Багш нь хичээлээ тоть шиг давтаж, сурагчид нь үг дуугүй бичиж суудаг цаг үе хэдийн ард үлдэж, манай улсын боловсролын салбарт хөгжлийн салхи сэвэлзэж эхлээд гурав дахь жилтэйгээ золголоо.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн "Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг монгол бахархалтай, үндэсний соёл, уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих нөхцөлийг агуулсан сургалтын стандарттай болох тухай зорилт багтсан байдаг.
Энэхүү зорилтын хүрээнд 2013 онд бага боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн. Үүний дараа 2014-2015 оны хичээлийн жилд бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд эхлүүлсэн юм.
Тус хөтөлбөр амжилттай хэрэгжсэн тул дараагийн үе шатанд шилжин улмаар суурь боловсролын шинэчлэлүүд хийгдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, цөм хөтөлбөр сургуулийн бүх л шатанд хэрэгжиж эхэлсэн гэсэн үг.
Тэгвэл суурь боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулж, 2015-2016 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Ингэснээр ахлах ангийн сурагчдын судлах хичээлийн тоо багасч, суурь хичээлийг заавал судлахаас гадна өөрийн сонирхсон хичээлийг сонгон судлах боломж нээгдсэн. Тиймээс энэ удаагийн дугаарын сурвалжилгаараа "Ахлах сургуулийн сургалтын цөм хөтөлбөр”-ийн туршилтын талаар хөндөн бэлтгэлээ.
ОЛОНХЫН ЗАРЧМЫГ СУРАГЧДЫН ХИЧЭЭЛ СОНГОЛТОД ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
"Ахлах сургуулийн сургалтын цөм хөтөлбөр”-т сайшаалтай зүйл олон бий. Тухайлбал, тус хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд ямар хичээл сонгож суралцахаа өөрөө шийдэх эрхтэй болж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хүсэл сонирхлыг нэгдүгээрт тавьж байна гэсэн үг.
Ингэснээр тухайн хүүхдийн ирээдүйд эзэмших мэргэжил илүү тодорхой болж, цаашлаад элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоо хараад ямар ч хамаагүй мэргэжил сонгодог хүүхдүүд багасч, улс орны хөгжилд хэрэгтэй эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцагсад олширч болох талтай.
Энэ мэтчилэн дурдаад байвал олон зүйл бий. Гэвч тус хөтөлбөрийн хэрэгжилтийг тойрсон олон асуудал байгаа нь сурвалжилга хийх явцад харагдаж байлаа.
Манай сонины сурвалжлах хэсгийн очсон эхний сургууль бол Ататуркийн нэрэмжит V дугаар сургууль. Тус сургуулийн X дугаар ангид 50, XI дүгээр ангид 210, XII дугаар ангид 181 хүүхэд суралцдаг байна. Бид юун түрүүнд сургуулийн удирдлагатай уулзаж, мэдээлэл авахыг хүссэнгүй.
Тухайлбал, тус хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд ямар хичээл сонгож суралцахаа өөрөө шийдэх эрхтэй болж байгаа.
Харин сурагчидтай уулзан "Ахлах сургуулийн сургалтын цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх бодит мэдээллийг авахыг хүссэн юм. Бидний уулзсан эхний сурагч бол А.Халиун.
Тэрбээр V дугаар сургуулийн 12д бүлэгт сурдаг бөгөөд ахлах ангийн туршилтын цөм хөтөлбөрийн тухай ярихдаа "Хичээл хасагдсан нь таалагдаж байгаа. Гэхдээ нэг их хичээл хасаагүй. Гурван хичээл л хасагдсан байна билээ.
Хичээл сонгох тал дээр учир дутагдалтай талууд бий. Жишээлбэл, Манай анги 35 хүүхэдтэй. 21 хүүхэд нь нийгмийн ухааны хичээлийг сонгосон юм. Тэгэхээр олонхыг дагаад үлдсэн хүүхдүүд нь ч гэсэн нийгэм судалж байгаа юм л даа. Яах вэ, өөрийнхөө сонгосон хичээлээрээ суралцвал үр бүтээлтэй.
