Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авлаа

 

Өнөөдөр/2016.10.20/ морин цагт Дархан-Уул аймгийн ИТХ-ын дахин сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч нарт аймгийн Сонгуулийн хорооноос орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг олголоо.

Дархан сумын 3 дугаар тойргийн сонгогчдын 869 нь МАН-аас нэр дэвшигч Д.Батжаргалын төлөө, 754 сонгогч нь бие даан нэр дэвшигч О.Энхзаяагийн төлөө, 9 дүгээр тойргийн сонгогчдын 772 нь МАН-аас нэр дэвшигч Д.Элдэвсайханы төлөө, 734 сонгогч нь МАН-аас нэр дэвшигч Б.Жавхлангийн төлөө, 14 дүгээр тойргийн сонгогчдын 624 нь МАН-аас нэр дэвшигч Т.Тулгаагийн төлөө, 15 дугаар тойргийн сонгогчдын 980 нь МАН-аас нэр дэвшигч Д.Батбаярын төлөө, 15 дугаар тойргийн сонгогчдын 924 нь нэр дэвшигч МАН-аас С.Ганзоригийн төлөө, 15 дугаар тойргийн сонгогчдын 841 нь МАН-аас нэр дэвшигч З.Бадралын төлөө, 17 дугаар тойргийн сонгогчдын 680 нь МАН-аас нэр дэвшигч Б.Азжаргалын төлөө саналаа өгчээ.

Харин Шарын гол сумын 19 дүгээр тойргийн сонгогчдын 1630 нь МАН-аас нэр дэвшигч Д.Амарсанаагийн төлөө, тус тойргийн 1403 нь МАН-аас нэр дэвшигч С.Насанбатын төлөө, 1289 сонгогч нь МАН-аас нэр дэвшигч Ч.Оюунчулууны төлөө саналаа өгч аймгийн ИТХуралд төлөөлөгчөөр илгээж байна.

Хонгор сумын 20 дугаар тойргийн сонгогчдын 862 нь МАН-аас нэр дэвшигч А.Бадамнямбуугийн төлөө, тус тойргийн сонгогчдын 795 нь бие даан нэр дэвшигч Н.Лхагвасүрэнгийн төлөө саналаа өгсөн байна.

Ийнхүү Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн дээрх нэр дэвшигчдийг Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг олголоо.

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны дахин сонгуульд Дархан сумын 3, 9, 14, 15, 17, Шарын голын сумын 19, Хонгор сумын 20 дугаар тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 26848 сонгогч бүртгэгдсэнээс 12970 сонгогч буюу 48.30 хувь нь санал хураалтад оролцсон байна. Үүнээс 172 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгчээ. Санал тоолох төхөөрөмжид нийт 12970 ширхэг саналын хуудас уншигдсан бөгөөд үүнээс 12970 ширхэг саналын хуудсыг хүчинтэйд тооцсон байна.