|

Дэлхийн банкнаас бас тусламж хүслээ

 

Монголбанкны Ерөнхийлөгч Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээллийг Дэлхийн банкны  группын Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг (MIGA)-ийн Дэд Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Кейко Хонда болон түүнийг дагалдан яваа хүмүүст өгсөн байна. Түүнчлэн олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэг, туслалцаа чухал байгааг онцолжээ.  Харин Хатагтай Кейко Хонда тус агентлагийн үйл ажиллагаа, Монголд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн байна. Тус агентлаг нь хөгжиж буй орнуудын гадаад шууд хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулахад туслах эрхэм зорилготой. Тухайн агентлаг хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэгч банк, санхүүгийн байгууллагуудад улс төрийн эрсдлийн даатгал хийж өгдөг бөгөөд Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтэд 1 тэрбум орчим ам.долларын батлан даалт гаргажээ.

Монголбанкны Ерөнхийлөгч манай эдийн засагт том төсөл, хөтөлбөр хэрэгжих нь олон чиглэлээр эерэг нөлөө үзүүлж байгааг онцолж, эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд том төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулж, амжилттай хэрэгжүүлэх нь чухал байгааг хэлсэн. Үүний зэрэгцээ манай хувийн хэвшлийнхэнд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг хүслээ.Хатагтай Кейко Хонда тус агентлагаас Монгол Улсад үзүүлсэн зээлийн батлан даалтын үр дүн эерэг байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд,  цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг ямар ч байсан дуулгажээ.

Тэгэхээр ОУВС-ийнхныг нөгөөдөр хүлээж авах гэж байгаа манай улс Дэлхийн банкнаас бас ийн тусламж хүслээ.

Эх сурвалж: Шуурхай.мн