|

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 82.94 хувийн биелэлттэй байна


Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2013-2016 оны хөтөлбөр нь 9 бүлэг, 95 зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 333 арга хэмжээг тусган ажилласны үр дүнд 2013 оны 01 дүгээр сараас 2015 оны 09 сар хүртэлх хугацааны байдлаар хөтөлбөрийн биелэлт 82.94 хувийн биелэлттэй 4.15 онооны үнэлгээтэй байна гэж аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгаас танилцууллаа. Хэрэгжүүлбэл зохих 333 арга хэмжээнээс 284 нь хангалттай хэвийн хэрэгжиж 49 арга хэмжээний хэрэгжилт нь анхаарал татаж байгаа аж. Тухайлбал: Дугуйн зам болон цанын бааз шинээр байгуулах, "Дархан – Загвар хот” ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулах, Төрийн албан хаагчдад хувийн орон сууц барих зориулалтаар газар олгох, ШШГА-ны харъяа "Гипсний үйлдвэр”-ийг тогтмол хангах боломж бүхий ашигт малтмалын шохойн чулууны ордтой болгох зэрэг ажлууд 10 хувийн биелэлттэй байна.

Мөн Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн автопаркийг шинэчилэх, Дархан сумын 3 дугаар хорооллын дулааны шугамыг одоо байгаа Ф800 шугамаас огтолгоо авч ЦТП төлөвлөх, Үйлдвэрийн бүсийн үерийн байгууламжийн зураг төсвийг хийлгэж хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг ажлууд 30 хувийн биелэлтэй явж байгаа юм байна.

Аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгаас танилцуулсан хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлсэн байдалд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс шүүмжлэлтэй хандаж байв. Тэд хэрэгжилтийн тайланг үнэлэхдээ бодитой бус, зарим нэг ажлууд хийгдэх больсон байхад хэрэгжилтийг 30 хувь гэх зэргээр үнэлсэн нь мэдээлэл дутмаг байна гэж үзэж байв.