|

Англи хэл эзэмшсэн байдлаар Монгол 64 дүгээрт оржээ

Швейцарьт төвтэй англи хэл судлалын "EF Education First” олон улсын боловсролын төв улс орнуудын иргэдийн англи хэл эзэмшсэн түвшнийг тогтоодог дэлхийн томоохон жагсаалт болох жил тутмын тав дахь EF /EF EPI/ индексээ танилцуулжээ.

Уг индекст дэлхийн болон бүс нутгийн англи хэл судлалын чиг хандлагыг тодорхойлж, улс орнуудын иргэдийн англи хэл эзэмшсэн түвшин болон түүний эдийн засгийн өрсөлдөх чадвар хоорондын харилцан уялдаа холбоонд дүн шинжилгээ хийжээ.  Энэ жилийн EF EPI индекст уг жагсаалтад багтсан дэлхийн 70 орны үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг танилцуулсан байна. Жагсаалтыг гаргахдаа англи хэл судалдаг насанд хүрсэн 910 мянган хүний дунд тест бөглүүлэх аргыг ашиглажээ.

Англи хэл эзэмшсэн түвшнээр Монгол Улс 43,64 оноо авч, 70 орноос 64 дүгээрт орсон байна. Энэ нь маш доогуур үзүүлэлт бөгөөд жагсаалтад багтсан Азийн 16 орноос 15 дугаарт орох үзүүлэлт аж. ОХУ-ын хувьд эдийн засгийн байдлыг үл харгалзан тус улсын иргэдийн англи хэл эзэмшсэн түвшин тогтвортой өсч байгаа аж. Энэ жилийн жагсаалтад тус улс 39 дүгээрт бичигджээ. Харин Хятад улс 49.41 оноо авч, жагсаалтын 47 дугаарт орсон байна.

Судалгаа явуулсан бараг бүх улсад эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүд англиар илүү сайн ярьдаг нь харагджээ.

Уг индекст Европын орнууд, түүний дотор Скандинавийн орнууд жагсаалтын эхний аравт орж, тэргүүлсэн хэвээр байна. Жагсаалтын нэгдүгээрт 70,94 оноогоор Швед, хоёрдугаарт, 70.58 оноо авсан Нидерланд орсон бол Дани улс 70.05 оноогоор гуравдугаарт бичигджээ.

Англи хэл эзэмшсэн түвшин нь буурч байгаа цорын ганц бүс нутгаар Ойрхи Дорнод болон Хойд Африк болсон байна.

Д.Жаргал