|

С.НАСАН-УРТ: ХЭЛ, СОЁЛЫНХОО АЛТАН ЦУЛБУУРЫГ ЧАНГА АТГАСАН УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖДӨГ

С.НАСАН-УРТ: ХЭЛ, СОЁЛЫНХОО АЛТАН ЦУЛБУУРЫГ ЧАНГА АТГАСАН УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖДӨГ

 

Ийн өгүүлж суугаа эрхэм бол Өвөрмонголын Их сургуулийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С. Насан-Урт гуай. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй "Олон улсын монголч эрдэмтний XI их хуралд” оролцож байх үеэр уулзаж ярилцлаа.

-Та бол дэлхийд танигдсан монголч эрдэмтэн.  Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шавь нар, хамтран зүтгэгчид нь  Насаа багш аа хэмээн  тохой өргөн амар мэндийг тань  эрж байгааг харахад сайхан байлаа.  Энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн мэргэдийг  бүгдийг нь таньж, мэдэж байна уу?

-Юун түрүүнд өвөг дээдсийнхээ өлгий нутагт хүрэлцэн ирж,  сэрүүн тунгалаг агаараар нь амьсгалж, хөх тэнгэр дор нь алхалж, эрдэмтэн нөхөдтэйгөө, шавь нартайгаа   уулзан учирч, сэтгэлийнхээ үгийг хэлэлцэн,  өнгөрсөн хугацаанд хэн юу бүтээж, туурвив, хэнээс ямар шинэ санаа оноо гарав гэдгийг чихээрээ дуулж, бие сэтгэлээрээ мэдэрч байгаадаа талархаад ханашгүй сууна. Үнэн хэрэгтээ надад болон миний найз нөхдөд ийм сайхан боломжийг  хэн олгов гэвэл Монголын төр.  Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү их хурлыг өөрийн ивээл дор зохион байгуулж, монголч эрдэмтдийн дуу хоолой,  байр суурийг сонсоно гэдэг ухаантай хүний шинж шүү. Ерөнхийлөгчийн Тамгын газар болон  холбогдох байгууллагууд, манай Хэл шинжлэлийн хүрээлэнгийнхэн  маш сайн зохион байгуулж байгаа юм байна. Энд би өөрийн багштайгаа хүрэлцэн ирсэн. Багш маань цаг гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос төрийн дээд шагнал болох "Алтан гадас” одонг хүртлээ.   Багш маань энэ жил 86 хүрч буй.  Энэ мэтчилэн баярт мөч давхцсан  олон сайхан үйл явдал давхацсан үйл явдлын гэрч болоод зогсч байна, ах нь.  Нөгөөтэйгүүр, монголч эрдэмтэд маань өнгөрсөн хугацаанд өөр өөрийн ажилладаг салбартаа их зүйлийг хийжээ.   Манай сургуулийн болоод Өвөрмонголд аж төрж буй монголч эрдэмтдийн тухайд  ч  судалгаа, шинжилгээний бүтээл арвинтай байгаагаа зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

-"...Хэчнээн ч удаа хуралдаж болно. Хамгийн гол нь үр дүн” хэмээн Германаас ирсэн монголч эрдэмтэн Оливер Корф сэтгэгдлээ хуваалцаж байсан. Таны тээж ирсэн зорилго биелэх магадлал хэдэн хувьтай байна?

- Хэдийгээр  Өвөрмонголоос ирсэн, монгол гарал угсаатай эрдэмтэн  гэлээ ч  би Хятад улсын төлөөлөгч. Хятадын эрдэмтэн судлаач.  Дэлхий ертөнц цаг хугацаатай  уралдан хөгжиж байна. Ялангуяа, цахим ертөнц. Ийм цаг үед  монгол хэл соёлыг хэрхэн яаж үр хойчдоо өвлүүлэн үлдээх вэ, даяаршиж буй дэлхий ертөнцөд яаж  авч явах вэ,   дэлхий нийтийн  хүртээл болгох вэ гэх тухайд Монгол Улсыг сонирхон судалдаг эрдэмтэн судлаачид төдийгүй  дэлхий даяар тархан суурьшсан монгол хүн бүр юу хийх ёстой талаар дуугарч, байр сууриа илэрхийлэн үзэл бодлоо нэгтгэх нь дамжиггүй  Тэр  утгаар нь   Монгол Улс энэ удаагийн их хурлынхаа чиглэлийг "Монгол Улс ба тогтвортой хөгжил” хэмээн тодорхойлсон буй за.  Салбар хуралдаануудын онцлог ч үүн рүү чиглэж байгаа бололтой. Үнэндээ аливаа улсын хөгжил тогтвортой байхын эх үндэс нь эх хэл, соёлын алтан цулбуурыг хэр чанга атгахаас шалтгаалдаг.  Миний тухайд монгол хэлийг компьютерт оруулах  төсөл дээр өнгөрсөн зууны 80-аад оноос  ажиллаж байна.   Ингэж ажиллахдаа би технологийн дэвшлийг ашиглаад монгол хэл соёлоо дэлхий нийтийн хүртээл болгох боломжийг монголчууд алдах учиргүй хэмээн санааширч явдаг даа.  Их хуралд илтгэл тавьж буй эрдэмтдийн байр суурь, чиг хандлага, хүсэл мөрөөдөл нь ч надтай ижил байгаа нь анзаарагдлаа. Энэ их сайн хэрэг.

