Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын энэ утгагүй аяглал үнэн хэрэгтээ монголчуудаас уучлалт гуйсандаа биш гэдгийг олон нийт харж буй. Зөвхөн Дэлхийн чөлөөт бөхийн холбооны өмнө нэр нүүр олох гэсэн оролдлого гэдэг нь харагдаж байна. Олимпийн дэвжээнд юу болсныг дэлхий нийтээрээ харсан. Г.Мандахнаран хэрхэн барилдсан, шүүлт яаж явагдсан, барилдааны дараа ордны болоод дэлхий нийтийн хандлага ямар байсан гээд бүгдийг монголчууд харсан. Хоёр дасгалжуулагч ч юуны төлөө тэмцсэнийг монгол хүн бүр ойлгож байгаа. Чөлөөт бөхөөр 18 жил хүч, хөдөлмөрөө шавхсан шавийнхаа төлөө тэмцсэн. Цаашлаад Монгол гэх улсын нэр нүүрийн төлөө чадах зүйлээ хийсэн. Чөлөөт бөхийн төлөө 20 гаруй жил зүтгэсэн багш нар шүүлтэд луйвар орж, Монголын тамирчин олимпийн медалиа булаалгаж байгааг хэлж, тэмцэж байхад Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, А.Сүхбат нар юу хийж байсан юм бэ. Тэд яагаад нэг ч үг дуугараагүй юм бэ. Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж "бүхнийг тэгээс эхлэх ёстой” хэмээн олон тамирчин, багш нарын хүч хөдөлмөр, өнгөрсөн хугацааны амжилтыг үгүйсгэж л суусан.
Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эрхийг хоёр жилээр хассан гэнэ. Чөлөөт бөхтэй холбоотой бүхий л арга хэмжээнд тэднийг оролцохыг хориглолоо. Хоёр багшаар туг тахиж, ард түмнээс уучлалт гуйсан дүр эсгээд чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хариуцлагаас зугтлаа. Үнэн хэрэгтээ Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, удирдлагууд нь хариуцлага үүрэх ёстойг нь хэлээд өгье. Тамирчдадаа ялгавартай хандсан, олон хүний хүч хөдөлмөрийг үгүйсгэсэн, тамирчин, эх орныхоо төлөө нэг ч үг дуугараагүй, холбоогоо нэгдмэл байдлаар удирдаагүй гээд тэднээс хариуцлага нэхэх олон асуудал бий. Олимпийн үеэр Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж хариуцлага хүлээж, ажлаа өгөхөө хэлсэн. Харин одоо тэр хариуцлагыг хоёр багшид тохоод өөрөө үлдэж хоцорлоо.
Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын нэг УИХ-ын гишүүн А.Сүхбат хурал дээр дасгалжуулагч Ц.Цогтбаярыг "Чадал чинь хүрвэл миний өмнө ирээд шалдлаадах. Дотоожоо тайл” гэж басамжилжээ. Ийм хариуцлагагүй, дор үзсэн удирдлагатай холбоонд харьяалагдаад, тив дэлхийн тэмцээнд эх орныхоо төлөө хөлс хүчээ урсаж буй тамирчид, дасгалжуулагчдыг өрөвдөхөөс өөр яалтай. Чөлөөтийнхөн үнэхээр бор зүрхээ хөдөлмөрлөдөг аж. Тэднийг хамгаалах, тэдний төлөө дуугарах холбоо байхгүйтэй адил гэдгийг харлаа. Д.Дагвадорж тэргүүнтэй Монголын чөлөөт бөхийн холбоог Х.Баттулгын удирддаг жүдо бөхийн холбоотой харьцуулаад ч хэрэггүй юм байна.
В.Хэрлэн
Эх сурвалж:Shuud.mn
Линк: http://www.shuud.mn/content/read/472860.htm