Хонконгийн
"Wenweipo” сонинд Хятадын блогчин Liqiu Yue-гийн бичсэн "Ирэх 50 жилд
Хятад улсын хийх ёстой зургаан дайн” нийтлэл цахим ертөнцөд ихээхэн
шуугиан тариад байна. Liqiu Yue "Бидний хийхээр төлөвлөж буй зургаан
дайн бол бүгд улс орноо нэгтгэх зорилготой дайн. Хятад улс 1840-1842 онд
Их Британитай хийсэн Хар тамхины дайнаар алдсан газар нутгаа эргүүлэн
авах нь энэ дайны гол зорилго. "Хар тамхины дайн”-д ялагдсанаар Хятад
орон зуун жилийн доромжлолд орсон билээ. Хятад агуу улс ч тархай
бутархай хэвээр байна. Энэ бол манай ард түмний шившиг, доромжлол юм.
Улс орноо нэгтгэн, нэр хүндээ эргүүлэн сэргээхийн тулд бид ирэх 50 жилд
зургаан дайн хийнэ. Зарим нь жижигхэн, зарим нь дэлхийн хэмжээний том
байж болох ч аль аль нь Хятад улсаа нэгтгэхийн тулд заавал хийх
шаардлагатай дайн билээ” гэж бичжээ.
Нэгдүгээр дайн- Тайванийг нэгтгэх (2020-2025)
Одоохондоо
бид Тайваньтай дайн дажингүй байгаа ч Тайванийг энх тайвнаар нэгтгэнэ
гэж мөрөөдөж болохгүй. Тэнд Хятадын Үндэсний Ардын нам (Гоминдан) эрх
барьж байна уу, Ардчилсан Дэвшилтэт Нам толгойлж байна уу ямар ч ялгаа
байхгүй. Энэ хоёр нам сонгуулийн сурталчилгаандаа энх тайвнаар нэгдэх
асуудал ярьдаггүй, одоогийн байдлаа хадгалж үлдэх хүсэлтэй байгаа.
Тайваньчуудын тусгаар тогтнол гэдэг яриа нь албан ёсны мэдэгдэл гэхээсээ
илүү жирийн чалчаа яриа. Тэд Нэгдсэн Хятад гэж ярьдаг ч бодитоор ажил
хэрэг болгох биш элдэв гэрээ, хэлэлцээ хийхдээ л ашигладаг юм.
Тайваньтай иймэрхүү харьцаатай байх нь Хятадад их хортой. Яагаад гэвэл,
бусад орнууд тэднийг дуурайгаад манай орныг элэг барьж, юм л бол
хэлэлцэж, наймаалцах гээд байдаг болчих аюултай.
Тиймээс
Хятад улс ирэх 10 жилийн дотор, 2020 он гэхэд Тайванийг нэгтгэх
стратегиа боловсруулж дуусгах хэрэгтэй. Тэгээд 2025 онд Тайваньд энх
тайвнаар нэгдэх үү (Хятадад ашигтай хувилбар), хүчээр нэгдэх үү гэсэн
тулган шаардалт илгээнэ. Мэдээж Тайвань бууж өгөхгүй байх магадлал өндөр
тул цэрэг зэвсэг хэрэглэхээс өөр аргагүй болно. Энэ чөлөөлөх дайн манай
Шинэ Хятадын орчин үеийн түүхэн дэх анхны дайн байх болно. Орчин үеийн
дайнд хэрхэн оролцож чадахыг нь Ардын чөлөөлөх армиас шалгаад зогсохгүй,
туршлага хуримтлуулах сайхан боломж юм. Бид энэ дайнд амархан ялах уу,
удах уу гэдэг Америк, Японоос шалтгаална. Америк, Япон улсууд Тайваньд
тусламж үзүүлэх төдийгүй манай нутаг руу дайрвал удаан үргэлжилсэн дайн
болно. Нөгөө талаас тэд зүгээр хараад сууж бас болох. Тэгвэл бид
хөнгөхөн ердөө гуравхан сарын дотор Тайванийг эзлэж чадна. Дайн эхэлсэн
хойно Америк, Япон оролцлоо ч Хятад зургаан сарын дотор ялалт байгуулна.
