыг нэвтрэхийг хориглосныг "AP” онцолсон байна. Үүний улмаас эдийн засаг нь уналтад орсон хэдий ч тус улсын эрх баригчид хорио цээрийн дэглэм тогтоосоор байжээ. Эдийн засаг нь аялал жуулчлалтай нягт уялдаатай байдаг тул халдвар илрээгүй байгаа бусад улс орнууд ч бас хохирол амссан байна.
Антарктидад мөн вирус илрээгүй байна. Тус тив нь одоогоор халдвар бүртгэгдээгүй цорын ганц тив юм. Түүнчлэн 25 сая гаруй хүн амтай Умард Солонгос одоог хүртэл "КОВИД-19” өвчний нэг ч тохиолдлын талаар мэдээлээгүй байна. Туркменистанд халдвар авсан нэг ч хүн байхгүй байгаа нь Умард Солонгосын адил шинжээчдийн эргэлзээг төрүүлж байгаа юм. Гуравдугаар сард Туркменистаны эрх баригчид хилээ хааж, олон нийтийн шашны арга хэмжээг хоригложээ.
Пүрэв гаргийн шөнө нийтэлсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээллээс үзвэл, сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий даяар коронавирусний халдварын 536224 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 55 326 907 болсон бол нас барсан тохиолдлын тоо 9220-оор нэмэгдэж, 1.33 сая давсан байна.
Өнгөрсөн хоногт ДЭМБ-д мэдээлэгдсэн халдварын тохиолдлын 45 гаруй хувь нь Европт (244 710) бүртгэгдсэн бол хоёрдугаарт Хойд болон Өмнөд Америк (195 663), гуравдугаарт Зүүн Өмнөд Ази (47 152) оржээ.
Халдварын тохиолдлын тоогоор АНУ нэгдүгээр бичигдиж байна. Тус улсад 11 085 184 хүн халдвар авчээ. АНУ-ын дараа Энэтхэг (8 912 907), Бразил (5 876 464), Франц (2 000 060), ОХУ (1 991 998), Испани (1 458 591), Их Британи ( 1,410,736), Аргентин (1,318,384), Итали (1,238,072), Колумб (1,205,217), Мексик (1,009,396) болон Перу улс (938,268) орж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг