|

Дархан-Уул аймгийн засаг дарга А.Энхболд: Д.Хаянхярваа бол Дарханы "Эзэн Хаан"

Дархан-Уул аймгийн шинэ засаг дарга А.Энхболд ажлаа авсан даруйдаа Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга нараа нэгэн зэрэг халж, халагдах өргөдөл бичүүлсэн.

Улмаар Тамгын газрын дарга Д.Будхүүд Хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ажилтан албан хаагчдын дунд халаа сэлгээ хийж, өөрийн талын хүнийг албанд ав хэмээн шахалт үзүүлснээс Тамгийн газрын дарга суудлаа өгөөд хот буцсан гэх мэдээлэл манай сайтад ирсний дагуу манай сурвалжлах багийнхан өчигдөр Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ.

Биднийг Дархан-Уул аймагт очиход халаа, сэлгээний гол зангилаа н.Нэмэхбаяр гэх залуу хүлээж авсан бөгөөд өөрийгөө Мэдээлэл, технологийн албаны дарга хэмээн танилцуулаад Засаг даргыгаа иртэл биднийг хүлээж авч уулзсан юм.

Мэдээж түүнийг шинэ засаг А.Энхболдтойгоо өмнөх сонгуулийн үеэр хамтран ажилласныхаа дүнд тушаал нь ч гараагүй байхдаа өнөөдрийн Мэдээлэл,технологийн албаны даргын суудлыг хүчээр булаан авсан тухай мэдээлэл байгаа учраас Засгийг хүлээх зуураа түүнээс зарим зүйлийг тодруулав.

- Таныг Мэдээлэл, технологийн албаны даргаар ирж ажиллах саналыг хэн тавьсан бэ?

-Засаг дарга өөрөө тавьсан. Тэгээд тэр саналынх нь дагуу ирж ажиллаж байна.

- Өнгөрсөн сонгуулийн үеэр таныг А.Энхболдын талд ажиллаж байсан учир Мэдээлэл технологийн газрын дарга болсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Худлаа мэдээлэл байх. Би өмнө нь одоогийн засаг даргыг таньдаггүй байсан.

- Тэгвэл таньдаггүй байсан хүн танд энэ албан дарга болох саналыг яаж тавьсан болж таарах вэ?

- Би сайн мэдэхгүй байна. Тэрийг өөрөөс нь асуучих.

- Өмнө нь Мэдээлэл, технологийн даргаар ажиллаж байсан Н.Мөнхбаярыг халах тушаал гараагүй байхад таныг хүчээр ажлыг нь булаасан. Одоо ч таны нэр дээрх тушаал гарч амжаагүй гэх мэдээлэл байна?

- Одоо энэ албан тушаал дээр ажиллаж байгаа юм чинь мэдээж тушаал нь гарчихсан байлгүй дээ. Нарийн ширийнийг Засаг дарга ирэхээр өөрөөс нь асуучих уу?

- Та энэ албан тушаалд ирэхээсээ өмнө ямар ажил эрхэлдэг байсан бэ?

-Би хувиараа юм хийж байсан. Засаг дарга гол хариултуудыг өгөх байх. Би бол энэ халаа, сэлгээний асуудал дуусаад явах нь яваад, ирэх нь ирсний дараа ирсэн учраас нарийн ширийнийг сайн мэдэхгүй байна.

- Тэгвэл Дархан хотын иргэний хувьд төрийн албан хаагчдын халаа, сэлгээний асуудлыг юу гэж харж байна вэ? Ажлын бүтээмжийг сайжруулахын тулд шинэчлэл хийсэн гэж бодож байна уу, эсвэл аль нэг намын халаа, сэлгээ гэж дүгнэж байна уу?

-Миний бодол гэж байхгүй шд. Энэ дээр би өөрийнхөө саналыг хэлэх боломж байхгүй” хэмээгээд Засагтай ярьчихаад ирье гэсээр удтал гарч явсныхаа дараа "Даргын бүтээн байгуулалттай танилцах ажил одоо л эхэлж байна гэнэ. Та нар өөрсдөө Засгийн байгаа газарт яваад очих уу” хэмээснээр бид Дархан-Уул аймгийн засаг даргын байгаа газар гэх хотоос нэлээд зайдуу төв статионыг зорьлоо.

Гэвч зорьсон газраа хүртэл хэн ч байхгүйн дээр Засаг даргатай хамт яваа гэх н.Мөнхгэрэл гэх бүсгүйтэй утсаар холбогдож хаана байгааг нь лавлахад "Даргыг ажлаас нь дуудлаа гээд машинаа унаад түрүүлээд явсан. Нэлээд сандруу буцаж харагдсан. Бид нар одоо гэрлүүгээ харьж байна” гэсэн юм.

