|

Хар тамхитай хуурай тэмцээд нэмэргүй

Хар тамхитай хуурай тэмцээд нэмэргүй

 

Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийг Монгол Улс ерөнхийдөө хяналтаасаа алдчихлаа. Үүнийг хууль хяналтынхан ч ил, далдаар хүлээн зөвшөөрсөөр байна. Хоногт л гэхэд Улаанбаатарт хэдэн зуун сая төгрөгийн хар тамхи, тэр дундаа ice буюу мөс гээчийн хэрэглээ, наймаа баячуудын хүүхдүүдийн дунд ид буцалж байна. За тэгээд каннибасын төрлийн ург­мал, мансууруулах үйл­чилгээтэй эмийн хэрэглээ бол өсвөр насныхан, оюутан залуусын дунд задгайрсан гэж байгаа. Албан бусаар Монгол Улсад 70 мянга гаруй хэрэг­лэгч байна гэсэн судалгаа бай­даг юм байна. Тэд бүгд өөрсдөө диллер, хасл, дэлгүүр гэгч нууц нэр томъёотой болоод биз­несийн нарийн хэл­бэрт шилжээд байна. Хуулийнхны илрүүлж байгаа гэмт хэргийн тоо жил ирэх тусам хурдтай өсч байгаагийн баталгаа нь ерөнхийдөө энэ.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас авсан мэдээллээр 2011 онд 28 хэрэгт 93 хүн шалгуулж байсан бол дөрвөн жилийн дараа гэхэд 2015 онд 79 хэрэгт 169 хүнийг холбогдуулан шалгажээ. Харин энэ оны эхний таван сарын байдлаар гэхэд 52 хэрэгт 120 гаруй хүнийг саатуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж байна. Энэ бол хууль хяналтынханд үйлдэл дээрээ баригдсан хүмүүсийн тоо. Бүр тодруулбал, их хэмжээний хар тамхи хэрэглэж, худалдаж, хадгалж байсан нөхөд. Жижиг хэрэглэгчид бол асуудал биш болсон гэнэ лээ. Дээрээс нь Монгол Улс хар тамхины дэлхийн зах зээлийн том "өрсөлдөгч” хоёр гүрний дунд оршдгоороо эрсдэлтэй бүс нутагт хамаардаг. Нэг ёсондоо монголчууд бид олон улсын хамгийн эрсдэлтэй наймааны торгуулийн шугамд амьдарч буй ард түмэн. Тиймээс Монгол Улс хар тамхины эсрэг тэмцэх нэгдсэн бодлоготой, тэр нь цаг үеэсээ шалтгаалж байнга шинэчлэгдэж байх учиртай.

Ингэхэд манайд тэр бодлого гээч нь байна уу?

Бодлого зангидагч Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх ажлыг зохи­цуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл саяхан нэгэн хэвлэлд "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мөнгө угаах, хүн худалдаалах, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Энэхүү хөтөлбөрийг ойрын үед боловсруулж батлуулахаар ажиллаж байна. Уг хөтөлбөрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хүрээ хязгаарыг нарийвчлан зохицуулахаас гадна хууль бус хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, гарсан нөхцөлд таслан зогсоох, гарч буй шалтгаан нөхцлийг тогтоон, түүнийг арилгах талаарх зохицуулалтыг нарийвчлан тусгаж байгаа” гэж ярьжээ. Үнэндээ өнөөдрийг хүртэл манайд хар тамхитай тэмцэх бодлого байхгүй байсан болж таарлаа. Энэ тухай цагдаа, гааль, эмнэлэг, төрийн бус байгууллага гээд хар тамхитай тэмцэх үйл ажиллагаа явуулдаг чиг үүргийн байгууллагууд нэгэн дуугаар хэлдэг юм билээ. "Монгол Улсад хар тамхитай тэмцэх нэгдсэн бодлого алга. Гэтэл хар тамхины хэрэглээ улам нэмэгдэж, шинэ төрлийн бодисууд дэлгэрсээр байна. Хил гаалиар нэвтрүүлэхэд илрүүлэх боломжгүй болсон. Тэмцэх чиглэлийн байгууллагууд ч хоорондоо уялдаа холбоогүй” гэж.

Одоо ямартаа ч хөтөлбөр боловсруулахаар болж, ажлын хэсэг ч байгуулагджээ. Үүнээс гадна чиг үүргийн байгууллагуудын удирдлагуудын нэгдсэн хар тамхитай тэмцэх зөвлөл ч гэж бий. Одоогоор тэд чухам ямар ажил хийсэн нь тодорхойгүй. Тэр зуур гэмт хэргийн гаралт нь сар, сараар өсчээ.

