|

Олимпод зориулсан хандивын аянд 144 сая төгрөг цуглажээ

 Олимпийн хөгжлийг дэмжих сан, ЭМСЯ, МҮОХ хамтран "Team Mongolia" аяныг эхлүүлэх болон Олимпийн бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдэд мэдээллээ.Олимпийн хөгжлийг дэмжих сангаас Олимпод зориулсан хандивын аян зохион байгуулж, тус сангийн цомыг 2015 оны 11 дүгээр сараас эхлэн 20 аймаг, Улаанбаатар хотын 4 дүүрэг, 10 банк, 30-аад байгууллага аж ахуйн нэгжээр аялуулжээ. 

"Цом аялах хугацаанд нийт 144.7 сая төгрөгийн хандив цугласнаас 66 сая төгрөгийг зарцууллаа. Энэ мөнгөөр БНХАУ-ын Хэбэй мужид "Рио-2016” зуны олимпийн наадмын эрх авах тэмцээний өмнөх БНХАУ-ын боксын үндэсний шигшээ багтай хамтарсан бэлтгэл сургуулилт хийх 15 тамирчин, дасгалжуулагчийн зардалд 15 сая, олимпийн эрх олгох Колумб улсын Маделлин хотноо болсон дэлхийн цомын тэмцээнд байт харвааны 6 тамирчин, 2 дасгалжуулагчийн зардалд 5 сая, Хөнгөн атлетикийн тамирчин Б.Сэр-Одын Кенийн тамирчидтай Японд өндөр уулын бүсэд хийх бэлтгэл сургуулилтын зардалд 8 сая, Чөлөөт бөхийн тамирчин О.Насанбурмаагийн эмчилгээний зардалд 2.7 мянган төгрөг, хөнгөн атлетик болон паралимпийн тамирчдад  тус тус туслалцаа үзүүлсэн. Одоо хандивын дансанд 88.2 сая төгрөгийн үлдэгдэл бий. Үүгээр эмчилгээний тоног төхөөрөмж, тэмцээний үед шаардлагатай шарлагын аппарат авахаар төлөвлөж байна” хэмээн тус сангийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Наранбаатар хэллээ.

Мөн энэ үеэр  "Team Mongolia" аяныг эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлав. Аяны хүрээнд  "Team Mongolia" гэсэн бичигтэй футболк, аяга бусад дурсгалын зүйлсийг худалдаалах аж.

Олимпийн наадамд Монголын 37 тамирчин спортын 9 төрөлд оролцох эрхээ баталгаажуулаад буйг МҮОХ-ноос мэдээллээ. Тамирчид Олимпийн наадамд ёслолын болон спортын хувцас өмсөх юм. Хувцасны загварыг дизайнеруудын дунд тэмцээн зохион байгуулж тодруулсан бөгөөд ёслолын хувцсыг үйлдвэрлээд эхэлжээ. Харин спортын хувцасны төрөлд брэнд хувцас худалдан авахаар тогтсон байна. Хувцасны албан ёсны танилцуулгыг удахгүй хүргэх юм.

Тамирчид бэлтгэлээ Рио Де Жанеро хотоос 132 км зайд байрлах Волта Ретонда хотын спортын клубт хийх аж.