|

Засаг юу хийх нь тодорхой боллоо, цаг өгье

Засаг юу хийх нь тодорхой боллоо, цаг өгье

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр нэг иймэрхүү дүр зураг харагдаж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол тухайн намын бодлогын шууд илэрхийлэл байдаг билээ.  МАН-ынхан  УИХ-ын ээлжит  сонгуульд оролцохдоо  "Сонгодог зүүний бодлого барина, ард иргэдийн дунд үүсээд байгаа орлого зарлагын балансыг арилгана”  гэсэн амлалтаа  Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө хэрхэн яаж тусгасныг сонирхож үзлээ. Бодит амьдрал дээр иргэд макро төвшний үзүүлэлтийг биш, өөрсдийн амьдралд ирэх өөрчлөлтийг илүү үздэг. Хамгийн гол нь аливаа амлалт, мөрийн хөтөлбөр бодитой, хэрэгжих боломжтой байх учиртай. 


 
Ямартай ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлэх Засгийн газар  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д   Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрхийг эхэлснээс 60 хоногийн дотор УИХ-д мэдүүлнэ гэсний  дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулж дуусаад  УИХ-д өргөн мэдүүллээ.  Уг төсөл нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, нийгмийн, байгаль орчны тогтвортой хөгжлийн, засаглалын гэсэн үндсэн таван бүлэг, 381 заалтаас бүрдэж байгаа юм  байна.


 
Хөтөлбөр эдийн засгийн хүндрэлийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн нэгдүгээр үе шатны зорилтууд, эдийн засгийг эрчимжүүлж тогтвортой өсөлтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн хоёрдугаар үе шатны зорилтоос бүрджээ. Эхний шатанд богино хугацаанд эдийн засгийн хүндрэлийг тогтворжуулж макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн нөхцлөөс хамааралтай байдлыг аажмаар бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг зохистой хэлбэрээр зөөлрүүлж эдийн засгийн "дархлааг” сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.


 
Дараагийн шатанд тогтворжиж байгаа макро эдийн засгийн орчныг улам бэхжүүлж цаашдын тогтвортой өсөлтийн суурийг хангаж, эдийн засгийг эрчимжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хувийн хэвшлээ дэмжин эдийн засгийг тэтгэх явдал  гэж үзжээ.  Түүнчлэн  олон улсын байгууллагын өмнө гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, өмнөх авч ашиглаж ирсэн зээлийн төлбөрийг гүйцэтгэх, мөн цаашид урт, дунд хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн асуудлаар хамтран ажиллах  тухай асуудал урьдын адил нээлттэй байх юм байна.


 
Монгол Улсын эдийн засгийн нэг чухал үндэс болсон мал аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжих, малчин тариаланчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилтоор "Монгол малчин”, "Монгол мал”, малжуулах хөтөлбөр, "Атрын III” аян, "Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн”, "Мах сүүний анхдугаар аян” зэрэг томоохон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж.  Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн бүхий л зорилга арга хэмжээг хэрэгжүүлэхэд урьдчилсан тойм тооцоогоор 26.9 их наяд төгрөгийн хөрөнгө санхүүгийн эх үүсвэр шаардлагатай гэсэн тооцооллыг Сангийн яамны ажлын хэсгээс гаргажээ.  Эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан, гадаад худалдаа экспортын орлого буурсан, төсвийн зарлагыг хэмнэх шаардлагатай холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний хоёр жилд хөрөнгийн эх үүсвэр нэлээд их хэмжээгээр дутагдах, хүрэлцэхгүй байж мэднэ.


 
Иймээс эдийн засгийн хүндрэлийг даван туулах хугацааг аль болох богино хугацаанд авч хэрэгжүүлэн макро эдийн засгийн тогтворжилтыг хангаж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тааламжтай, тогтвортой орчныг бүрдүүлэх  явдал гэж тодорхойлсон байх юм. Засгийн газар Монголбанктай хамтран эдийн засгийн хүндрэлийг даван туулах Онцгой арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд макро эдийн засгийн болон гадаад зах зээлийн орчин тийм ч тааламжтай бус байгаа өнөөгийн нөхцөлд тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газар, Монголбанк төдийгүй хувийн хэвшил, ард иргэдийн идэвхтэй оролцоо чухал нь ойлгомжтой.