Олонхыг дагана гэхээр бидэнд ямар ч ашиггүй. Хэрвээ ингэх бол бараг хичээл сонгохгүй байсан нь дээр” гэсэн юм. Үүний дараа бид 12б ангийн сурагч Г.Номинтой уулзахад бас адил хариулт өгч байв.
Г.Номингийн анги нийт 38 хүүхэдтэй бөгөөд ангийнх нь ихэнх хүүхэд физикийн хичээлийг сонгон судалсан учраас мөн л олонхыг дагаж байгаа аж. Сурагчидтай ярилцаж, нөхцөл байдлын талаарх мэдээлэл авсны дараа тус сургуулийн ахлах анги хариуцсан мэргэжилтэн П.Баттогтохтой ярилцлаа.
Тэрбээр "Манай сургууль олонхыг дагасан зарчмыг барьж байгаа. Ерөнхийдөө бидэнд 40 хүүхдийг олон хуваах боломж байхгүй. Анги танхимаас гадна төсөв мөнгөний хүрэлцээний асуудал бий.
Энэ чинь өмнө нь баталсан төсөв мөнгөн дээр явж байгаа. Ямар төсвийн тодотгол хийсний дараа гарч байгаа биш. Тэгээд ч одоохондоо шинэ, туршилтын шатандаа явж байна.
Цаашид төвлөрсөн ахлах сургууль байгуулаад ирэхээр нэг анги болгох байх. Одоо тав, арван хүүхдэд гэрийн багш шиг заагаад байх боломжгүй. Тэрийг хүүхдүүд ойлгох хэрэгтэй” гэдэг хариултыг өгсөн юм. Ийнхүү тус сургуулийн мэргэжилтэнтэй ярилцсаны дараа манай сонины сурвалжлах хэсэг Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийг зорив.
50 дугаар сургуульд байдал арай өөр байх аж. Биднийг очих үед бага ангийн сурагчдын хичээлийн цаг дөхсөн тул хүүхдүүд гаднаа жагсаж байлаа. Харин ахлах сурагчдын хичээл тарсан хэдий ч сонгон судалсан хичээлдээ суух сурагчид сургууль дээрээ байж таарав. Өөрийн дуртай хичээлийг сонгон суралцаж байгаа нь надад таалагдаж байна хэмээн ярих охиныг н.Болор-Эрдэнэ гэдэг.
Тэрбээр энэ жил төгсөх ангийн сурагч гэнэ. Анги нь нийт 35 хүүхэдтэй бөгөөд сонгоны хичээл ороход анги танхим хүрэлцээтэй байдаг талаар бидэнд ярив. Мөн тус сургууль хэрвээ нэг ангиас цөөн хүүхэд ямар нэг хичээл сонговол нөгөө ангийн хүүхдүүдтэй нь хамт хичээллүүлж байгаа аж.
Харин тус сургуулийн 12г ангийн сурагч н.Золбоо туршилтын хөтөлбөрийн талаар өөр бодолтой явдаг байна. н.Золбоо газарзүйн хичээлийг гүнзгийрүүлж судлахаар сонгон судлахаар болжээ.
Гэвч түүний сонгосон газарзүйн хичээлийн сонгон нь 03:00 цагт ордог гэнэ. Тэрнээс болж хичээл нь эрт тарсан тохиолдолд газарзүйн сонгондоо суухын тулд сургууль дээрээ хүлээх шаардлага гардаг байна.
Энэ мэтчилэн сурагчдын дунд жижиг гэлтгүй асуудлууд хөвөрсөөр байлаа. Ингээд бид тус сургуулийн захирал Р.Даваахүү, ахлах анги хариуцсан сургалтын менежер н.Бэхбаттай уулзаж цөм хөтөлбөрийн талаар мэдээлэл авах гэсэн ч "Завгүй байна” гэдэг хариултыг өгсөн тул дараагийн сургууль руу яаравчлав.
ГУРВАН САЙДЫН ТУШААЛ БҮЛЭГ ҮҮСГЭХЭД СААД БОЛОВ
Манай сурвалжлах хэсгийн дараагийн очсон газар бол Монгол III дугаар сургууль. Биднийг очих үед өдрийн 01:50 цаг аль хэдийн өнгөрсөн байлаа. Энэ цагт бага ангийн сурагчдын хичээл эхэлж, ахлах ангийн сурагчид тарсан байдаг.
Гэвч сонгон судлах хичээлтэй учраас ахлах ангийн сурагчид байгаа гэсэн эрмэлзлэлээр тус сургуулийг зорьсон минь энэ. Сургуулийн хашаанд нам гүм байх агаад хажууханд ойрхон байрлах автобусны буудал дээрх хүмүүсийн чимээ л хааяахан сонсогдож байв. Ингээд бид сургалтын менежертэй нь уулзахаар алхтал сургуулийн урд талын сандалд хэсэг охид, хөвгүүд сууж харагдлаа.
Тэдэнтэй ярилцвал, XII дугаар ангийн сурагчид бөгөөд "Сонгон судлах хичээл эхлээгүй байгаа. Улирал, улирлаар орно гэсэн. Бараг XII дугаар ангийнханд сонгон судлах хичээл орохгүй юм шиг байна лээ. Сургуулийн захиргаанаас тийм мэдээлэл өгсөн” хэмээв.
Тиймээс бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус сургуулийн захирал В.Хоролгаравтай уулзсан. Тэрбээр, "Энэ хичээлийн жилээс эхлэн улс орон даяар ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж байгаа.
Заавал судлах болон сонгон судлах хичээл орж эхэлсэн. Хичээл сонголтын зохицуулалтыг хийхэд ярвигтай. Жишээ авбал, Газарзүйн хичээлийг XII дугаар ангид нийт дөрвөн хүүхэд сонгосон байгаа юм. Биологийн хичээлийг 16 хүүхэд сонгосон. Тэгэхээр энэ хүүхдүүдийн сонголтыг хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа юм.
Хуульдаа 20 гэсэн байгаа учраас хэрэгжүүлэх боломжгүй. Эндээс харахад, цөөнх болсон хүүхдүүд жоохон хохиролтой байна л даа” гэв. Тус сургуулийн X дугаар анги 40, XI, XII дугаар анги найман бүлгийн 260 сурагчтай аж.
Монгол III дугаар сургуулийн захиралтай ярилцсаны дараа бид салбар яамны зүгээс ямар бодлого барьж, үүнд ямар арга хэмжээ авахаар зорьж буйг мэдэхээр БСШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож, хариуцсан мэргэжилтнийх нь дугаарыг авсан юм.
Ингээд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын хүрээлэнгийн сургалтын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч А.Энхтогтохоос зарим зүйлд хариулт авав.
-Хүүхдийн хөгжлийг дэмжсэн сургалтын цөм хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжиж эхлээд байна. Зарим сургуульд эсрэгээрээ байна л даа. Тухайлбал,олонхын саналыг дагаж, хичээл сонголтыг хийлгэж байна. Үүнээс болж зарим сурагчид өөрийн сонирхсон хичээлийг сонгох боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Үүнд нэгдсэн журмаар зохицуулалт хийх боломж бий юу?
-Ахлах ангид заавал судлах, заавал сонгон судлах, сонгон гүнзгийрүүлж судлах хөтөлбөр хэрэгжүүлэхээр боловсруулагдсан байгаа. Бүрэн дунд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай хичээлүүд заавал судлах хөтөлбөрөөр хичээллэнэ.
