|

Сумдын цэцэрлэг, сургуулийн танхимын бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа

 

 

Сумдын цэцэрлэг, сургуулийн танхимын бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа

 

Аймаг, сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлан танхимаар оруулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан.Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахтай холбогдон үүсэх харилцааг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан түр журмаар зохицуулахаар болсон юм.

Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэрээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарынхоёрныөдөр Шарын гол, Хонгор сумын 4 сургууль, 5 цэцэрлэгийн бэлтгэл бэлэн байдлыг газар дээр нь шалгалаа. Нийт хүүхэд багачуудын 97 орчим хувь нь танхимаар сургалтад хамрагдах хүсэлт гаргасан бөгөөд 220 гаруй хүүхэд дотуур байранд амьдарна.Ерөнхий боловсролын сургуулийг 35, цэцэрлэгийг 25 заалт бүхий шалгуураар шалгахад хэрэгжилт 80 хувьтай байна.

Шалгалтын үеэр зарим сургууль, цэцэрлэгүүдэд цахилгааны монтажны утас ил, гэрэлтүүлэг, камержуулалт, ариун цэврийн өрөөний ариутгал халдваргүйжүүлэлт, хүүхдийг бүртгэн халууныг үзэх, өрөө тасалгаанд "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж байршуулах зэрэг нийтлэг зөрчлүүд гарч, дутуу заалтуудыг энэ сарынтавныдотор биелүүлэх үүрэг чиглэл өгчээ.

Мөн цэцэрлэг, бага анги, тусгай сургуулийн суралцагч, дотуур байрны хүүхдийн үдийн цай, хоолны үйлчилгээнд онцгойлон анхаарах, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих шим тэжээллэг, амин дэмээр баялаг бүтээгдэхүүн, халуун ундаа хэрэглэх, амны хаалтыг 2 цаг тутам солих, ариутгал халдваргүйжүүлэлтийг байнга хийж байхыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад зөвлөлөө.