|

О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт хилийн хориг тавилаа



IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн гэх О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 461 дүгээр ангид саатуулсан. Прокурорын байгууллагаас тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Энэхүү саналыг хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” үүргийг хүлээлгэжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1-д заасан “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгыг хангах үүднээс О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.