Талхаа таллаж, тосоо граммлаж байгаа иргэдээсээ татвар авах нь зөв үү
Ерээд оноос өмнө бүгд тэгш амьдралтай байлаа. Хэт баян, хэт ядуу гэж байсангүй. Хөдөлмөрчин ард нь бүгдийг нь тэгш амьдруулахын тулд зүтгэсээр. Харин ардчилал ялж бидэнд хөдөлмөрлөж чадсан хүн сайхан амьдрах боломжтой гэдгийг ухааруулсан. Шуудхан даа залхуу бол хог түү, ажилтай бол барилга барь, сайхан амьдар гэдгийг л ойлгуулсан. Гэвч төр засгийн явуулж буй бодлого, буруу шийдвэрүүдээс болоод залхуу хэсэг бат оршин тогтнож, ажилтай хэсэг халамжинд дурлах болов. Яг үнэнийг хэлэхэд ажил хийх ямарч нөхцөлгүй болох шинжтэй. Сарын цалин амьдралд хүрэлцэхгүй. Арай ахиу цалинтай ажил дээр танил тал, арын хаалга. Өөрөө хичээгээд хувийн бизнес хийхээр элдэв татвар дарамтаас салахгүй. Одоо сүүлдээ авдаг цалингаар минь ялгаварлаж татвар авдаг болох шинжтэй. Ийм байхад хэн хөгжил дэвшилд санаархаж, сайхан ирээдүйг мөрөөдөх вэ?
МАН иргэдийн халаасыг хэрхэн тэмтрэх вэ?
Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлнэ. Одоогоор иргэд орлогынхоо 10 хувийг тушаадаг. Тэгвэл энэ заалт хэрэгжиж эхэлснээр жилийн 30 саяаас дээш буюу сард 2.5 саяас дээш төгрөгийн цалин авдаг бол 25 хувийн татвар төлдөг болох юм байна. Мөн автомашинаас авах татварын хэмжээг улам л нэмэгдүүлэхээр боллоо. Ашигласан жилээс хамаараад л татварын хэмжээ нэмэгдсээр л байх юм. Ер нь үйлдвэрээс гарч буй цоо шинэ л автомашин унаж чадахгүй юм бол татвар төл гэдэг бодлогыг баримтлах нь. Түүнчлэн та хадгаламжтай бол түүнээс тань татвар авна. Мөн үл хөдлөх хөрөнгөтэй бол бас л татвар авна. Яг ямар шаардлага шалгуурыг давсан хүмүүс татвар төлөх вэ гэдэг мэдээ, мэдээллийг олоод уншчихсан байлгүй дээ. Тиймээс түүнийг нарийн нуршаад яах вэ.
Хамгийн гол нь МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт "татвар нэмэхгүй” гэж маш тодорхой, ойлгомжтойгоор зааж тусгасан байсан ч энэ амлалт даа хүрч чадахгүй гэдэг нь ойлгомжтой боллоо. Мөн өрхийн дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай тусгасан байсан. Өрхийн орлого нэмэгдээд яах вэ дээ. Нэмэгдэх тусам л татвар нь өсөх нь байна шүү дээ. МАН "Манай улс бусад улсуудыг бодвол харин ч бага татвартай. Бидний нэмж буй татвар иргэд, татвар төлөгчдөд дарамт бага учруулна” хэмээн сонгуулийн өмнө ярьж байснаасаа шал өөр тактик хэрэгжүүлээд эхэлчихлээ.
МАН боловсон хүчний хямралд орчихож
Өөрсдийгөө бусад намуудаа бодвол мэдлэг чадвартай, бэлтгэгдсэн боловсон хүчинтэй хэмээн гайхуулдаг МАН тэднийхээ боловсруулсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч ухарч байх шиг байна. Монгол улсын эдийн засаг ямар байдалтай байгаа. Цаашид ямар ирээдүй хүлээж байгаа. Иргэдийн амьдрал хэрхэн дордсоныг МАН мэдэж л байсан. Тиймээс ч мөрийн хөтөлбөртөө эдийн засгийг сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ... гэхчлэнгийн төлөвлөгөөнүүдээ тун гаргацтай тусгаж өгсөн байсан. Гэвч энэ нь зүгээр л санал авах тактик байв уу. Эсвэл магтан сайшаадаг боловсон хүчин нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чадваргүй байж уу.
Өнөөдөр харахад МАН боловсон хүчний хямралд оржээ л гэж дүгнэмээр байна. Үүний тод илрэл нь хэнд ч гай бололгүйгээр өөрийнхөө хүч хөдөлмөрөөр амьдарч, улс даа бага болов татвараа төлөөд амьдарч байгаа иргэдээ "дарамтлах” бодлого боловсруулсан Сангийн сайд Б.Чойжилсүрэн юм.