Хоёрдугаар дайн- Спратли арлыг буцаан авах (2025-2030)
Тайванийг
эзэлснийхээ дараа Хятад хоёр жил хэртэй амарна. Хүч чадлаа сэргээн,
сэргэлт авч байхдаа бид Спартли арлыг булаацалдаад байдаг улсуудад
(Вьетнам, Тайвань, Малайз, Филиппин, Бруней) 2028 оноос өмнө арлаас гарч
явах тулган шаардах бичиг хүргүүлнэ. Тэд аралд оруулсан хөрөнгө
оруулалтаасаа хувь авч үлдэх талаар Хятадтай хэлэлцээр хийж болох ч
газар нутаг өмчлөх эрхийн талаар ярихаа болих ёстой. Хэрэв тэгэхгүй бол
бид тэдэнд дайн зарлаж, арлыг тэр чигээр нь хөрөнгө оруулалт, эдийн
засгийн ашигтай нь эзэмших болно. Зүүн Өмнөд Азийн орнууд бүр одооноос
Хятад Тайвань нэгдэнэ гэдгээс айн чичирч байгаа. Нэг талаас тэд
хэлэлцээрийн ширээний ард суух ч, нөгөө талаас арал дээрх хөрөнгөө
алдахыг хүсэхгүй тул эцсийн шийдвэр гаргахгүй аль болох хойшлуулаад байх
болно. Тиймээс Хятад шийдвэртэй алхам хийх хэрэгтэй. Америк Спартлиг
Хятад буцаан авахыг зүгээр хараад суухгүй байх. Гэхдээ Америк тэр үед
Тайваньтай нийлсэн Нэгдмэл Хятадыг зогсоох чадалгүй болох тул Хятадтай
ил тод муудалцахаас айна. Гэхдээ америкчууд Вьетнам, Филиппин гэсэн Зүүн
Өмнөд Азийн орнуудад нууцаар туслах нь дамжиггүй. Өмнөд Хятадын тэнгист
орших энэ хоёр орон л Америк туслана гэдэгт итгэлтэй үедээ Хятадын
ноёрхолд эсэргүүцэл үзүүлэхийг зориглож чадна. Гэхдээ тэд бидэнтэй
дайтахаасаа өмнө сайн бодох болов уу.
Хятадын
хувьд энэ бүс нутгийн хамгийн хүчирхэг орон Вьетнамыг эхэлж довтлох
хэрэгтэй. Вьетнамыг ялахад бусад орон айх болно. Вьетнамтай байлдаж байх
хооронд Зүүн Өмнөд Азийнхан бараг л юу ч хийхгүй байх. Хэрэв Вьетнам
ялагдвал тэд арлын эрхээ бидэнд өгнө, Вьетнам ялчихвал харин Хятадад
дайн зарлана. Гэхдээ мэдээж Хятад ялаад арлуудаа авахад бусад нь Хятадад
үнэнч гэдгээ андгайлах биз. Тиймээс манайх энэ арал дээр боомт, цэргээ
байрлуулаад Номхон далайд нөлөөгөө нэмэгдүүлэх болно.
Гурав дахь дайн- Өмнөд Түвдийг эргүүлэн авах (2035-2040)
Хятад
Энэтхэг хоёр орон маш урт газар нутгаар хиллэдэг ч тэдний хоорондох
ганц хилийн маргаан Өмнөд Түвдийн нутаг юм. Энэтхэг эрт дээр үеэс л
Хятадыг дайснаа гэж тооцож, цэрэг зэвсгийн хүчин чадлаар манай орныг
давж гарах зорилготой байлаа. Тэд энэ зорилгодоо хүрэхийн тулд Америк,
Орос, Европоос орчин үеийн зэвсэг техник худалдан авч байна. Энэтхэгийн
Засгийн газар болон олон нийт, хэвлэл мэдээлэл Орос, Америк, Европыг
магтдаг мөртлөө Хятадыг байнга муулан, шүүмжилж байдаг. Тэдний
тусламжтайгаар Хятадыг ялж чадна гэсэн итгэлтэй байгаа болохоор газар
нутгийн маргаан байнга хийж байна. 20 жилийн дараа Энэтхэг цэрэг
зэвсгээр Хятадыг гүйцэхгүй ч дэлхийн хамгийн том хүчирхэг гүрний нэг
хэвээр байх тул Өмнөд Түвдийг буцаан авахад багагүй хохирол хүлээх
болно. Тиймээс Энэтхэгийг задлан бутаргах тактик хэрэглэх хэрэгтэй. Олон
хэсэгт хуваагдсан Энэтхэг бидэнтэй тулалдаад ялах ямар ч боломжгүй
болно. Мэдээж энэ төлөвлөгөө биелэхгүй байж болох ч Энэтхэгийн Ассам,
Сикким мужуудад тусгаар тогтнох хөдөлгөөн өрнүүлэн, Энэтхэгийг сулруулах
бүхий л аргыг хэрэглэнэ. Хоёр дахь арга бол Пакистанд хамгийн орчин
үеийн зэвсэг нийлүүлж, Өмнөд Кашмирийг 2035 он гэхэд эзлэхэд нь туслах.
