Өнөөдөр Монгол Улс Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн "Covishield” вакцины 150.000 тунг хүлээн авлаа. Харин өнөөдөр орой 22.00 цагт БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакциныг авчрах тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр "БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакцин өнөөдөр орой 22:00 цагт манай улсад ирнэ. Энэ нь ДЭМБ-аас зөвшөөрөл нь гарахаар хүлээгдэж байгаа вакцин юм. Жагсаалтад байгаа. Зөвшөөрөл нь гармагц дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн байхын тулд татан авч байна гэсэн үг.
Манай улс БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм, ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V болон Pfizer, AstraZeneca хэмээх дөрвөн төрлийн вакциныг хадгалах дэд бүтцийг шийдвэрлэж, бэлтгэлийг бүрэн хангасан.
Энэтхэгээс хүлээн авсан AstraZeneca компанийн "Covishield” вакциныг зайлшгүй шаардлагатай 75 мянган албан хаагчид хийх юм. Дархлаажуулалтын ажил маргааш албан ёсоор эхэлнэ" гэлээ.