Дархан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Бандийн толгойд 2015-2016 оны хичээлийн жилд шинэ байртай болж, бяцхан хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн Дархан сумын 8 дугаар цэцэрлэгийн гадна талбайд Япон улсын JAGMO нийгэмлэгээс 5 төрлийн 170 гаруй модны суулгацыг бэлэглэсэн байна.
Монголыг ойжуулах зорилготой ажилладаг Японы Жагмо нийгэмлэг нь Дархан Уул аймгийн хүүхэд залуучуудын цогцолбор, сургууль, цэцэрлэгүүдийг моджуулах үйл ажиллагааг жилд 2 удаа явуулдаг уламжлалтай. Энэ ажлын эхлэлийг 2004 онд тавьж, "Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод тарьж байжээ. Улмаар Залуучууд театр, Эмэгтэйчүүдийн ордон, ОИЦ сургууль, "Од” цогцолбор сургууль, Энэрэл цогцолбор, 4-р сургууль, 15-р сургууль, 5, 10, 12, 18 дугаар цэцэрлэг гээд нийт 20 гаруй байгууллагын гадна талбайг моджуулсан байна.
Энэ жилийн хувьд Дархан сумын 8 дугаар цэцэрлэгээс гадна 6 дугаар цэцэрлэгт нийт 3,6 сая төгрөгийн модны суулгацыг бэлэглэж байгаа юм байна. Харин ирэх намар 11 дүгээр цэцэрлэгт модны суулгац бэлэглэхээр төлөвлөсөн байна. 8 дугаар цэцэрлэгийн гадна талбайд Монос-50, Чацаргана-20, Голт бор-50, Гацуур-14, Хайлаас-40 нийт 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 174 модны суулгацыг тариаллаа.
Тус цэцэрлэгийнхэн гадна талбайгаа ойжуулах ажлын эхлэлд ач холбогдол өгч аймгийн Засаг дарга А.Энхболд, тус багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, салбарын дарга удирдлагууд болон эцэг эхчүүдийнхээ хамтаар мод тарих үйл ажиллагааг /2016.05.11/ зохион байгуулсан юм.
Цөлжилтийн идэвхитэй бүсэд оршдог Дархан хотыг ойжуулах их үйлсэд тодорхой хувь нэмэр оруулж буй Японы Жагмо нийгэмлэгийнхэнд аймгийн Засаг дарга А.Энхболд болон 8 дугаар цэцэрлэгийн багш, эцэг эхчүүд талархал илэрхийлсэн юм. Мөн тус цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд ая дуугаар мэндчиллээ.