Энэтхэг Пакистан хоёр байлдаж байх хооронд нь Өмнөд Түвдийг цахилгаан
дайн хийн эзэлж чадна. Хоёр фронтод зэрэг байлдах Энэтхэг аль алинд нь
ялагдаж, Пакистан Кашмирийг, бид Өмнөд Түвдийг авч болно. Хэрэв бүтэхгүй
бол Өмнөд Түвдийг авахаар шууд дайн зарлах хамгийн муу арга үлдэж
байна. Эхний хоёр дайны дараа арваад жил хүчээ зузаатгасан Хятад энэ үед
эдийн засаг, цэрэг зэвсгээр дэлхийн тэргүүний орон болсон байна. Зөвхөн
Америк, Европ (хэрэв Европ нэгдэхгүй бол Орос. Гэхдээ миний бодлоор
Европ нэгдэх бүрэн магадлалтай) л Хятадтай өрсөлдөхүйц хэмжээнд байх юм.
Тайвань, Спартли арлуудыг буцаан авснаар Хятадын арми хүчирхэгжиж
агаар, сансар, усан цэргийн хүч чадал нь дэлхийн хамгийн хүчтэй гүрний
нэг болсон байх болно. Тэгэхээр Энэтхэг дайнд ялагдана.
Дөрөв дэх дайн- Дяоюйдао, Рюкю арлуудыг буцаан авах (2040-2045)
Япон,
Оросын эдийн засаг унан, Америк, Энэтхэг зогсонги байдалд орж, Төв
Европ сэргэж эхлэх XXI зууны дунд үед Хятад дэлхийн гол хүч болно.
Дяоюйдао, Рюкю арлуудыг авах хамгийн тохиромжтой үе. Дяоюйдао бол эрт
үеэс Хятадын арал байсан гэдгийг олон хүн мэддэг ч Рюкю-г япончууд
Окинава гэж нэрлээд булаан авсныг бараг мэддэггүй. Хятад, Япон болон
бусад орны түүхийн баримтаас үзэхэд Рюкю эртнээс Хятадын арал байсан. Ер
нь Японд Өмнөд Хятадын тэнгист хийх юм юу ч байхгүй. Япончууд Өмнөд
Хятадын тэнгис дэх манай эд баялаг, өмч хөрөнгийг булаан авч, олон жил
Дяоюйдао, Рюкю арлуудыг эзэлсэн хэвээр байна. Цаг нь болж, тэд шангаа
хүртэх боллоо. Америк Японд тусалж болох ч хүч чадал нь суларсан байна.
Европ чимээгүй сууж, Орос хараад л байж байх болно. Дайн хагас жил орчим
үргэлжлээд Хятадын илт давамгайллаар дуусна. Япон арлуудыг буцаан
өгөхөөс өөр аргагүйд хүрч, Өмнөд Хятадын тэнгис манай дотоодын тэнгис
болж, орж ирэх зоригтон үгүй болно.
Тав дахь дайн Гадаад Монголыг нэгтгэх (2045-2050)
Гадаад
Монголыг Хятадтай нэгтгэх хүсэлтэн их байгаа ч хэр боломжтой бол? Одоо
нэгтгэж чадна гэж бодож байгаа хүмүүс буруу тооцоолж байна. Гадаад
Монголыг нэгтгэх агуу ажлыг хийх цаг нь одоо биш. Бид Монголыг нэгтгэх
хүсэлтэнгүүдийг сонгож олоод тэднийг Засгийн газарт өндөр албан тушаалд
гарахад нь тусалж, цаг нь болтол хүлээнэ. Монголын дотоодод ч Хятадтай
нэгдье гэсэн сурталчилгаа, үзэл суртлын дайн явуулах болно. 2040 онд
Өмнөд Түвдийг буцаан авсны дараа Засгийн эрхэнд гарсан манай хүмүүс
Гадаад Монголыг нэгтгэх нь манай улсын гол бодлого хэмээн зарлах юм.
Хэрэв
Гадаад Монгол энх тайвнаар нэгдвэл Хятадад ашигтай. Харин эсэргүүцэл
үзүүлбэл цэргийн хүч ашиглахад бэлэн байх хэрэгтэй. Энд Тайваньд
хэрэглэсэн тактик хэрэг болно. "2045 он гэхэд Хятадад нэгд” гэсэн
шаардлага Монголд тавиад хэдэн жил хүлээнэ. Татгалзвал шууд дайрах. Энэ
үед дөрвөн дайн дуусчихсан байх учир бид Гадаад Монголыг эзлэх цэрэг,
улс төр, дипломатын хүчин чадалтай болсон байх болно. Суларч доройтсон
Орос, Америк дипломат эсэргүүцэл илэрхийлэхээс хэтрэхгүй бол Европ
тодорхой бус байр суурьтай, Энэтхэг, Төв Ази чимээгүй байна. Гадаад
Монголд гурван жил зарцуулан бүрэн эзэлснийхээ дараа Оросын хил дээр
том хэмжээний цэргийн анги байрлуулж, Оросыг хянаж эхлэх болно. Оросоос
алдсан газар нутгаа эргүүлэн авахын тулд Монголд цэрэг дайны дэд бүтэц
барихад 10 жил хэрэг болно.
Зургаа дахь дайн- Оросоос газар нутгаа эргүүлэн авах (2055-2060)
Хятад
Оросын одоогийн харилцаа сайн ч нэг нэгнээ байнга хянаж, сэрэмжилж
байдаг. Хятадын сэргэн мандалт Оросын ноёрхолд аюул учруулна гэж оросууд
айдаг бол хятадууд Орост алдсан газар нутгаа хэзээ ч мартаж байгаагүй.
Боломж гарангуут бид бүх газраа эргүүлэн авах болно. Таван дайнд ялсан
Хятад 2050 он гэхэд Манж Чин гүрний эзэмшилд байсан газар нутгийг
бүгдийг өгөхийг шаардах болно. Үүний тулд сурталчилгааны ажил зохион,
Оросыг дахин салгаж бутаргахын төлөө хамаг хүчээ дайчилна. Хуучин
Хятадын үед Орос 1.6 сая хавтгай дөрвөлжин газар булаан авсан нь
одоогийн Хятадын эзэмшлийн газрын зургааны нэгтэй тэнцэж байна. Тиймээс
Орос бол манай хамгийн хорт дайсан. Таван дайнд ялж, хүчирхэгжсэн Хятад
Оросоос өр нэхэх цаг боллоо. Ингээд дайн болно. Хэдийгээр манай улс энэ
үед агаар, усан цэрэг, сансар, хуурай замын цэргийн хүчээр дэлхийд
тэргүүлэх гүрэн болсон ч анх удаагаа цөмийн зэвсэгтэй гүрэнтэй тулалдах
гэж байна. Тиймээс бид цөмийн зэвсгээ бэлтгэн, дайны эхнээс төгсгөл
хүртэл Орост цөмийн довтолгоо өгөх бэлтгэлтэй байх хэрэгтэй. Оросыг
хариу цохилт өгөх боломжгүй болгох үед Орос Хятадтай байлдаад дийлэхгүй
гэдгээ ойлгоно. Тэд эзэлсэн газраа эргүүлэн өгч, эрт үеийн
эзэрхийллийнхээ хариуг өндөр үнээр төлөх болно.
Хятад Монголыг 2045 онд эзэлнэ
М.Сугар-Эрдэнэ
Эх сурвалж: Тime.mn
http://time.mn/content/36319