Энэ жил Ардын хувьсгалын 100 жил, Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Түүхт ойнуудыг угтаж тус аймгийн аж ахуйн нэгж, үйлдвэр, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд олон бүтээлч ажлуудыг хийсээр байна. Тэдгээрээс Улаанбаатар Төмөр замын хамт олон Дархан хотын "Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн төмөр замыг барьж эхлээд байгаа энэ үед Улаанбаатар Төмөр замын Дархан Зангилааны дарга Алтангэрэлийн Борбандитай ярилцлаа.
- Түүхт ой тохиосон жилүүдэд аль ч байгууллага, ой угтсан бүтээлч ажлуудыг хийж ирсэн уламжлал байдаг. Байгууллагаа тохижуулж өнгө үзэмжээ сайжруулах, зэргээр олон ажил хийдэг. Танай төмөр замын хувьд энэ жил ямар ямар ажил хийж байна вэ?
- Дарханы төмөр замчид Ардын хувьсгалын 100 жил, аймгийнхаа 60 жилийн ойн хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна. Эхний ээлжинд бид өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхэлж он дамжаад хамгийн сүүлд 1976 онд ашиглалтад орсон вокзалынхаа барилгыг засварлаж, мөн зорчигчийн тавцан урьд өмнө нь их богинохон байсныг 370 метрээр уртасгаж, зорчигчийн тавцанд сүүдрэвч, сандал байрлуулах зэргээр яг вокзал орчмын тохижилтын ажлуудыг хийлээ.
Мөн манай вокзалын ар талд хуучин ахмадууд маань хийж байсан Монгол-Зөвлөлтийн найрамдлын бэлгэдэл болсон "Сансрын нисэгчдийн хөшөө”-тэй хуучин талбайгаа засаадсайхан хөшөөтэй, тохилог хүүхэд ахмадуудаа амраах, суудлын галт тэргийг хүлээнгээ аятай таатай байлгах зорилгоор тохижилтын ажлуудыг хийсэн. Мөн манай "Замчин”хөшөөнд бас тохижилтын ажлуудыг хийсэн зэргээр вакзал орчиндоо олон ажлыг амжууллаа.
- Аль ч байгууллагад жил бүр л өвлийн бэлтгэлээ хангаж хийх зун, намрын засвар тохижилтын ажил гэж байдаг. Энэ жилийн ажлын төлөвлөгөөндөө тусгаж тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж хийдэг. Танайх яг төмөр замынхаа шугамын хувьд ямар ажил хийж байна вэ?
- Манай төмөр замын мэргэжлийн ажилтнуудын хувьд техникийн байдлыг сайжруулах гэж ярьдаг их том ажил байдаг. Үүнийг энгийнээр хэлбэл зам, суман шилжүүлгүүдээ ОХУ-аас авч шинээр сольж тавилаа, Төмөр бетонон дэртэй үеүдээр гурван замыг сольж бусад замыг нь схемчлэх аргаар гэж ярьдаг, төмөр бетон дэрээр хүчжүүлсэн ажил хийсэн. Эдгээр ажлыг хийж байгаа маань галт тэргийн хөдөлгөөний найдвартай байдлыг дээшлүүлж, бас зорчигчид ая тухтай зорчих боломжийг бүрдүүлж өгсөн зэрэг ач холбогдолтой олон томоохон ажлуудыг энэ хэсэгтээ хийсэн.
-Хүүхдийн төмөр замыг барих санал санаачилга хэзээ хаанаас гарсан бэ? Заавал Дархан хотод барих болсон шалтгаан нь юу юм бол?
-Өнгөрсөн оны есдүгээр сард одоо Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа С.Насанбат аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа УБТЗ-ын дарга Д. Жигжиднямаа нар санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичигт Дархан-Уул аймагт "Хүүхдийн төмөр зам”-ыг барьж ашиглалтад оруулахаар тусгагдсан. Энэхүү хүүхдийн төмөр замыг барих болсон зорилго бол, ер нь аль ч улс орны төмөр замчид ирээдүй хойч үеэ бэлддэг. Энэ хүрээнд манай Улаанбаатар төмөр замаас санаачлаад Дархан дээр тулгуурлаж хийхээр шийдвэрлэсэн. Мөн Дархан, Улаанбаатар, Дорноговь зэрэг гурван газарт ирээдүйн төмөр замчдаа бэлтгэх зорилгоор лицей анги нээсэн. Энэ лицей ангийг Дархан хотын ерөнхий боловсролын 18 дугаар сургуульд Улаанбаатар төмөр зам өөрсдөө тохижуулаад хүүхдүүдийн саналыг нь авч, өөрсдийнх нь хүсэл сонирхлоор элсүүлж, хоёр анги нээгээд сургаж эхэлсэн. Энэ хүрээнд ч гэсэн хүүхдийн төмөр замыг Дархан-Уул аймагт барих шийдвэрийг төмөр замын удирдлагууд гаргаж, орон нутгийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан юм.
