|

АНУ-ын арми Номхон далайд мансууруулах бодис тээвэрлэж байж болзошгүй завийг устгалаа


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гаргасан шийдвэрээр Өмнөд Америкаас усан хилээр дамжиж их хэмжээний хууль бус мансууруулах бодис тээвэрлэхийг зогсоохын тулд өнгөрсөн наймдугаар сараас хойш Карибын тэнгист армийн цэргүүд ажиллагаа явуулж байгаа юм.
Наймдугаар сараас хойш Карибын тэнгисийн олон улсын орон зайд долоон удаа цохилт өгч, 32 хүний амь насыг хороосон. Эдгээр хүмүүс нь хууль бусаар мансууруулах бодис тээвэрлэж АНУ-ын нутаг дэвсгэр рүү нэвтрэхийг оролдсон гэмт этгээдүүд байсан гэж Америкийн Засгийн газар мэдээлээд байгаа юм.
Америкийн армийн цохилтод өртсөн завинууд болон нас барсан хүмүүсийн ихэнх нь Венесуэлийнх байсан бол сүүлд явуулсан хэд хэдэн ажиллагаанд Колумб улсын иргэд өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохироод байна.
Өчигдөр Америкийн арми Колумб улсын эргийн ойролцоо хууль бусаар мансууруулах бодис тээвэрлэж байсан гэж үзээд дахин нэг завийг устгалаа. Энэ завин дээр байсан хоёр хүн амь эрсэдсэн байна.
Онцлог нь уг завь Карибын тэнгист биш, Өмнөд Америк тивийн баруун хэсэгт орших Номхон далайд явж байжээ. Өөрөөр хэлбэл АНУ наймдугаар сараас хойш хийсэн найм дахь удаагийн цохилтоо анх удаа Номхон далайн олон улсын мэдлийн орон зайд хийлээ.
Ингэснээр наймдугаар сараас хойш мансууруулах бодисны тээвэрлэгчид, наймаачидтай хийж байгаа Америкийн цэргийн ажиллагаанд нийт 34 хүн амь эрсдээд байна. Хэдийгээр АНУ-ын Засгийн газар гэмт хэргийг бууруулахын тулд гэмт этгээдүүдийг хохироож байгаа үйлдэл гэж уг ажиллагааг тайлбарлаж байгаа боловч олон улсын хүний эрхийн байгууллагууд төдийгүй Өмнөд Америкийн улс орнууд олон улсын хууль дүрэм илт зөрчсөн, халдан түрэмгийлсэн үйлдэл гаргаж байна хэмээн хурцаар шүүмжилж байгаа юм.
Нэн ялангуяа удаа дараагийн цохилтоор иргэдийнхээ амь насыг алдсан Венесуэл, Колумб улсууд Вашингтонтой тун хурцадмал харилцаатай болсон.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет бор өнгийн савлагаатай ачаагаар тал тэвшээ дүүргэсэн байсан жижиг завийг сөнөөж байгаа бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан байна. Уг бичлэгийг дэлгэхдээ Батлан хамгаалахын сайд АНУ 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр Нью-Йоркод халдлага үйлдсэн террористуудтай хар тамхины наймаачдыг адилтган, тэдний эсрэг алхам авч хэрэгжүүлж байна гэсэн тайлбарыг өгчээ. Аль-Кайда бидний эх оронд дайн өдөөсөн бол хар тамхины наймаачид бидний ард иргэд, хилийн бүсэд дайн өдөөж байна гэжээ.