Гайхсан бид ч хэсэг тээнэгэлзээд н.Нэмэхбаяртай эргэн холбогдоход "Дарга сая орж ирж байна. Та хэд шууд Засаг даргын Тамгын газарт хүрээд ир” гэв. Мэдээж, засаг даргыгаа тэнд, энд явна хэмээн биднийг өдөржин нааш цааш нь явуулах ажилчдын яриаг чагнаад хотоос гарсан сэрдлэг маань ч улам лавшраад амжив.

Туулах замын уртыг хэлэх үү, төөлөх зорилго сэжигтэйг хэлэх үү, Дарга нь н.Нэмэхбаяртай ярьсан асуудлыг сонсчихоод маапаанаа дарах гэж түрүүлээд давхичихав уу, яагаад биднээс тойрч зугтаад байна хэмээсээр бид Засгийн үүдэнд тулан очиход иргэдтэй уулзаж байна гэх мэдээллийг нарийн бичиг болоод үүдэнд нь хүлээж суугаа болов уу гэмээр дипломат хувцастай 2 залуу хэллээ.

Энэ үед цагийн зүү хэдийнэ 19 цаг дээр очсон байсан тул иргэдтэй уулзаж байна гэх хариуг сонсоод таамаг маань улам шавширлаа. Ингээд хүлээж хүлээж, хоёр цаг суусны дараа ашгүй Засаг дарга гарч ирж, биднийг хүлээн авч уулзахаар болсон юм.

-Манай улсад томоохон албан тушаал дээр очвол халаа сэлгээ хийж, багаа бүрдүүлдэг гэх бичигдээгүй хууль үйлчилдэг болжээ. Таны хувьд ч мөн ялгаагүй, суудлаа аваад сар ч болоогүй байж төрийн албыг төрлийн алба болгож байна гэх шуум тараад байна. Энэ тал дээр тайлбар хийхгүй юу?

- Намайг ажлаа авсан эхний өдөр 5 хүн ажлаас гарах өргөдлөө өгсөн. Засаг даргын тамгын газрын дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга гэх мэтчилэн 5 хүн суудлаа өгсөн. Гэхдээ төрийн алба гэдэг бол залгамж халаа, өөрийн гэсэн хууль дүрэм журамтай газар. Ялангуяа Засаг даргын Тамгын газрын дарга надтай 1 удаа ч уулзаагүй байж 5 хүний дотор өргөдлөө өгөөд гарсан.

Угтаа төрийн алба гэдэг бол шинэ хүн ирж байхад уулзаад, хийсэн ажлаа танилцуулаад, хүлээлцээд, ёс зүйтэй, дэгтэй байх ёстой. Иймд миний зүгээс дээрх хүмүүсийг төрийн ажил хийх сонирхолгүй байжээ. Зөвхөн хуучин засаг даргатайгаа хамтарч ажиллах, тэр хүний баг болж ажиллах л сонирхолтой байсан гэж харж байгаа юм.

- Гэтэл бидэнд ирсэн мэдээллээр таныг Тамгын газрын даргадаа Хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ажилтан, албан хаагчдыг хал гэж дарамт үзүүлснээс Д.Будхүү өөрөө ажлаа өгсөн гэх мэдээлэл байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

- Худал мэдээлэл. Энэ хүн бол "Ар гэрийн шаардлагаар энэ ажлыг хийх боломжгүй байна” гэдгээ хэлээд өргөдлөө өгөөд гарсан хүн. Хэрэв шаардлагатай бол өөртэй нь уулзаад асууж тодруулж болно.

-Тэгвэл албан тушаалаа авснаас хойш нэг ч халаа, сэлгээ хийгээгүй гэж ойлгож болох уу? Өөрсдөө л ажлаасаа гараад явчихсан хэрэг үү? Тэгсэн хэрнээ бидэнд хандсан байдаг?

- Бас тэгж хэлж болохгүй. Нэг ч цомхотгол хийгээгүй, ганц ч хүнийг солиогүй гэдэг яриа байх ёсгүй. Ер нь бол бид төрийн албыг хуульд нийцүүлж хариуцлага тооцоод, халаа сэлгээгээ хийгээд явъя гэж төлөвлөж байна. Жишээлбэл, энд иргэдээс ирсэн санал гомдлыг хэн сонсч байна, хэн шийдэж байна, хэн гацааж байна гэх асуудал ойлгомжгүй байдаг. Энэ асуудлыг авч үзсэний дүнд Засаг даргын тамгын газрын үүдэнд 70371212 гэдэг утсыг ажиллуулж, иргэдийн санал гомдлыг авч эхэлсэн. Гэтэл энэ утсаар иргэдийн гомдлыг хүлээж авч байгаа ажилтан байдаггүй.