Бизнесийн хар ухаанаар улсыг удирддаггүй юм
Улс орныг чирч яваа хөдөлгөх хүчинд захын гадаа архи ууж өдөр хоногийг өнгөрүүлж буй хүмүүс, эсвэл гадны банкны хөрөнгөө хадгалж, далайн эрэгт биеэ шарж буй хөрөнгөтөн ордоггүй. Хөдөлгөх хүчинд сар бүр цалингаа хоёр хувааж авдаг ажилтан албан хаагчид, тэднийг ажиллуулдаг төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, татвар төлөгчид ордог юм. Гэтэл хар ухаантай сайд энэ хөдөлгөгч хүчийг дарамталж, энэ хөдөлгөгч хүчээс татвар авснаар Монгол Улс хямралаас гарч, эдийн засаг сайжирна гэж үзсэн байна.
Нуруун дээрх ачаагаа дааж ядан, чичирхийлж байгаа хөдөлгөх хүчинд дахин ачаа нэмэх санааг л автомеханикч олж л дээ. Түүнээс өөр юу ч хүсэх билээ. Мэргэжлийн, ядаж эдийн засгийн А-тай хүн байсан бол хөдөлгөгч хүчнийхээ ачааг хөнгөлж, үр дүнг нь нэмэгдүүлэх байлаа. Тухайлбал яг ийм жишээг АНУ туршиж байж. Ерөнхийлөгч Рейганы үед татварыг нэмэх бус харин ч бууруулж өгснөөр эдийн засаг нь идэвхжиж, иргэдийн орлого нэмэгдэж, хямралыг даван гарсан түүхтэй. Харин манайх эсрэгээрээ татварыг нэмж сульдсан ард түмнийхээ нуруун дээрх ачааг л нэмэх нь зөв гарц гэж харсан байх юм. Хар ухаантай хүнийг томилсоны гавьяа байх гэж дүгнэхээс өөр юу ч гэх вэ дээ. Гэвч татвар нэмснээр улсын төсөвт ердөө 200 тэрбум төгрөг л нэмэгдэх юм байна. Энэ мөнгөөр юу хийж болох вэ. АН-ын Засгийн газрын үед тавьсан өрүүдээс нэгийг нь ч дарж дийлэхгүй. Харин хүүнд өгч болох байх. Гэвч МАН-ын Засгийн газар энэ мөнгөөр дэд сайд нарынхаа цалинг тавиад л дуусах биз.
Иргэдээс авсан татвараас дэд сайд нараа эрхлүүлнэ
Эдийн засаг хүндэрч, улс орон хямралд орчихлоо гэж амтай болгон үгэлж байгаа ч яг үнэндээ тийм зүйл болоогүй юм биш үү. Улс хямралтай, төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүй байгаа бол дарга нарын өрөөг чимж, сандал ширээг нь солих шаардлага байсан юм уу. Үнэхээр цалин ч тавих мөнгөгүй болчихсон юм бол дэд сайд гэх илүү албан тушаалаар яах юм бэ.
Тэгээд ч АН-ын Засгийн газрын үед "дэд сайд бол шагналын албан тушаал” гээд хүлээн зөвшөөрч, төсвөөс гарах цалингийн зардлыг бууруулахын тулд дэд сайд гэх албан тушаалыг хасч байсан. Гэтэл хямралтай улс орон хүлээн авчихаад шагналын албан тушаалаа марталгүй дахин сэргээж байгааг юу гэж ч ойлгохоо мэдэхгүй юм. Магадгүй татвараас орж ирсэн мөнгөөр л эдгээр дэд сайд нараа цалинжуулах гээд байгаа юм болов уу. Түүнээс одоогийн улсын төсөвт дэд сайд битгий хэл дээд албан тушаалтанд илүүчлэх хөрөнгө байхгүй МАН ч , мань ч мэдэж байгаа юмдаг.
Энэ байдлаар цааш үргэлжилбэл "бүтэхгүй” гэдгийг УИХ-д суудалтай МАН-ын гишүүд ч хэлж шүүмжилж байна. Ер нь юу ч үгүй гэчихээд 600 гаруй тэрбум төгрөгийн илүү зарлага төлөвлөөд орж ирж байгаа төсвийг хэн сайн гэж хүлээн авах юм бэ. Хар ухаантай хүн л байхгүй төсвийг 600 тэрбум төгрөгөөр давуулан олох юм байна. Харин түүнийг нь бүрдүүлэхийн тулд иргэд бид сүүлчийн дусал усаа гарч дуустал мушгиулах нь дээ. Хөл дүүжлэх унаатай байж болохгүй, хүн шиг орон гэрт амьдарч болохгүй, дундажаас дээш цалин авчихвал илүү татвар төлдөг ийм л нийгмийг тэд бүтээв. Бид ийм л нийгэмд амьдарч байна.
Амар