 
Үүний тулд төсвийг хэмнэлтийн горимд оруулж, төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зээл авахаас татгалзах, шинээр татвар авахгүй, татвар нэмэхгүй гэсэн бодлого баримтлах ёстой болов уу.  Нөгөөтэйгүүр,  бизнесийн орчинг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримталж, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс  бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг  90 хувиар бууруулах  аваас  жил бүр тасалдаж ирсэн төсвийн орлого эрх зүйн хувьд эрс буурах нөхцөл бүрдэнэ. Бас нэг анхаарал татсан зүйл бол  нийгмийн  халамжийн бодлоготой холбоотой асуудлууд.  Улсын төсвийн зардлын ихээхэн хувь нийгмийн бодлогод зарцуулагддаг. Энэ бүгд төсөв шаардаад зогсохгүй  татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжигдэгт л хэргийн учир оршино.


 
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлогод  нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээс гадна, оюутнуудад улирал бүр олгодог 70 мянгыг зогсоож, эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулахаар оруулж ирсэн нь иргэдийг ихээхэн бухимдуулах боллоо. Энэ талаараа  Сангийн сайд Б.Чойжилсүрэн "МАН-ын мөрийн хөтөлбөрт шинээр татвар нэмэхгүй гэсэн амлалт  бий.  Харамсалтай нь ингэж амласан ч улс орны байдал үнэхээр хүнд байгаа учраас цөөн хэдэн татвар нэмэх талаар ярилцаж байна. Тухайлбал, хувь хүний орлогын албан татвар дээр цалингийн хэмжээ нь 2.5 сая төгрөгөөс дээш бол 25 хүртэлх хувь, 2.5 саяас доош цалинтай бол урьдынхаараа буюу 10 хувийн татвар авахаар байгаа.


 
Гэхдээ цалингийнхаа 25 хувийг хасуулах хэсэг нь маш цөөхөн байгаа. Нийт цалин авдаг хүмүүсийн 0.1 хувьд ч хүрэхгүй байгаа юм шүү дээ.  Түүнчлэн Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх тухай асуудал ч яригдаж буй. Засгийн газраас судалгааны ажлын хэсэг гарч,  судалж байгаа. 


 
Тэтгэврийн сан маань өөрөө өөрийгөө санхүүжүүлж чадахаа больсон. Хүн амын насны бүтцээс шалтгаалаад жилд тэтгэвэрт гарч байгаа хүний тоо 15-20 мянгаар нэмэгдэх болсон.
 


Ийм нөхцөлд тэтгэврийн санд улсын төсвөөс өгч байгаа татаасын хэмжээ 400 орчим тэрбумд хүрчихээд байна. Тиймээс  нийгмийн даатгалын шимтгэлийг одоо мөрдөж буй журам буюу ажилчид өөрсдөө 10 хувь төлдөг байсныг 1-2 функтээр нэмэхээс аргагүй байдал үүссэнийг хэлье. Гэхдээ  энэ  удаагийн төсвийн тодотголоор ахмадуудад хатуу хандсан зүйл ерөөсөө байхгүй. Харин ч  эсрэгээрээ  ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах судалгаа, боломжийг хайж байна.  Хамтын тэтгэврийн тухай хуулийг энэ болон ирэх оны төсвийн жилд хэрэгжүүлэх санхүүгийн боломж байхгүй.


 
Багш, эмч нар тэтгэвэрт гарахад нь олгодог 36 сарын тэтгэмжийг бууруулсан нь шүүмжлэл  дагуулж буй. Эдийн засаг хүндэрчихсэн 2016, 2017 онд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байгааг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Ойрын хоёр жилдээ энэ мэт нийгмийн халамжуудаас татгалзахаас өөр сонголтгүй. Хэчнээн хичээгээд ч өгөх мөнгө алга .  Оюутны 70 мянгын тухайд энэ удаадаа бэлэн мөнгө олгохоо зогсоогоод оронд нь "Оюутны сургалтын төлбөрийн сан” гэж байгуулсан.


