|

COVID-19: Модерна бага насны хүүхдүүд дээр вакцин туршиж эхлэв

 

 

Америкийн Модерна компани коронавирусээс сэргийлэх  mRNA-1273 вакцинаа зургаан сараас 12 хүртэлх насны хүүхдүүд дээр туршиж эхэлсэн талаараа мэдэгджээ.

Эмнэлзүйн туршилтыг Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнд багтдаг Харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэн болон АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн албаны яамны Био анагаах ухааны судалгаа, боловсруулалтын газартай хамтран явуулж байгаа талаар CNN мэдээлжээ.

 

Туршилтын явцад 28 хоногийн зайтай хийх хоёр тунгийн аюулгүй байдал, гаж нөлөө, сөрөг заалт, үр дүнг үнэлэх юм байна. Эмнэлзүйн туршилтад АНУ болон Канадад зургаан сараас 12 хүртэлх насны 6750 хүүхэд оролцохоор болжээ. 

Туршилтын эхний шатанд хоёроос 12 хүртэлх насны хүүхдүүд 50 эсвэл 100мкг хэмжээтэй хоёр тунгийн нэгийг, зургаан сараас хоёр хүртэлх насны хүүхдүүд 25, 50, 100мкг хэмжээтэй гурван тунгийн нэгийг хийлгэх аж. Дараа нь завсрын судалгаа шинжилгээ хийж, тунгийн зохист хэмжээг тодорхой болгох юм байна. Туршилтад оролцогчдод хоёр дахь тунг тарьсны дараа 12 сарын хугацаанд ажиглалт хийх гэнэ.

Модерна компани 12-17 насны өсвөр насны хүүхдүүд дээр коронавирусээс сэргийлэх вакцинаа турших ажлыг өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-д эхлүүлж байлаа. Туршилтын мэдээллийг энэ оны хавар цуглуулахаар төлөвлөжээ.