Иймд бид нэг цэгийн үйлчилгээн дээрээ 2 хүнийг оператор маркаар ажиллуулж эхэлсэн. Энэ нь эргээд смарт сити гэх ухаалаг технологитойгоо холбогдоно. Өөр дээрээ байлгана, зохих шийдлүүдийг нь гаргаад өгнө.

-Дархан-Уул аймагт төрийн бүх томоохон албан тушаалтнууд намын тохироогоор солигдоод байна гэх хардлага ч иргэдийн дунд байна?

- Тийм асуудал байхгүй. Ер нь бол оногдсон ажлаа хийсэн шиг хийж байгаа хүнтэй ярих асуудал байхгүй. Жишээлбэл, энд агентлаг, хэлтсийн дарга нар хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэггүй. Зөвхөн дунд шатны албан хаагчид л хуруугаа хийгээд, ирцээ бүртгүүлээд байдаг. Тэгэхээр энэ нь эргээд хариуцлагыг алдагдуулаад байгаа юм. Иймд бид бүх хүнийг бүртгэлд оруулдаг байхаар нэр, усыг нь өглөө. Дээр нь агентлагийн дарга нар хаана яваа нь мэдэгддэггүй.

Тухайлбал өмнө нь ажиллаж байсан Тамгын газрын дарга Гадаад харилцааны мэргэжилтэнгээ 25 хоногийн сургалтанд явуулж байх жишээтэй. Энэ дээр нь хумих бодлого явуулж байгаа, хариуцлагыг тооцож эхэлсэн. Ер нь иргэдийнхээ дуу хоолойг сонсдоггүй, шийдвэр гаргадаггүй хүмүүстэй цаашид ч хариуцлага тооцох болно.

-Таны ярьж байгаагаас харахад өндөр албан тушаалтнууд өөрсдөө өргөдлөө өгөөд гарчихсан ч юм шиг, эсвэл ажлаа хийж чадахгүй байна гээд та ажлаас нь халчихсан ч юм шиг харагдаад байна. Яг аль нь үнэн юм бэ?

- Энд ганцхан жишээ хэлье. Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан гэж хүн бий. Тэр хүн ажлаас гарахдаа "Та намайг битгий халаарай. Яагаад гэвэл би төрийн албанд ажиллах эрхгүй болчихно. Би өөрөө өргөдлөө өгье. Ингэснээрээ би цаашид төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэх юм байна” гэж хэлээд өргөдлөө өгсөн байгаа.

-Гэтэл бидэнд ирсэн мэдээллээр Хөгжлийн бодлогын хэлстийн дарга С.Баясгаланг ажлаас нь халахын зэрэгцээ төрийн албанд ажиллах эрхийг нь нэг жил хассан байна. Гэтэл таны зүгээс өөрөө өргөдлөө өгөөд гарсан гэх юм?

- Би хууль тогтоогоод, хуулийг зогсоогоод, энэ хүн 1 жил төрийн албанд ажиллаж болно. Энэ хүн болохгүй гэж ярьдаг албан тушаалтан биш. Энд аудитын шалгалт хийгдээд, эхнээсээ Авлигалтай тэмцэх газар шалгагдаж явж байна. Тийм болохоор би энэ үндэслэлээр л халсан.

- Тэгвэл Мэдээлэл, технологийн газрын хуучин даргыг яасан юм бэ? Нэг л өдөр ажилдаа ирэхэд нь бүх юмыг нь н.Нэмэхбаярт хүлээлгээд өгчихсөн, дахиж битгий ир гэж хэлсэн гэдгийг эх сурвалж баталсан. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?

- Мэдээлэл технологийн албаны дарга Н.Мөнхбаяр маань ажлаа хийгээд цалингаа авч байгаа.

- Биднийг Дархан-Уул аймагт ирэхэд н.Нэмэхбаяр хүлээж аваад өөрийгөө Мэдээлэл технологийн албан дарга гэж дөнгөж сая танилцуулсан. Гэтэл таны ам зөрөөд байна?

