Дарханы ардчилсан намынхан төв намын байран дээрээ улс төрийн суулт зарлаж 20, өлсгөлөн зарлаад хоёр хонож байна. АН-ын гишүүд Дархан-Уул аймагт болж буй намын зөрчил, хагаралыг яаралтай шийдвэрлэх намыг ийнхүү талцахад хүргэсэн намын дарга З.Энхболдыг огцрохыг шаардаж буй. АН-ын байранд эсэргүүцлээ илэрхийлсэн 20 гаруй гишүүд дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарлаад буй. Эдгээр иргэдээс дөрөв нь өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарласан талаар бид мэдээлсэн. Тэгвэл намын байрандаа өлсгөлөн зарласан АН-ын гишүүдийн нэг нь буюу С.Наранцэцэгийн бие муудсаны улмаас түргэн тусламж дуудсан ба даралт хэвийн хэмжээнээс ихэссэн биеийн байдал сайнгүй байгаа аж. "Өлсгөлөн зарласан хүмүүст эмнэлэгийн үзлэг, анхан шатны тусламжаар эмнэлэгийн байгууллага хангаагүй. Мөн биднийг хууль зөрчин ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийж байгаа мэтээр намын удирдлагууд мэдээлэл хийж байна. Мөн биднийг суултыг албадан тараах арга хэмжээг ч авч эхэлсэн байна” гэж суулт зарласан иргэд хэлж байлаа.
Намын удирдлагуудын зүгээс болж байгаа үйл явдлыг шийдвэрлэх арга замыг хайх, гишүүдтэйгээ ойлголцох, гаргасан хууль бус шийдвэрээ эргэн харахын оронд албадлага хэрэглэх, худал мэдээлэл түгээхэд анхаарч байгаад харамсч байгаагаа мөн илэрхийлж байсан юм. Ийнхүү намын удирдлагууд муйхарлаж байх зуурт өлсгөлөн зарласан хүмүүсийн биеийн байдал дордож, улмаар амь насанд нь нөлөөлөх эрсдэл үүсвэл хариуцлагыг АН-ын дарга З.Энхболд тэргүүтэй хүмүүс үүрэх ёстой гэж мөн мэдэгдэж байсан юм.
Д.ЖАРГАЛ