|

Сэрэмжлүүлэг: Улаанбаатарыг бүрхсэн утаа маш аюултай хэмжээнд байна

Сэрэмжлүүлэг: Улаанбаатарыг бүрхсэн утаа маш аюултай хэмжээнд байна

 

Сүүлийн хоёр өдөр Улаанбаатар хотыг өтгөн утаа бүрхээд байгаа билээ.

Тэгвэл энэ утааны уг сурвалж нь ОХУ-ын Сибирьт үүсээд байгаа түймрээс үүдэлтэй ажээ.

Утаа нь маш өргөн газар нутгийг хамраад байгаа ба 1.6 сая километрийн холоос дэлхийг ажиглаж байгаа сансрын хөлөгт хүртэл мэдрэгдэж байгаа гэнэ.

NASA-гийн Deep Space Climate Observatory (DSCO) сансрын хөлөг нь Нар болон Дэлхийн дунд байрлаж дэлхийг нэг сая миль (1.6 сая км) зайнаас ажиглаж байдаг юм.

Тэгвэл уг хөлгийн камер энэ сарын 21-нд үлэмж хэмжээний утаа Сибирийг бүрхсэн байгааг буулган дэлхий рүү илгээжээ.

Ойртуулбал:

Дахин ойртуулбал:

Сибирьт дүрэлзэж байгаа гал түймрийн тухай ОХУ-ын засгийн газар мэдээлэхдээ (18-нд) 116 км.кв талбайг хамарсан 77 түймрийн голомт байгааг дурдаж байв. Гэвч GreenPeace Russia байгууллагынхан энэ нь маш их дарсан тоо гээд он гарсаар 70,000 км.кв талбай шатсан гэж мэдээлжээ.

Хэдийгээр тоон мэдээллүүд зөрүүтэй байгаа ч энэ нь үнэхээр том гамшиг болж байгааг дээрх зураг баталж байгаа юм.

Цаг уур орчны шинжилгээний газрын "Агаарын чанарын мэдээ” сайтад байгаа мэдээллээс үзэхэд Баянзүрх дүүргийн зарим хэсэг, Баянгол дүүрэгт агаарын бохирдол "Маш их”, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хэсэгт агаарын бохирдол "Дунд зэрэг”, Хан-Уул дүүрэгт агаарын бохирдол "Бага зэрэг” гэсэн үзүүлэлттэй байна.

Ялангуяа Бөхийн өргөө, Монгол газар гэсэн байршлуудад агаарын бохирдол тун өндөр/агаарын чанарын үзүүлэлт 502-1007/ байгаа аж.

Агаарын чанарын үзүүлэлтээр 501-ээс дээш байгаа бол маш их бохирдолтой байна гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд "Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх ёстой” гэсэн зөвлөгөө байдаг юм байна.

Түймрийн утаа нүд хорсгох, амьсгалын замын тогтолцоонд нөлөөлөх, зүрх болон уушгины архаг, хууч өвчнийг сэдрээх зэрэг сөрөг нөлөөтэй. Тиймээс өндөр настнууд, бага насны хүүхдүүд болон зүрх, уушгины өвчтэй хүмүүс илүү өртөмтгий байдаг.

Доор дурдсан аргуудыг хэрэглэж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй:

Агаарын чанарын мэдээг харж байх: Та agааr.mn сайтаас яг одоо хотын аль хэсэгт агаарын бохирдол ямар байгааг харж болно. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг мөн байнга ажиглаж, нөхцөл байдал ямар байгааг мэдэж байх хэрэгтэй.

Гэрийнхээ агаарыг аль болох цэвэр байлгах: Шаардлагагүй бол хаалга, цонхоо онгойлгох хэрэггүй. Хэрвээ агааржуулагч байгаа бол түүнийгээ ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ гаднах бохирдолтой агаар орж ирэхээс сэргийлэх шаардлагатай.

Гэрийн доторх агаарыг бохирдуулах ямар нэг зүйл хийж болохгүй: Жишээлбэл лаа асаах, ил зуух ажиллуулах зэрэг нь гэрийн доторх агаарыг бохирдуулж байдаг. Түүнчлэн гэр дотроо тамхи татах нь хамгийн буруу үйлдэл болно.

Тоосны хамгаалалттай амны хаалт танд хэрэг болохгүй: Тоосны хамгаалалт бүхий, эсвэл эмнэлгийн нэг удаагийн амны хаалт нь ямар ч үр дүнгүй юм. Учир нь энэ төрлийн амны хаалт зөвхөн том хэмжээний тоос, шорооноос хамгаалах зориулалттай байдаг. Тэгэхээр уушгиа хамгаалах арга энэ биш юм. Харин "N95” тэмдэглэгээ бүхий амны хаалтыг зүүж болно.

Ус сайн уух: Ингэснээр амьсгалын замын эрхтний чийгшлийг хадгална.

Тоос соруулж болохгүй: Тоос соруулагч ажиллуулах нь гэр доторх тоос шороог бужигнуулж, бохирдуулах сөрөг нөлөөтэй. Тиймээс гэр доторх агаараа цэвэр байлгахын тулд тоос соруулахаас зайлсхийх хэрэгтэй.

Эх сурвалж: NASA

Линк:  http://pic.mn/2016/07/24/257/