Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Дархан хотын 55 жилийн ойг зохион байгуулах комисс хамтран, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, явган зорчигчдын амарч тухлахад тохиромжтой тохилог орчин бүрдүүлэх, иргэдийн шинэ санаа, авъяас чадварыг нээж тодруулах, идэвхийг өрнүүлэх зорилгоор "ГОЁМСОГ ДАРХАН” шилдэг бүтээлийн уралдааныг Дархан хотын иргэн, аж ахуйн нэгж байгууллага, гар урчуудын дунд нээлттэй зарлаж байна.
Уралдаанд оролцогчдын мэдүүлэг болон бэлэн болсон бүтээлийн фото зургийг 2016 оны 10-р сарын 09-ны өдөр зохион байгуулагчид авч цахим хуудсанд байршуулан нийтэд танилцуулах ба 9-11-ны өдрүүдэд ард иргэдээс хамгийн олон дэмжлэг авсан байдлаар "Онлайн ялагч”-ийг давхар шалгаруулна.
Мөн нийт ирүүлсэн бүтээлийг Дархан-50 цогцолборын төв талбайд 2016 оны 10-р сарын 14-ны өдрийн 10.00-15.00 цагийн хооронд хүлээн авч өдрийн турш үзэсгэлэн гарган Дарханчуудад толилуулах бөгөөд шүүгчдийн дүгнэлтээр түрүүлсэн урлаачдын шагналыг Дархан хотын 55 жилийн ойн баярын хурлын үеэр гардуулах юм.
Уралдаанд ирүүлэх бүтээл нь явган зорчигчдын амарч тухлахад тохиромжтой өвөрмөц шийдэл бүхий гудамж талбайн сандал байх бөгөөд цогц, иж бүрдэл бүхий /3-аас дээш зүйлийн оролцоотой/ дараах хэлбэрүүдтэй байж болно. Үүнд: тодорхой өгүүлэмж, найруулга бүхий, цуврал утга агуулгыг илэрхийлсэн, сүүдрэвч болон бусад зүйлстэй хамт шийдсэн, хөшөө дурсгал, түүхтэй уялдуулсан Дарханы болон бусад бренд байгууллага, бүтээгдэхүүнийг илэрхийлж болно.
"ГОЁМСОГ ДАРХАН” уралдааны бүтээл нь Дархан хотын билэгдэлт чанар болох найрамдлын хот, залуусын хот, хайрын хот, ажилчны хот, үйлдвэрийн хот, соёлч хот, үлгэрийн хот... гэх мэт үндсэн өнгө төрх, соёлын аль нэг хэв шинжит байдлыг шингээсэн, өвөрмөц санааг тусгасан, орчин тойрондоо өнгө үзэмж, соёлтой хэрэглээ, тав тухыг нэмэх урлагийн бүтээл байх бөгөөд нийтийн эзэмшлийн талбайд байрлуулах шаардлагыг хангасан байна. Мөн Иргэдэд тав тух олгох, эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүх төрлийн материал, будгийг ашиглаж болно. Уралдаанд ирүүлэх бүтээлийн тохиромжтой хэсэгт бүтээлийн нэр, урлаачийн нэр, ажил, зориулалтыг 20х10 см-ийн дээшгүй харьцаатайгаар бичиж тэмдэглэн хаягжуулсан байх юм.
Уралдааны шагналын сан нийт 5 сая төгрөг ба шалгарсан бүтээлийг хотын өмчид албан ёсоор бүртгэн авч нийтийн эзэмшлийн тохиромжтой хэсгүүдэд байрлуулна.