- Ер нь бол хуучин албаны дарга Н.Мөнхбаяр ажлаа хийж байгаа. Ямар нэгэн шийд гаргаагүй. Зүгээр н.Нэмэхбаярыг төсөл дээр ажиллуулж байна.

- н.Нэмэхбаяр өмнөх сонгуулийн үеэр тантай хамтарч ажиллаж байсан шүү дээ. Тэгэхээр энд ашиг сонирхлын зөрчил байна гэж хардах бүрэн үндэслэлтэй байх?

- Надтай өмнөх сонгуулийн үеэр ажиллаж , миний хувийн багт орж байсан юм байхгүй. Би өөрөө МАН-ын гишүүн хүн. н.Нэмэхбаяр МАН-ын хороонд ажиллаж байсан. Тийм учраас би авчраад энэ албан тушаалд тавьсан юм байхгүй. Үүнийг Тамгын газраас шийднэ.

- Энэ албанд ирж ажиллах саналыг таныг тавьсан гэж н.Нэмэхбаяр өөрөө хэлсэн юм л даа?

- Наад хүн чинь худлаа ярьсан байна. Би энэ хүнд санал тавиагүй. Тамгын газрын даргатай өөрөө ярилцаад л шийдүүлсэн асуудал. Д.Будхүү гэдэг даргатай.

Ер нь та нар чинь ийм зохион байгуулалттай, даалгавартай юм шиг нэг асуудлаа ухаад, боорлоод дайраад байж болохгүй. Тэр хүний эрх ашгийн үүднээс яваад байгаа юм бол. Ганцхан асуудлыг ухаад байгаа чинь их сонирхолтой санагдаад байна. Эсвэл хэн нэгний даалгавраар яваад байгаа бол ямар даалгавартай яваа үнэнээ хэлчих.

-Тийм асуудал огт байхгүй. Нэгэнт энэ асуудал танд эвгүй байгаа бол шуудхан сүүлийн асуултаа тавья. Таныг Засгийн суудлыг авахтай зэрэгцээд Дархан-Уул аймгийн голлох албан тушаалтнууд бүгд суудлаа өглөө. Үүнийг удирдан зохион байгуулах чадваргүйнх гэж үзэж байна уу, аль эсвэл танай аймагт төрийн албан хаагчдын ашиг сонирхлын зөрчил гаарсан гэдгийг харуулж байна уу?

- Төрийн албыг хийе гэж байгаа хүмүүс ирж уулзаад ажлаа хийж болно. Энэ асуудал бол хуультай, дүрэмтэй. Зүгээр байгаа хүнийг чамайг халлаа гэж болохгүй. Гэтэл хуучин засагтайгаа нэг баг болж ажиллах сонирхол байснаас бус Дархан хотын хөгжлийн төлөө ажил хийе гэдэг сонирхол тэр хүмүүст байхгүй байсан байна.

Бод л доо, надтай уулзахгүйгээр 5 хүн зэрэг өргөдлөө өгөөд явна гэхээр юу харагдаж байна. Гэтэл дарга нь огцрохоор өргөдлөө өгөөд явна гэдэг бол зөвхөн С.Насанбат гэдэг хүнтэй хамтарч ажиллах ашиг сонирхол байжээ л гэж харагдаж байгаа юм.

-Тэгэхээр Дархан-Уул аймгийн засаг захиргааны нэгжид ашиг сонирхлын зөрчил бүр гүндээ ортол нэвчсэн байжээ дээ?

- Ер нь бол нэг л зүйлийг шударгаар хэлье. Энэ УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бол Дарханы эзэн хаан болсон хүн. Дарханд 20, 30 жил удирдах албан тушаалыг хашсан. Ёстой төрлийн алба болгосон хүн.Хаана л газрыг нь авна, өгнө энэ хүнтэй холбоотой.

Дээр нь сургуулийн цэвэрлэгчийн томилгоог хүртэл энэ хүнээс асуудаг юм, дарханчууд мэднэ. Харин намайг ирэхтэй зэрэгцээд бүх удирдах албан тушаалтнууд суудлаа өгсөн нь тэр хүний хууль бус үйлдэл илчлэгдэх вий гэдгээс айсан юм болов уу л гэж харагдаж байгаа юм. Би бол энд ажил хийх гэж л ирсэн.

-Тэгвэл УИХ-ын гишүүний гар хөл бологчдыг халаад байхаар ямар нэгэн дарамж шахалт ирж байна уу?

-Би бол хэн нэгний утсан хүүхэлдэй биш. Би хуулиа л барина, иргэдийнхээ төлөө ажиллана. Ямар ч эрсдэл ирсэн айхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.


 

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn