Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хорооллын айл өрхүүд дулаанд холбогдлоо

 

Өнөөдөр/2016.10.20/ 25 дугаар хорооллын дулааны шугам сүлжээний дулаан хуваарилах төвийг ашиглалтад орууллаа. Ингэснээр тус хорооллын айл өрхүүд 100 хувь дулаанд холбогдож байгаа юм.
Монгол улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хорооллын ажлыг анх 2013 оноос төлөвлөн төслийн ажлыг эхлүүлсэн юм. 
Бурхантхясаат ХХК нь Дархан сумын 25 дугаар хорооллын 251 айлын амины орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний ажлыг 2014-2016 онд хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд цэвэр усны төв шугам, халаалтын төв шугам, ариутгах татуургын шугам хоолой, хороолол доторхи шугам хоолойны ажлууд хийгдсэн. Дулаан Хувиарлах төвийн барилгыг барьж ашиглалтад оруулжээ. Өнөөдрийн байдлаар ЦТП тоноглох ажил хийгдэж байна. Мөн хорооллын цахилгаан хангамж болон гадна гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж байгаа аж. 
Өнөөдөр нээгдэж буй 25 дугаар хорооллын дулаан хуваарилах төвийн барилга болон барилга угсралтын ажилд 300 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна.

"Бурхантхясаат” ХХК-ийн менежер Ц.Дуйнхар:- 25 дугаар хороололд 251 айлаас одоогийн байдлаар газраа аваад байшингаа барьж байгаа 180 айл байгаа.Цаана нь газраа аваагүй 70 айлын газар байна. Эдгээр газрууд эзэнтэй болчихвол тус хорооллын дэд бүтцийн асуудлыг улам сайжруулна гэв. 
25 дугаар хороолол төслийг анх удаа аймаг орон нутгийн захиргаа иргэдийн хамтын хүчээр хэрэгжүүлж байна. Нэг айлын газар нь 24.980.000 төгрөг бөгөөд ийм үнээр дулаанд холбогдсон, хашаажуулалт, ногоон байгууламжтай дэд бүтэц нь шийдэгдсэн газарт амины орон сууцаа сууцаа барих бүрэн боломжтой бөгөөд үлдсэн газрыг сонирхож буй иргэд аймгийн Захирагчийн ажлын алба болон гүйцэтгэгч Бурхантхясаат ХХК-тай холбогдон хэрэгтэй мэдээллээ авч болно. 
25 дугаар хороололд 15 айл орон сууцны барилгаа барьж байгаа бөгөөд, дууссан айлууд дулаанаар хангагдаж амьдарч байгаагийн дээр энэ хорооллын урдуур хоёр Дарханыг холбосон төв зам ашиглалтанд ороод байна. Мөн хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтанд орж байгаа бөгөөд дэд бүтэц нь бүрэн хангагдаж ирэх 11 сард хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болох юм байна.

Х.Соёл-Эрдэнэ