-Би таныг саналаа. Та их тайлбар толийг бүтээлцсэн гадны цөөн эрдэмтдийн нэг шүү дээ.

-Баярлалаа.  Тийм ээ, 2010 онд  Шинжлэх ухааны академи Хэл зохиолын хүрээлэн хамтран хэрэгжүүлсэн "Их тайлбар толь” тө­сөл дээр ажиллаж,  тэрхүү толь бич­гийг Монгол Улсын Ерөнхийлөг­чийн Тамгын газарт хүлээлгэж өгөх үеэр байлцсан.

-Монгол хэл, соёл маань  цагийн салхинд "элэгдэж” өнөө үетэй золгохдоо олон талаар  гээгдсэн байдаг. Харин өвөрмонголчуудыг хэл, соёлоо хамгийн сайн манаж ирсэн ард түмэн гэцгээдэг.   Хоёр орны харилцаа сайжирсан эхний жилүүдэд бид та бүхний хэлийг сайн ойлгодоггүй байсан. Харин эдүгээ бид та нарын хэл аялгуугаар ярих бус та бүхэн бидэнд уусч орчин цагийн үгийг  өдөр тутамдаа ашиглаад зогсохгүй бидний аялгаар ярьж байгаа.  Энэ эмгэнэл үү, эсвэл дэвшил үү?

-Монголчууд өвөрмонголчуудыг өвөг дээдсийнхээ өв соёл, ёс заншлыг авч үлдэж чадсан хэмээн дүгнэдэг юм.  Үнэндээ бас тийм биш.  Өвөрмонголчууд цаг хугацааны эрхшээлд автан маш олон үнэт өв соёлоо  алдсан шүү дээ.  Монголчууд харин биднийг бодвол монгол хэл соёлоо биднээс илүү авч явж чадаж байгаа.  Жишээ нь, мал маллах монгол ухаан байна.  Бэлчээр ус, сүү, цагаан идээгээ боловсруулах гээд л.  Өнөөдөр манай нутагт таван хошуу малаа нэрлээд яс үеийг нь зөв нэрлэж тоолох хүүхэд тун цөөн. Харин Ар Монголын хөдөөд аж төрж буй малчны хүүхэд бүр үүнийг мэднэ, чадна.  Бүх зүйл сайн муу хоёр талтай шүү дээ.  Нөгөөтэйгүүр, БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр  өв соёлыг сэргээн хөгжүүлэх олон арга хэмжээг авч буйг би хэлэхийг хүсч байна. 

-Өв соёлыг сэргээн хөгжүүлэх тухайд таны оруулж буй хувь нэмэр?

- Би XIII зуунаас  хойших  үеийн  хөшөө дурсгал, бичгийн өв соёлыг цахимжуулах эх бэлтгэлийн  ажлыг хариуцан ажилладаг. Үүний зэрэгцээ монгол хэл, соёлоор магистр, докторын зэрэг горилж буй оюутнуудад хичээл заадаг. Одоогийн байдлаар, миний шавь нараас тав нь доктор болсон.   Мөн монгол хэлний цахимын сан бүрдүүлэлтийг санаачилсан. Эдүгээ төсөл хэрэгжиж буй. Шавь нарын  гурав нь  сан бүрдүүлэх хэсгийг хариуцан  ажиллаж байгаа. Дашрамд сонирхуулахад,  өдөр тутмын бүхий л  сониныг цахимжуулж, сан бүрдүүлсэн.  Одоо 1921 оноос хойших хуулийг цахимжуулах төсөл хэрэгжиж буй. "Халх журам” –аас авахуулаад Чингэс хааны үеийн хуулийн эхийг ч бэлдэх болно.   Энэ бүх  хөдөлмөр зүтгэлийг минь Монголын төр өндрөөр үнэлж, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, "Найрамдал” одонгоор шагнасан.

-Та ямархан хувь тохиолоор  монгол хэл, өв соёлтой холбогдов?

-Би бол ядуу, тарчиг малчин өвгөн, эмгэн хоёрын голомтод мэндэлсэн хүний орь ганц хүү.  Хэдийгээр миний эцэг эх хоёр бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс байсан ч хүү намайгаа идэхээ шингэлж, дээлээ нимгэлж байж боловсрол эзэмшүүлсэн буянтай буурлууд.  Би дөнгөж таван настайдаа хөршөөрөө үсэг заалгаж, бичиг үсэг тайлагдсан. Дараа нь хошууны сургуульд суусан.  Манай амьдрал маш тарчиг. Аргал хомоол зарж гэмээнэ сургуульд сурах зардлынхаа мөнгийг олдог байлаа.  Дээд сургуульд орсны хойно сайн багш нартай учирсан, би азтай хүн. Тэд маань л намайг хүний зэрэгтэй авч явсаар өнөөдөртэй золгуулсан ачтанууд.  Бас нэг аз тохиосон зүйл гэвэл би Хятадын соёлын хувьсгалын дараа дээд сургуульд элссэн анхны оюутнуудын нэг.

Монголын мэдээ
Ч.Чулуунцэцэг