Камала Харрисын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлснээс хойш АНУ өнгөт арьст эмэгтэй ерөнхийлөгчтэй болоход бэлэн үү гэдэг асуулт үүссэн. Ажиглагчид болон шинжээчид тодорхой хариултгүй хэдий ч энэ асуултыг байнга дэвшүүлдэг. Энэ асуултад хариулахын тулд түүх, соёлын асар их мэдлэгтэй байх шаардлагатай. Америкийн улс төр, соёлын бүтцэд гүн гүнзгий шингэсэн арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийг энэ асуулт илтгэнэ.
Америк өмнө нь үүнд бэлэн байгаагүй бол өдгөө нийгэм аажмаар илүү шударга, хүлээцтэй, тэгш төлөөлөлтэй болж байна.
Камала Харрисын хувьд олон соёлт орчинд өссөн нэгэн. Тэрбээр Калифорни мужийн Оакланд хотод цагаач гэр бүлд айлын том охин болон төржээ. Түүний ээж Шямала Гопалан нь энэтхэг гаралтай бол аав Доналд Харрис нь ямайк гаралтай.
Эмэгтэй удирдагчтай болоход бэлэн гэдгээ түүхийн янз бүрийн үе шатанд олон улс орон харуулсан. Тухайлбал, дэлхийн хамгийн том ардчилсан орон болох Энэтхэг улс 1966 онд Индира Гандиг ерөнхий сайдаар сонгосон. Түүнээс хойших бүх удирдагч эрэгтэй хүн байжээ. Түүнчлэн Их Британи улс 1979 онд анхны эмэгтэй сайдаараа Маргарет Тэтчерийг сонгосон. Тэтчер 1990 онд огцорсны дараа 2016-2019 онд Тереза Мэй, 2022 онд Лиз Трасс гээд эмэгтэй удирдагчид байсан. Шинэ Зеланд улсын анхны эмэгтэй ерөнхий сайдаар 1999 онд Хелен Кларк сонгогдож байв. Цаашилбал, 1980 онд Исланд улс ерөнхийлөгчийн албан тушаалд эмэгтэй хүнийг шууд сонгосон дэлхийн анхны улс болжээ. Вигдис Финнбогадоттир 16 жил ажилласан. Гүн консерватив үзэлтэй Ирланд ч мөн 1990 онд анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр Мэри Робинсоныг сонгосон юм.
БҮТЦИЙН ТЭГШ БУС БАЙДАЛ
Гэвч АНУ-аар тогтохгүй ихэнх ардчилсан оронд эмэгтэйчүүдийн, ялангуяа өнгөт арьст эмэгтэйчүүдийн төлөөлөл тэгш бус оролцоотой хэвээр байна. НҮБ энэ оны зургадугаар сард дэлхий даяар ердөө 27 улс л эмэгтэй удирдагчтай байгааг онцолсон билээ. Тус байгууллагын мэдэгдэлд дурдсанаар “Өнөөгийн хурдаар дээд албан тушаал дахь жендерийн тэгш бус байдал 130 жилийн дараа ч арилахгүй” гэжээ. Засгийн газрын сайдын албан тушаалын 50-иас доошгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ердөө 15 орон л байгааг НҮБ мөн мэдээлсэн. Жишээлбэл, Австралийн есөн парламентын долоод нь эмэгтэйчүүдийн төлөөлөл дутуу байгааг судалгаагаар тогтоосон байна.
АНУ-д ч мөн адил. Хамгийн сүүлийн Конгрессын сонгуулийн дараа АНУ эмэгтэй сенатчидын тоогоороо түүхэн дээд амжилт тогтоосон. Гэсэн хэдий ч энэ нь ердөө 28 хувийг л эзэлж байжээ. “Pew” судалгааны төвийн мэдээлснээр, АНУ-ын одоогийн Конгресс нь арьс өнгө, үндэс угсааны хувьд хамгийн олон янз холилдсон анхны түүхэн Конгресс болжээ.
Камала Харрисын хувьд 2021 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй, Өмнөд Ази гаралтай анхны хүн, анхны өнгөт арьст эмэгтэй болсон. Мөн ерөнхийлөгч Жо Байден анхны уугуул америк эмэгтэйг Засгийн газрын албан тушаалд томилсон нь түүхэн үйл явдал болсон. Энэ нь Дотоод хэргийн сайд Деб Хааланд юм.
Гэхдээ эдгээр үзүүлэлт, түүх нь АНУ өнгөт арьст эмэгтэй удирдагчтай болоход бэлэн гэдгийг нотлохгүй. Америкийн сонгогчдын багагүй хувь нь өнгөт арьст битгий хэл эмэгтэй хүнийг эрх мэдлийн дээд албан тушаалд дэвшүүлэхэд бэлэн биш байгаагийн шинж тэмдэг бий. Дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Ж.Д.Вэнс, ерөнхийлөгч асан Дональд Трамп зэрэг эмэгтэйчүүдийг дайрсан утгатай үг хэллэг хэрэглэсэн улстөрчид бий.
Зарим улстөрч Харрисыг хийсэн гавьяа зүтгэлээрээ бус өөрийн хувийн онцлог шинж чанараараа товойн гарч ирж, өнөөдрийн хэмжээнд хүрсэн ч гэж шүүмжилдэг.
АНУ өмнө нь католик шашинтай ерөнхийлөгчийг сонгоход бэлэн гэдгээ харуулсан удаатай. Жон Ф.Кеннеди тус улсын католик шашинт анхны ерөнхийлөгч байсан бол одоогийн ерөнхийлөгч Жо Байден хоёр дахь нь юм. Цаашилбал, 2008 онд анхны өнгөт арьст ерөнхийлөгчийг сонгоход бэлэн гэдгээ америкчууд харуулсан. Хэрвээ Камала Харрис ирэх сонгуульд ялж чадвал АНУ үнэхээр өнгөт арьст эмэгтэй удирдагчид бэлэн байгааг нотлох болно.
Эх сурвалж: THE CONVERSATION