Харин заавал сонгон судлах хичээл нь орон нутаг болон сургуульд эрх мэдэл олгосон, сургууль, орон нутгийн хөгжлийг дэмжсэн, сургуулийн бодлого зорилтод нийцүүлэн үндэсний хэмжээнд гарсан бүрэн дунд боловсролд хэрэгжих хөтөлбөр буюу тавигдах шаардлагын дагуу сургууль хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлэх юм.
Сонгон гүнзгийрүүлэн судлах гэдэг нь шинжлэх ухааны мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлж судлах, их дээд сургуулийн элсэлт, мэргэжлийн чиг баримжааг олгоход чиглэсэн хөтөлбөр.
Бүх хүүхэд нэг хөтөлбөрөөр хичээллэх биш бүрэн дунд боловсрол эзэмшихэд зайлшгүй үзэх ёстой хичээлээ судлаад сонгосон судлагдахуунаа нэмж судлах юм. Гэхдээ цөөн сурагчтай сургууль хүүхдийн сонголтоор бүлэг үүсгэх боломжгүй бол багшлах боловсон хүчний нөөц, орон нутгийн хөгжил, сургуулийн зорилго зорилтод үндэслэн сургуулийн менежментийн зохицуулалт хийж болно.
Сургуулийн дотоод үйл ажиллагаанд оролцож үндэсний хэмжээнд нэгдсэн зохицуулалт хийх боломжгүй. Энэ нь тухайн сургуульд эрх мэдэл олгож байгаа гэсэн үг юм.
-Олонхын жишгийг дагаад үлдсэн хүүхдүүд нь хохироод үлдэнэ гэсэн үг үү?
-Өнгөрсөн жил бид лаборатори 40 сургуульд туршиж үзсэн үр дүнгүүд бий. Тухайлбал, хүүхдүүд заавал судлах хичээлээ судалчихаад сонгон гүнзгийрүүлэх хичээлээр сонголтын бүлэг үүсгэн хичээллэж болно.
Гэхдээ хүүхдийн сонголтыг хүндэтгэж, зохицуулалт хийх арга хувилбаруудыг сургуулийн менежментийн сургалтаар захирал, менежерүүдэд сургалт өгсөн байгаа. Түүнээс гадна сургуулийн төсөвт тохируулан багшлах боловсон хүчнийхээ нөөцөөс хамаарч зохицуулалт хийх эрх сургуулиудад бий.
Тэгэхээр хүүхдийн сонголтыг харгалзах, багшлах боловсон хүчнийхээ нөөцөд үндэслэх, сургуулийн менежментийн зохицуулалтыг хийнэ гэх мэт зохицуулалт хийх хувилбарууд байгаа гэсэн үг. Сурагчдынхаа сонголтыг хараад олонх хүүхэд ямар хичээл сонгосон байна түүнийг дэмжинэ. Хэрвээ цөөн хүүхэд нэг хичээл сонгосон бол олон бүлэгтэй сургуулиудад тэднийг нийлүүлж бүлэг үүсгэх боломжтой.
-Анх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд судалгааны ажил хийсэн байх. Хөдөө орон нутаг болон нийслэл дэх сурагч, бүлгийн тоо харилцан адилгүй шүү дээ. Тухайн үед энэ талаас нь судалж үзээгүй юм уу?
-Хөдөө орон нутагт хоёр бүлэгтэй сургуульд хүүхдийн сонголтоор явах боломжтой. Тэр хувилбарыг сургуулийн менежментийн сургалтаар танилцуулсан байгаа. Нэг бүлэгтэй сургуульд зайлшгүй сургуулийн зохицуулалт орж ирж байгаа. Учир нь сонголтод үндэслэхэд бүлэг дүүргэлтийн тоо хүрэхгүй асуудал гарч байгаа.
-Нэг бүлэгтэй сургуульд зайлшгүй сургуулийн зохицуулалт орж ирнэ гэлээ. Нийслэлд олон бүлэгтэй сургуульд тухайн хүүхэд бусдаасаа шалтгаалаад өөрийн сонирхсон хичээлийг сонгон гүнзгийрүүлж судлах боломжгүй байна шүү дээ?
