|

Дархан-Уул аймгийн алслагдсан гэр хорооллын хүүхдүүд сургуульдаа зориулалтын автобусаар үнэгүй зорчдог боллоо

Дархан-Уул аймгийн алслагдсан гэр хорооллын хүүхдүүд сургуульдаа зориулалтын автобусаар үнэгүй зорчдог боллоо

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1, 16 дугаар сургууль, 23 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөр оролцож эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэн  сурлагын амжилт хүслээ.

2016-2017 оны хичээлийн жил Дархан-Уул аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид 2140 хүүхэд элсэн орсон бол 7000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. 

Энэ жил аймгийн Засаг даргын тамгын газраас гэр хорооллын алслагдсан айл өрхийн хүүхдүүдийг сургуульдаа, хичээл тараад гэртээ аюулгүй шуурхай хүргэхэд зориулж 28 хүүхдийн суудал бүхий 4-н ширхэг хүүхдийн автобусыг гарган үйлчилж эхэлсэн байна. Тус автобус 9 сарын 1-нээс эхлэн Дархан сумын 4-н чиглэлд өглөө орой гэсэн хоёр ээлжээр сургуулийн хүүхдүүдэд үнэгүй үйлчилж эхэлсэнд  эцэг эхчүүд, хүүхдүүд баяртай байгаагаа энэ үеэр хэлж байлаа. 
 
 
 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр болон, хүүхдийн автобус үйлчилгээнд гарч эхлэх ёслолд оролцох үеэрээ "Хүүхдийн сурах орчинг сайжруулахад чиглэн хийгдэж байгаа ажлыг өөрийн зүгээс цаашид ч дэмжин ажиллана. Ялангуяа боловсролыг үнэ цэнэтэй болгох, хүүхдүүдийг мэдлэгт суурилсан оюунлаг иргэд болгохын төлөө гишүүний хувьд чадах бүхнээ хийнэ. Харин эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл, аюулгүй, хичээнгүй сурч боловсрох,  зөв мэдлэг олж авахад нь тал талдаа анхаарч ажиллая.  Хүүхдүүд маань ч улс орноо түүчээлэх эрдмийн эзэд болоход хичээж амжилттай суралцаарай хэмээн хэллээ. Тэрээр энэ үеэр мөн тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж УИХ-аар хэлэлцэж буй бодлого шийдвэрийг таниулж, санал солилцлоо.   
 
 
 
                                                                                  Эх сурвалж: Todaynews.mn