НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа. Энэ тогтоолын дагуу Умард Солонгос Хятад дахь чулуун нүүрсний экспортод хязгаарлалт тогтоосон байна.
Үүнтэй холбоотойгоор Хятад дахь Умардын нүүрсний экспортын хэмжээ хамгийн багадаа 62 хувиар буурахаар болж байна. Мөн энэ тогтоолоор Умардын зөгийн бал, цинк, никель, мөнгөний экспортыг хориглоод байна. Бас нэг хоригт багтсан Умардад үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн нь хилийн чинадад ихээхэн эрэлттэй байдаг хөшөө дурсгалууд юм байна. Энэ удаагийн тогтоолоор Умардын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авахаар боллоо гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдсэн байна.
Тэрбээр энэ тогтоолыг баталсан нь Умард Солонгосын эрх баригчдад цөмийн зэвсгийн туршилтаа зогсоох ёстой гэдэг сануулга болно гэдгийг ч тэмдэглэн хэлсэн юм. Умард Солонгос улс өнгөрсөн есдүгээр сард цөмийн тав дахь туршилтаа хийсэн юм. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг хариу арга хэмжээ авахаар тогтоолын шинэ төслийг боловсруулж эхэлсэн. Гэвч Бээжин, Вашингтоны байр суурь зөрүүтэй байсан учир өнөөг хүртэл Аюулгүйн зөвлөлөөс шинэ тогтоол баталж чадаагүй байсан юм.
АНУ өнгөрсөн гуравдугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан тогтоолд багтаагүй салбаруудыг хориг арга хэмжээнд багтаахыг шаардаж байгаа юм. Тодруулбал, БНАСАУ-тай худалдаа хийх, түүний дотор чулуун нүүрсийг нь экспортлохыг хориглох заалтыг оруулахаар төлөвлөж буй юм байна. Умард Солонгосын чулуун нүүрсийн гол импортлогч нь Хятад улс бөгөөд хоёр талын бараа эргэлтийн ихэнх хувийг энэ төрлийн түүхий эдийн экспорт эзэлдэг юм.