Цэрэг, эх орны сэдэвт хойд бүсийн "Тулах багана-2016” яруу найргийн наадам болж өндөрлөв. Уг яруу найргийн наадмыг аймгийн ЛХА телевизийн редактор, МСНЭ-ийн гишүүн, "Ган үзэг"-т сэтгүүлч Л.Отгобаатар 2013 онд анх санаачлан явуулж эхэлснээс хойш дөрөв дэхь жилдээ боллоо. Энэ удаагийн наадмыг явуулахад ЛХА телевизээс гадна аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, "Залуучуудын холбоо”, "Дархан нутаг” ТББ дэмжиж оролцсон байна.
Наадамд 15 яруу найрагч хоёр даваагаар өрсөлдсөнөөс МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Х.Алагаа түрүүлсэн бол дэд байрт яруу найрагч М.Баяржаргал, Зэвсэгт Хүчний 065 дугаар ангийн харьяа Холбооны 322 дугаар ангийн аж ахуйн албаны дарга М.Насанбат, тусгай байрт залуу яруу найрагч Д.Одмандах, С.Лхагвасүрэн нар шалгарав.
Яруу найргийн наадмыг санаачлагч Л.Отгонбаатар:-"Наадам маань сайхан боллоо. Энэхүү наадмыг зохион явуулахад дэмжиж оролцсон байгууллагуудад талархал илэрхийлье. Жил бүрийн цэргийн баяраар аймгийн хэмжээнд хүчний байгууллагуудын дунд цэрэг-спортын төрөл бүрийн уралдаан тэмцээнүүд явагддаг. Харин урлагийн тоглолт Залуучууд театрт хийдгээс өөр оюуны төрлөөр нийтийг хамруулсан ямар нэгэн ажил хийх хэрэгтэй гэж бодоод энэ яруу найргийн наадмыг санаачилсан. Ирэх жил аймгийн хэмжээнд явагдах нэгдсэн хөтөлбөрт тусгаж хийхээр төлөвлөсөн. Жил бүрийн гуравдугаар сарын 18-ныг олон нийт цэргийн баяр гэдгээр нь тэмдэглэхийн зэрэгцээ эх оронч үзлийг төлөвшүүлэхэд бидний зохион байгуулж байгаа энэ яруу найргийн наадам зохих үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна” гэв.
Б.Норовсамбуу