Дархан-Уул аймгийн Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийнхэн Дархан дулааны сүлжээ, Дархан Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээ, Дарханы дулааны цахилгаан станц зэрэг байгууллагуудын өвлийн бэлтгэл ажилтай танилцав. "Дархан Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХК нь энэ жил зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтээр их засвар, техник хангамжийн олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Харин өвлийн бэлтгэл хангах зорилгоор 2016 оны төлөвлөгөөт их засвар, урсгал засвар, 1-8 дугаар багт шинээр буусан айлуудыг цахилгаанд холбох, аварын болон өвлийн их ачаалалд бэлтгэх нөөц материалын жагсаалтыг гарган, захиалгыг нэгтгэж, нөөц бэлэн болгох зэрэг 33 ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 80 хувьтай байгаа аж. Тус компани нь цахилгааны шугам сүлжээний хангамжийг сайжруулах зорилгоор 2.8 тэрбум төгрөгийн засварын ажлыг хийжээ. Гэсэн ч зарим бүтээн байгуулалт хийж буй байгууллагууд зам засвар, барилга байгууламжийн ажил гүйцэтгэхдээ шугам сүлжээг гэмтээдэг эргээд хариуцлага тооцоход хүндрэл гардаг тухай албаны хүн хэлж байлаа.