 
Энэ санг бий болгохын тулд улсын төсөвт 90 тэрбум төгрөг суулгасан. Ингэснээр оюутнуудад төрөөс үзүүлж буй дэмжлэгийг илүү бодитой зүйлд зарцуулна гэж тооцож байгаа юм.


 
Хүүхдийн мөнгийг төсвийн тодотголын төсөлд зорилтот бүлэг буюу нийт хүүхдийн 60 хувьд нь сар бүр 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно гэсэн шийдвэртэй байгаа” хэмээсэн  нь  ард түмнээ  2017, 2018 онуудад бүсээ  чангал, 2019 он УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх жил тул учир нь олдох байх гэснээс өөрцгүй сонсогдож байна. Нөгөөтэйгүүр,  бүх зүйл төсвийн тодотголоор шийдэгдэх юм шиг  төсөөлөгдөж байгаа ч үнэндээ  хэрэгжүүлэх хугацаа нь ердөө гуравхан сар. Төсвийн тодотголыг батлаад шийдвэрээ хэрэгжүүлж эхлэхэд есдүгээр сар гарч таарна. Тэгээд ч оны төгсгөл гэхэд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн алдагдал   дөрвөн их наяд төгрөг давах аж. 


 
МАН ядуурлыг бууруулж, иргэдээ ажилтай орлоготой болгох зорилтоосоо нэг алхам ухарч мэдэхээр байна.  Хөдөл¬мөрийн үнэлэмжийг дээш¬лүүлэх бодлогыг бүх салбарт баримтлана гэж байсан юм уг нь.  Харамсалтай нь, ДНБ-д цалин хөлсний эзлэх хувь буюу макро төвшний хуваарилалтын асуудлаа  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  дурь-даагүй орхижээ.  Үүнээс гадна   улсын төсвийн тодотголд хийж буй таналтууд зээлээ төлөхийн тулд хийж байгаа гэх мэдээлэл иргэдийг түгшүүлж эхэлсэн.  


 
Манай улс ирэх жилээс "Чингис”, "Самурай” бонд болон бусад өр, төлбөрөө төлнө.  Хамгийн эхэнд 2017 оны гуравдугаар сарын дундаас эхлээд Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх шаардлага үүсчихээд байдаг. Харамсалтай нь, Монгол Улсын Засгийн газарт энэ их зээлийг төлөх хэмжээний мөнгө байхгүй. Тэгэхээр зээл авч байж өмнөх зээлээ төлөх зарчмаар явахаас өөр гарцгүй   одоогоор харагдахгүй л юм. Үүнд бодлогын хүү ч нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Монголбанк бодлогын хүүгээ огцом нэмсэн нь мэдээж сайн алхам биш. Бодлогын хүүг нэмнэ гэдэг нь зээлийн хүүг нэмнэ л гэсэн үг шүү дээ.


 
Гэхдээ аргагүйдээ ийм арга хэмжээ  авсан хэмээн Б.Чойжилсүрэн сайд талбарлаж буй. эцэст нь хэлэхэд,  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хоёр хэсэгт хуваан хэрэгжүүлнэ. Ингэхдээ  эхний үе шатаа   18 орчим сар үргэлжлэх болов уу гэсэн таамаглацгааж буй.  Тэгэхээр  энэ удаагийн  Засгийн газар хүнд нөхцөлд  ажиллах нь. Гадаад шахалт их байх нь ч мэдээжийн асуудал. Нөгөөтэйгүүр, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар сайн муу ажиллах нь  УИХ дахь АН-ын нөхдүүдээс ихээхэн хамаарна. Улс орны хувь заяатай холбоотой чухал шийдвэрүүдийг Байнгын хороогоор хэлэлцэх үед албан ёсны сөрөг хүчин болох  АН  жинхэнэ сөрөг хүчний байр суурьтай байж гэмээнэ үр дүн нь гарна. Ерөөсөө намын  амлалт Засгийн газрын  мөрийн  хөтөлбөр хэрхэн яаж хэрэгжихээс л ихээхэн хамаарна шүү дээ.


 Эх сурвалж: http://mminfo.mn/