Энэ жил нийт нутгийн 80 хувьд нь бэлчээрийн хүрэлцээ хангалттай байгаа юм. Гэвч зарим газарт бэлчээрийн даац тав дахин хэтэрсэн судалгаа гарчээ. Бичин жилийн өвөл малын бэлчээрийн хүрэлцээ ямар байх талаар Ус цаг уурын орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн секторын инженер Н.Мөнгөнчимэгээс тодрууллаа.
-Нийт 47 суманд бэлчээрийн даац хэтэрсэн гэсэн судалгаа гарчээ. Энэ нь өвөлжилт хүндрэхэд хэр нөлөөлөх вэ?
-Бэлчээрийн даац сумын бүх нутгаар биш нэг эсвэл хоёр багийн нутагт хэтэрсэн тооцоо гарсан. Бүтэн сумаараа бэлчээрийн даацын хомсдолд орсон газар цөөн. Энэ жил манай орны нийт нутгийн 80 хувьд нь бэлчээр хангалттай, харин үлдсэн 20 хувьд нь даац хэтэрсэн байгаа.
10 сая гаруй малын бэлчээрийн асуудлыг шийдэх шаардлагатай байна
Бэлчээрийн даац нь бэлчээрийн хэмжээ, малын тоо, бэлчээр ашиглах хоног, ургамлын гарц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлээс хамаардаг. Нийт 15 аймгийн 47 сумын нутагт бэлчээр хомсдолтой гэсэн судалгаа гарсан. Гэхдээ малчид бэлтгэлээ сайн хангаад, өвс тэжээлээ бэлдсэн байхад айх зүйлгүй.
-Бэлчээрийн хомсдолд орсон нь малын тоо толгой өссөнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Бэлчээрийн талбайн хэмжээ, ашиглах хоногийн тоо нь төдийлэн өөрчлөгддөггүй. Харин малын тоо их, эсвэл ургац бага тохиолдолд хомсдол үүснэ. Малын тоо өсөх, ургацын хэмжээ буурах нь хамгийн гол нөлөө үзүүлдэг.
Мөн сумын төвд бүртгэлтэй малчны нэр дээр маш олон толгой мал байдаг ч тэдгээрийн зарим нь хөдөө, багийн нутагт өвөлжих нь бий. Тиймээс сумын төвийн бэлчээрийн хүрэлцээ хомсдох талтай. Энэ жилийн хувьд бэлчээрийн даацын хэмжээ харьцангуй боломжийн гарсан.
-Хамгийн их бэлчээрийн хомсдолтой байгаа нь аль аймаг вэ?
-Дархан-Уул аймгийн хувьд хотын төвөөс бусад газартаа бэлчээрийн даац нь тав дахин буюу 500 хувиар хэтэрсэн байгаа. Энэ нь малчид хот, суурин газарт ойрхон амьдрахыг эрмэлздэгтэй холбоотой. Дархан-Уул аймаг нийт 604192 толгой малтай. Үүнээс хүнсэнд хэрэглэх малыг хасвал 512 мянган малыг өөр аймаг, сумдын нутагт өвөлжүүлэх шаардлагатай болж байгаа юм.
2014 оны судалгаагаар 100 га газарт 76 мал оногдож байна
Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий, Ногоонннуур, Толбо, Цэнгэл, Сагсай сум, Увс аймгийн Тэс, Наранбулаг, Тариалан, Ховдын Дөргөн зэрэг нийт 15 аймгийн 47 сумын бэлчээрийн даац гурав дахин ба түүнээс дээш хувиар хэтэрсэн байна. Дээр дурдсан газруудад өвөлжилт хүндэрч болзошгүй учраас зохицуулалт хийхийг анхааруулсан.
-Нийт хэчнээн газарт малын бэлчээрийн асуудлыг зохицуулах шаардлага гарч байгаа вэ?
-15 аймгийн 47 сумын нутагт нийт 10 сая 947.7 мянган мал бэлчээргүй болсон гэсэн үг. Энэ мэдээллийг аймаг бүрийн хариуцсан инженерүүдэд явуулсан учраас эртхэн зохицуулах байх.
-Бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг хэрхэн зохицуулах ёстой вэ. Бэлчээр ашиглалтын менежмент хэр хэрэгжиж байна вэ?
-Бэлчээр ашиглалтын менежмент хэрэгжих ёстой гэдгийг судлаачид байнга хэлдэг. Манайд "Ногоон алт төсөл” хэрэгжиж буй. Хамгийн их доройтож байгаа нь зуслангийн бэлчээр гэсэн судалгаа гарсан. Тиймээс зуслангийн бэлчээрийг сэлгэж нүүх, талхлагдсан бэлчээрийг ургамал ургах хугацаанд ашиглахгүй байх зэргээр газрыг сэргээх ёстой.
Үүнээс гадна бүтэн сумаараа бэлчээр хомсдсон газар цөөхөн учраас сум дотроо зохицуулалт хийхэд болно. Аймгийн захиргаанаас даац нь хэтэрсэн сумын малыг хил залгаа сум руу шилжүүлэх замаар шийдэж болно. Харин аймгийн хил дамнавал асуудал үүсдэг.
Б.Баярмаа