Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан.Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хишигбаяр, Э.Билгүүн нар өвчний учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, өмгөөлөгч О.Батсүх хохирогчийн өмгөөлөгчөөр 2021 оны 3 дугаар сарын 24-нөөс эхлэн ажиллах болсон тул хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус ирүүлжээ.
Хэргийг хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд багтсан шүүгч С.Батдэлгэр энэ хэргийн шүүгдэгч, хохирогч нарыг танихгүй, ямар нэгэн харилцаагүй ч 2021 оны 2 дугаар сард цахим сүлжээнд байрлах зарим сайтад энэ хүмүүстэй холбоотой гэх мэдээлэл гарсан нь шүүгчийн албаны болон шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа учир хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнээс өөрөө татгалзан гарах хүсэлт гаргав.
Шүүх бүрэлдэхүүн шүүгчийн өөрөө татгалзан гарах хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж, шүүх хуралдааныг хойшлууллаа. Мөн өмгөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авав.
Эх сурвалж: Улсын Дээд Шүүх