- Хүүхдийн гэж байгаа ч мэдээж багагүй хөрөнгө зардал гарч байгаа байх. Төмөр зам барих ажил их хэмжээний зардалтай байдаг гэж сонссон. Хэдий хэмжээний зардал гарч байгаа вэ?
- Энэ ажил сая тавдугаар сарын нэгэнд эхэлж төлөвлөгөөний дагуу маш амжилттай явж байна. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлыг ойролцоогоор 3.5 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр хийх ажил юм. Аймгаас манай энэ төслийг Дархан хотын "Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд хийх санаачилгыг гаргасан. Ингэж хүүхдийн төмөр замыг барьснаар манайх аймгийнхаа ойд өргөн барьж байгаа томоохон ажил болох юм. Түүхт ойнуудын өмнө бид зам болон техникийн зарим асуудлаа сайжрууллаа, Зорчигчдын ая тухтай зорчих орчныг нь бүрдүүлж хангасан бол, аймагтаа хүүхдийн төмөр зам гэдэг энэ томоохон бүтээн байгуулалтыг Монгол Улсынхаа хэмжээнд анх удаа хийж байна.
- Би дөнгөж сая хүүхдийн төмөр зам барьж байгаа "Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгээр ороод ирлээ. Нэлээд урт тойрогтой юм байна, төмөр зам гэхээр вагон явна гэсэн үг биз дээ. Тэхээр вагоны зогсоол, гарц гэж байх уу?
- Хүүхдийн энэ төмөр зам бол ганц манайд ч биш бүхий л улс оронд байдаг л зүйл. Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, ОХУ-ын төмөр замуудад ч бас ийм практик туршлага бий, тиймээс яг тэр жишгээр явна. Энэ ажил "Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн дотор 2.5 км орчим тойрог дотор хийгдэж байна. Тэндээ "Өртөөний байр” гээд монгол гэрийг илэрхийлсэн хэлбэр загвартай өртөөний жижүүрийн буюу удирдлагын байр байна, зүтгүүр, вагон хоёроо байрлуулах депотой, гарам, гарц, зогсоол зэргийг хийнэ, Гэхдээ энэ бүхэн бүгдээрээ хүүхдийн төмөр зам гэж байгаа учраас тийм л өнгө аясыг илэрхийлсэн өнгөтэй, бага загвар хийцтэй байх юм. Зүтгүүр вагоны хувьд гэвэл яг одоо манай тээвэрт ашиглаж байгаагаас арай бага хэмжээтэй, хүчин чадлын хувьд ч бас л бага хэмжээтэй байна гэсэн үг. Бид одоохондоо захиалгаа өгчихсөн хараахан ирээгүй байгаа.
- Тэгэхээр ашиглалтад орсны дараа ч танайхаас мэргэжлийн хүмүүс ажиллах уу?
- Тэгэлгүй яахав хүүхдийн л гэж овор хэмжээ бага л болохоос биш яг л вагон шүү дээ. Аль болох олон суудалтай байх юм. Нэгэнтл хүүхдийн төмөр зам гэж байгаа болохоор тэнд манай мэргэжлийн хүмүүс ч ажиллана. Өртөөний удирдлагыг ажиллуулах жижүүр, машинист, туслах машинч, үйлчлэгч гээд хүмүүс байна. Тэндээ энэ бүх ажлыг хүүхдүүд маань практик дээр өөрсдөө хийгээд явна, Харин манай мэргэжлийн хүмүүс хажуунаас нь зааж зааварлах, аюулгүй байдлыг нь хангаж хянах зэрэг үүрэгтэй явна.
- Нэг ёсны сургалт, танин мэдэхүйн ач холбогдолтой, бас аяллын шинжтэй юм байна. Монгол Улсдаа анх удаа байгуулж байгаа болохоор хүүхдүүд гэлтгүй томчуудын хувьд ч бас их сонирхолтой болох байх?
- Би түрүүн хэлсэн дээ, бид хойч үеэ бэлдэх ёстой гэж. Тиймээс л бид Дархан хотын ерөнхий боловсролын 18 дугаар сургуульд шинээр лицей анги нээж тэндээсээ ирээдүйн мэргэжилтнүүдээ бэлтгэх зорилгууд бий. Мэдээж энэ дээр ч, хүүхдийнхээ төмөр зам дээр ч бас зохих маркетингүүд хийж таарна.
-Ярилцсанд баярлалаа.