|

Б.Баярцэнгэл: Хуулийн төсөлд сэтгэлзүйчийн үүргийг илүү тодорхой тусгах ёстой

 

Б.Баярцэнгэл: Хуулийн төсөлд сэтгэлзүйчийн үүргийг илүү тодорхой тусгах ёстойГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг УИХ дээр гацчихаад байна. Энэ хуулийн төслийг сэтгэлзүйч Б.Баярцэнгэл мэргэжлийн хүрээнд судалж дуусчээ. Түүнтэй ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг судалжээ. Ямар үр дүнд хүрсэн бэ?
 
-Хуулийн төсөл маань бүхэлдээ хүчирхийллийг зогсоох, иргэний нийгэм болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн байна. Сэтгэлзүйн зөвлөгөөг хохирогчдод хэрхэн өгөх талаар ч заасан. Гэхдээ гаргалгаа нь их буруу болжээ.
 
Нийгмийн ажилтан, сэтгэлзүйч гэсэн мэргэжлийг хольж солиод оруулсан байна.  Энэ хоёр мэргэжил тэс өөр шүү дээ. Нийгмийн ажилтан юу хийдэг вэ гэхээр тухайн хүчирхийлэлд өртсөн хүний хүрээлэн буй орчин руу чиглэн үйл ажиллагаагаа явуулна.  Сэтгэлзүйч нь тухайн хүчирхийлэлд өртсөн хүний болон хүчирхийлэгчийн сэтгэлзүйг судална, ойлгоно.  Дахин ийм үйлдэл хийхгүй байхаар сэтгэл зүйг нь засч өгдөг. Олон улсад ч ийм байдаг.  Гэтэл шинэ хуулийн зарим заалт дээр энэ үүргийг нийгмийн ажилтанд үүрүүлсэн байна.  Нийгмийн ажилтан хэзээ ч хүний сэтгэл зүйг эмчилж чадахгүй шүү дээ.
 
-Ер нь хүчирхийлэл хаанаас юунаас шалтгаалан гарч байна вэ. Энэ талаар мөн судалж байгаа гэсэн?
 
-Нийгмийн гаж үзэгдэл болсон архидалт, донтолт, мөн ядууралтай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байна. Шинэ хуульд олон нийтийн хандлага руу чиглэсэн зүйл заалт их байгаа мөртлөө тэр хандлагад хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь бүрхэг байна.  Тухайлбал, сайн дурын төрийн бус байгууллагын энэ төрлийн сургалт, эмчилгээ явуулахад нь дэмжинэ гэсэн. Яаж ямар байдлаар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг нь тусгагдаагүй байх жишээтэй.  Мөн сэтгэлзүйн зөвлөгөө өгнө гэсэн ерөнхий ойлголт байгаа юм. Түүнээс биш яаж өгөх үү, сэтгэлзүйн чиглэлд ямар шаардлага тавих вэ гэдэг нь мөн байхгүй байна.
 
-Өмнөх хуульд ч энэ талаар заагаагүй байгаа. Шинэчлэн сайжруулсан гэсэн ч учир дутагдалтай, хэвээр байгаа юм байна?
 
-2004 онд өмнөх хууль нь батлагдсан байдаг.  Бие мах бодь, сэтгэл зүй, эдийн засгийн хүчирхийллийн тухай өмнөх хуулийн бүх зүйл заалт нь шинэ хуульд орсон байна.  Түүн дээр иргэний нийгэм, иргэдийн оролцоог л энэ хуульд нэмж өгсөн. Мөн бас нэг ойлгомжгүй зүйл нь хүчирхийлэл үйлдэж байгааг харсан  мөртлөө хэлээгүй иргэнд  хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт байхгүй болсон.  Тэгэхээр хүчирхийллийг харсан хүн хэлэхгүй байсан ч болно гэсэн үг болж байна.  Ер нь учир дутагдалтай хууль болсон гэж харж байна.
 
-Нийгмийн ажилтан, сэтгэлзүйч хоёрын үүргийг давхардуулсан гэж байна. Ингэснээр мэдээж сөрөг үр дагавар гарах байх.  Үүнийг та хэрхэн харж байна вэ?
 
- Энэ хуулиар нийгмийн ажилтанг хүчээр сэтгэлзүйч болгочихож байна. Мөн хууль боловсруулсан хүмүүс нь нийгмийн ажилтныг сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг болтол нь чадавхижуулах талаар ярьж байгаа.  Яаж чадавхижуулах вэ.  Сэтгэлзүйч гэсэн мэргэжил, тусгай салбар байхад өөр чиглэлийн хүмүүсийг  түрэн оруулах нь ямар ач холбогдолтой вэ.   Тэднийг чадавхижуулах цаг хугацаа, хөрөнгө мөнгө гэсэн асуудлууд гарч ирнэ.
 
 Олон улсад сэтгэлзүйн салбар эрчимтэй хөгжиж байна.  Хүний сэтгэлзүйг сэтгэлзүйчид  л эмчилдэг  болохоос нийгмийн ажилтнуудын хийх ажил биш гэж бодож байна.  Сүүлийн үед хүчирхийлэл далд хэлбэрээр явагдаж байна. Нийгмийн ажилтнууд тухайн хүүхдийн сургууль нь ямар юм, багш нь ямар хүн, хүүхдүүд нь хэрхэн ханддаг вэ гээд хүрээлэн буй орчныг анхаардаг мэргэжил. Гэтэл яг хүчирхийлэгчийн сэтгэл зүйг судалж, дахин хэрэг хийх боломжтой юу гэдгийг тогтоодог хүмүүс нь бол сэтгэл судлаачид. Ер нь шинэ хуульд сэтгэлзүйн талаар зүйл заалт их оруулсан мөртлөө сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэх хүмүүс нь өөр салбар руу ороод эхлэхээр хууль утгагүй болж байна.
 
-Хуульд мэдээж сайн тал байгаа болов уу. Судлаачийн зүгээс  үүнийг хэрхэн харсан бэ?
 
-Хамтран амьдрагчийн тухай сайн тусгасан байна.  Хамт амьдарч байгаад больсон хэрнээ эдийн засаг болон бие махбодийн хүчирхийлэл үйлдээд байвал түүнийг гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд авч үзнэ гэж заажээ.  Энэ хуульд бүхэлдээ сэтгэлзүй, иргэн хүн рүү чиглэсэн хандлагын зүйл заалт их орсон хэрнээ яаж гэсэн арга зам нь байхгүй байна.
 
-Хууль боловсруулахад сэтгэлзүйчдийн төлөөлөл оролцоогүй юу. Энэ талаар саналаа хүргүүлсэн үү?
 
-Саналаа хүргэж амжаагүй байна.  Хуулийн боловсруулсан хүмүүс эрх зүйн талын хүмүүс байна. Уг нь сэтгэл судлаач, иргэний нийгмийн төлөөллийн хүмүүс байх ёстой. Тэдний санаа бодлыг тусгах хэрэгтэй. Гэтэл энэ тал дээр анхаарч үзсэнгүй.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин