Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ая, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг "Маамуу нааш ир” дуу энэ жил 60 нас хүрч байна. Яруу найрагч Ч.Лхамсүрэн 1956 онд ОХУ-д сурч байхдаа хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт 10 гаруй шүлэгтээ ая хийлгэхээр өгчээ. Харин нэрт хөгжмийн зохиолч ”Маамуу нааш ир” дууны аяыг зургаан настай охин Халиунсүрэнгийнхээ амандаа дуулсан содон аялгуугаар санаа авч бүтээсэн гэдэг. Ингэж хагас зуун жил гаруй хугацаанд хүүхэд багачуудын дуулах хамгийн дуртай дуу байсаар ирсэн "Маамуу нааш ир” дуу бүтсэн түүхтэй.
Өнөөдөр "Маамуу нааш ир” дууны 60 жилийн ойн арга хэмжээний талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.