Мөнгө угаах, хүн худалдаалах, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөрт дурдсанчлан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хүрээ хязгаарыг нарийвчлан зохицуулахаас гадна хууль бус хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, гарсан нөхцөлд таслан зогсоох, гарч буй шалт­гаан нөхцлийг тогтоон, түүнийг арилгах та­лаарх зохицуулалтыг на­рийвч­лан тусгаж байгаа гэж байна. Яг үнэндээ энэ тайлбар бол албаныхны нүүрээ тахал­даг жижүүрийн хариулт. Нөгөө л хуурай арга. Яг яаж, ямар аргаар тэмцэж, хэзээ энэ төрлийн хэргийг хэдэн хувиар бууруулах тухай нарийн зүйлийг манайхан ярих дургүй. Судалдаг эсэх нь ч тодорхойгүй. Хар тамхитай холбоотой асуудал нууц гэдэг. Яриад байвал бусдад буруу сурталчилгаа болно гээд ам таглах нэгэн ч бий. Мэдээллийн техно­логи цаг, минутаар хөгжсөн өнөө үед хар тамхины талаар сошиал ертөнцөөс хэн дуртай нь мэдээллээ авдаг болоод удаж байна. Харин манай албаныхан аль өнгөрсөн соц үеийн сэтгэлгээгээрээ тайлбарлаад сууж байх жишээтэй.

-Хар тамхины хэрэг­лэгч Монголд хэчнээн байна вэ? гэсэн асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамныхан "Одоогоор хэрэглэгчдийн нэгдсэн судалгаа байхгүй. Ер нь цаашид энэ төрлийн судалгаа хийхээр ажиллаж байна” гэсэн юм. Хар тамхи гээч цагаан тахал Монголын хилийг нэвтрээд 20 орчим жил болж байхад Монгол Улс эрсдэлтэй хүмүүсээ одоо хүртэл бүртгэж амжаагүй байгаа юм.

Хар тамхитай тэмцэх бодлогод нэн шаардлагатай хэд, хэдэн зүйл бий гэж эх сурвалжууд ярьдаг. Нэгдүгээрт, хуулийн зохицуулалт. Эрүүгийн хуу­лиар зүйлчилж хар тамхи худалдсан, борлуулсан, хадгалсан гэсэн гурван зүйл анги өнөөдөр үеэ өнгөрөөж, хэрэглэгч буюу өвчтөн гэсэн шинэ нэр томъёо гарч ирээд байна. Хар тамхи донтуулагч учраас хэрэгтэн гэхээс урьтаж эмгэг өвчтөн гэж харж бодлогоо чиглүүлэх ёстой гэх нэгэн байна. Хар тамхи хэрэглэсэн нэгнийг барилаа, цагдлаа. Тэд нэгэнт л хар тамхинд хамааралтай болсон учраас эргээд хэрэглэж л таараа. Хуулийн энэхүү зохицуулалтаас гадна эмчилгээ, эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй гэх. Өнөөдөр Монгол Улсад төрийн гэвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, хувийн хэвшлийн ганц нэг байгууллага л хар тамхинд донтсон хүмүүст анхан шатны тусламж үзүүлж буй. Мэргэжлийн эмч, ажилтнууд ч байдаггүй гэх юм билээ.

Үүний дараагийнх нь тэмцэх чиг үүргийн нэгдсэн байгууллагын асуудал хөндөгдөж байна. Хар тамхины эсрэг мөрдөн шалгах чиг үүрэгтэй хоёр л байгууллага бий. Цагдаа болон тагнуулд. Гэхдээ тэд зөвхөн тасгийн хэмжээнийх. Ийм хангалтгүй нөөцөөр хар зах болтлоо дэлгэрсэн наймааг таслан зогсоох боломжгүйг хуулийнхан хэлээд байгаа юм. АНУ-д гэхэд хот бүртээ хар тамхитай тэмцэх тусгай агентлагтай. Тэндээ гэмт хэргийг илрүүлдэг том албатай, нөхцөл байдлыг шинжилж судалдаг баг, орчин үеийн лаборатори гээд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бүх ажиллагаа нь төвлөрсөн байгууллага. Улсаасаа санхүүжинэ. Бас дээр нь хар тамхины гэмт хэргийг дагнан шүүдэг шүүхтэй. Донтолт, эмгэгийн асуудал яригддаг учраас мөрдөн шалгах, шүүх процессыг түргэвчлэхийн тулд ийнхүү байгуулжээ.

Эдгээр асуудлыг Монголын хөрсөнд буулгаж төсөл хөтөлбөр, хууль журамдаа тусгаж өгсөн цагт хар тамхинаас ангижрахаар нэг алхам урагшлах боломжтой болж байна. Шалгуулж байгаа, донтсон хүмүүс дээрээ ажиллаж тэдэнд шинжилгээ, судалгаа хийсний дараа хөтөлбөр боловсруулах хэрэгтэй гэж ярих эх сурвалжууд бас байна. Ер нь хар тамхины аюул, хор хөнөөл, донтолт гэж ямар байдгийг мэдэхгүй хүмүүс бодлого боловсруулж, ажил хийнэ гэдэг бас л хуурай ажил болж таараад байгаа юм.

Төгсгөлд нь хэлэхэд, манай улсад төсөл, хөтөлбөр гээч улсаас мөнгө төсөвлүүлээд түүнээс нь "цохьдог” нэг хэрэгсэл болсон. Хоосон тайлан гаргаж, ажил хийсэн дүр эсгэсэн хөтөлбөр битгий болоосой.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин