|

Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт 12-нд эхэлнэ

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт Дархан-уул аймагт 2016 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд явагдана. Дархлаажуулалыг "Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж байгаа аж. Энэ тухай холбогдох албаныхан иргэд олон нийтэд хандан хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээлэл хийлээ.

Улаанбурхан өвчний халдвар хэзээ ч авч байгаагүй хүмүүс, Улаанбурхан өвчний эсрэг вакцины 2 тунг бүрэн хийлгээгүй хүмүүс энэ өвчний эсрэг дархлаажуулалтанд хамтрагдах нь нэн чухал бөгөөд вакциныг хийлгэхэд ямар нэгэн нөлөө байхгүйг холбогдох албаны хүмүүс энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар онцлон хэлж байв. 18-30 насны залуу хүмүүсийг нэмэлт дархлаажуулалтад хамруулснаар тархалтыг хязгаарлахад туслах юм байна.

Дархлаажуулалт 2016 оны 05 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ хугацаанд Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 08:00-19:00 амралтын өдөр 08:00-17:00 цагуудад ажиллана.

Одоо байгаа эпидомологийн дүн шинжилгээнээс харахад халдварт өртөж байгаа насныхан нь ихэвчлэн 18-30 насны залуучууд байна. Энэ насныхан нь 1986-1998 оны хооронд төрсөн хүмүүс бөгөөд тухайн үед улс төр, нийгэм эдийн засгийн огцом өөрчлөлтийн нөлөөгөөр эрүүл мэндийн салбарт ч хүндрэл бэрхшээл тулгарч байсан үе юм.

Мөн улаанбурханаар 9 сар хүрээгүй буюу улаанбурхан өвчний эсрэг вакцины эхний тунгаа авах боломжгүй нялх хүүхдүүд өвчилж байгаа юм. Төрөөд удаагүй байгаа нялх хүүхдүүд нь улаанбурхан өвчний эсрэг вакциныхаа анхны тунг хийлгэх насанд хүрээгүй байгаагаас дархлаа тогтоогүй, ээж нь 18-30 насных бол өөрөө дархлаагүй учраас хүүхэддээ дархлаа дамжуулаагүй байх магадлалтай байдаг байна.

Иймд улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны иргэдийг хамруулахаар болжээ. Дархан-Уул аймагт нэмэлт дархлаажуулалтад нийт 21118 хүн хамрагдах судалгааг гаргажээ.

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллах юм байна.

2016 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн 17:00 цагийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт: Улаанбурхан өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа 13, үүнээс эрчимт эмчилгээнд 3өвчтөн байна.Дархан сумын хэмжээнд улаанбурхан өвчнөөр өвчилсөн анхны тохиолдлоос хойш одоогоор 1930 тохиолдол бүртгэгдсэн байна.