|

Цас хайлуулах бодисыг хүрэлцээтэй нөөцлөхийг үүрэг болгов

Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас эрхлэн долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг шуурхай хурлаа хийлээ. Энэ удаагийн хурлаар өнгөрсөн долоо хоногт аймгийн хэмжээнд өрнөсөн үйл явдлыг тоймлон танилцуулж төрийн байгууллагуудын ажил хэвийн үргэлжилсэн гэж танилцуулав.

Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтсээс хийсэн мэдээлэлд бэлчээрийн уст цэг болон худгийн ашиглалт хангалтгүй байна гээд сумдын бэлчээрт байгаа худгууд усгүй учир хаалттай байгааг судалгаагаар тогтоосон гэж танилцууллаа. Мөн тус тамгын газрын Нийгмийн Хөгжлийн хэлтсээс "Нийгмийн үйлчилгээг-танд” сарын аяны хүрээнд зорилтот бүлгийн иргэдэд хандсан ажилд төрийн байгууллагыг идэвхтэй оролцохыг уриалав. Аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас Дархан хотын төв гудамжуудад шаардагдаж байгаа цас хайлуулах бодис, ажилчдын өвлийн хувцасны хангалт зэрэгт хөрөнгө хэрэгтэй байгааг тус газрын дарга Г.Гантулга танилцуулж шийдвэрлэж өгөхийг аймгийн удирдлагуудаас хүслээ.

Түүнчлэн аймгийн ЗДТГ-ын ажлын эрхлэх хүрээний агентлагийн дарга нар тус бүрдээ мэдээлэл хийж танилцуулсны дараа аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат:-"Золбин нохой устгах ажлыг эхлүүлэх, НААҮГ-ын өвлийн бэлэн байдлыг хангаж хотын төв замын цас хайлуулах бодис болон элс хайрга хүрэлцээтэй нөөцлөх нь зүйтэй. Аймгийн Ус, цаг уур, Орчны шинжилгээний албанаас ирүүлсэн мэдээгээр манай аймаг энэ өвөл зудын эрсдэлтэй бүсэд орж байгаа учраас малчид, мал бүхий иргэдэд сэрэмжүүлэг хүргэж ажиллахыг бүх сумдын удирдлагуудад үүрэг болгож байна” гэв. 

                                                                Б.Норовсамбуу