|

“АЛДАРТ ЭХ”-ИЙН 1,2 ДУГААР ОДОНГ 207 ЭХЭД ГАРДУУЛАВ

Манай улс 1952 оноос жил бүрийн 6 дугаар сарын 1-нийг хүүхдийн баярын өдөр болгон  тэмдэглэж эхэлсэн түүхтэй. 
Эдүгээ Монгол орон "Эх үрсийн баяр”-ыг үндэсний хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөхөн улс орны нэг болсон бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алдарт эх”-ийн одон гардуулав. 
Эхчүүдэд одонг нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга Б.Болдбаатар тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд гардуулсан юм.
 "Алдарт эх"-ийн нэгдүгээр зэргийн одонгоор 14 ээж, хоёрдугаар зэргийн одонгоор 193 ээж энгэрээ мялаалаа. 
Одонтой ээжүүдийн хамгийн залуу нь 6 хүүхэд төрүүлж өсгөсөн 30 настай ээж байгаа бол ахмад нь 41 настай 4 хүүхдийн эх байна. 
Жил ирэх бүр алдарт эхчүүдийн нас залуужсаар байгаа нь нэг талаараа ихэр хүүхдүүдийн төрөлт нэмэгдсэнтэй холбоотой гэж албаны эх сурвалжууд тайлбарлаж байв. 
Алдарт эхийн одон гардуулах үеэр төрийн дээд одон медаль гардуулж өглөө. Хөдөлмөрийн Гавъяаны улаан тугийн одонгоор Л.Батаа, Алтангадас одонгоор Н.Одхүү, Нийтийн аж ахуйн газрын Тэргүүний ажилтан цол тэмдгээр С.Буяндэлгэр нар энгэрээ мялаав.

Цэлмэг хөх тэнгэр гэрэлтэн, алтан наран гийсэн зуны сарын эхний энэ сайхан өдөр "Алдарт эх” одонгоор энгэрээ мялааж буй Монголын бүх хатан бүүвэй ижий нар, хонгор хөөрхөн үрсдээ Эх үрсийн баярын гал халуун мэндийг хүргэхийн ялдамд: 
Ижий бүрийн сэтгэл сүү шигээ цагаан, мөнх хөх тэнгэр шигээ амгалан байж, хүүхэд бүрийн нүднээс аз жаргал, баяр баясал гэрэлтэн байж, амьдрал нь үргэлж баяр цэнгэл, инээд хөөрөөр бялхаж байхыг бэлгэдэн ерөөе!