-Олон бүлэгтэй сургууль сурагчдынхаа сонголтоор бүлэг үүсгээд явах боломжтой. Анх удаа хэрэгжиж байгаа учраас асуудлууд гарч ирэх байх. БСШУС-ын яамнаас бэлтгэл хангах хоёр сарын бэлтгэл хугацааг сургуулиудад өгсөн байгаа.
Нэгдүгээр улирлыг дуустал бэлтгэл зохион байгуулалтаа хийх тушаал гарсан. Түүний дагуу сургуулиуд бэлтгэлээ хийн хүүхдүүдийнхээ сонголтыг авч, сонголтын дагуу төсөвтөө багтаан сургалт явуулах нөхцөл боломжийг эрж хайж олох юм.
Тэр хугацаанд бүх бүрэн дунд боловсролын сургуулиас мэдээлэл авна. Мэдээллийг аравдугаар сарын 20 хүртэл авч үр дүнд шинжилгээ хийж үзнэ. Тэр үед үр дүн нь гарчихна.
-Заавал 20 хүүхэд бүрдүүлж хичээл заана гэх юм. Энэ шаардлагаас болж зарим сургуульд бүлэг бүрдэхгүй байна шүү дээ?
-Тэр бол гурван яамны сайдын хамтарсан тушаал байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд, Хөдөлмөрийн сайдын гаргасан тушаал байгаа юм. Уг тушаалд 25 хүүхэдтэй байж нэг бүлэг үүсгэн сургалт явуулна гэсэн байдаг. Тушаалын дагуу хууль эрхзүйн хүрээнд хэрэгжүүлж байгаа.
ЯДАЖ НИЙСЛЭЛ ДЭХ СУРГУУЛЬДАА ЗОХИЦУУЛАЛТ ХИЙМЭЭР ЮМ
Гурван сургуулиар ороход бодит байдал ийм л байна. Дэлхий нийт суралцагчийг бие даан, бүтээлчээр суралцахуйд суралцах боломж олгох, цаашид дээд болон мэргэжлийн боловсрол эзэмшихэд бэлтгэх, мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрөөр дамжуулан мэдлэгт суурилсан тогтвортой хөгжлийг дэмжигч, бүтээлч иргэдийг төлөвшүүлэхийг зорьж буй.
Манай улс ч энэ жишгийг дагаж бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг сурагчдад сонголт хийх өргөн боломжтойгоор боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Уг нь ахлах сургуулийг хөгжүүлэх цөм хөтөлбөр үргэлжлэн хэрэгжвэл хүүхдүүдэд олон давуу талтай гэдгийг хэн бүхэн мэднэ.
Тиймээс дөнгөж эхэлж байгаа учраас гэж шалтаглан хүүхдүүдийг хохироож болмооргүй. Нэгэнт хүүхдийн сонголтыг хүндэтгэнэ гээд хөтөлбөртөө заачихсан үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа юм чинь хүүхдийн эрхийг зөрчилгүй, аль нэгийг нь алагчилж үзэхгүй байвал зүгээрсэн.
Сайдын тушаал өөрчлөх, сургуулийн төсвийг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авч болохгүй байж болох. Гэхдээ хөдөө нутгийн биш юм гэхэд хүн амын нягтаршил, сурагчид ихтэй нийслэлийн сургуулиудаа нэгдсэн зохион байгуулалтад оруулж, бүлэг үүсгэлт хийлгэчихмээр юм.
Ингэвэл ядаж л хүүхэд өөрийн сонирхсон хичээлээ судалж, цөм хөтөлбөрт бүрэн хамрагдаж чадна. Эс бөгөөс олонхыг дагасаар бусад хүүхдүүд цөм хөтөлбөрийн золиос болох нь...
Эх сурвалж: Монголын мэдээ сонин Н.Батзаяа