Гераклион-Тонис, Египет
Египетийн Абу-Кир булангийн 50 метр гүн усан дотор Гераклион-Тонис хот нойрсож байна. Энэ хотыг судалснаар түүхийн ховор гайхалтай олдворууд нээгдсэн аж. Тэдгээрийн ихэнх нь 2000 гаруй жил усан доор хэвтсэн гэхэд харьцангуй сайн байдалтай олдсон байна. Уг хотыг бүрэн гүйцэд судалж дуусахад дор хаяж 200 жил шаардагдана хэмээн эрдэмтэд үзэж байгаа бололтой.
Гераклион-Тонист байрлуулах ёстой гэсэн бичиг бүхий хавтан олдсон тул хотыг тийнхүү нэрлэсэн гэнэ. Уг хотын усан доогуур орсон шалтгааныг цунами үүсгэсэн хүчтэй газар хөдлөлт гэж таамагладаг аж.
Самабах, Гватемала
Энэ хотыг Атитлан нуурын ёроолд харж болно. Нуурын эргэн тойронд гурван галт уул байдаг нь хотыг усан доогуур живэхэд нөлөөлсөн бололтой. Энэ нуурыг ариун гэж дээдэлдэг бөгөөд нэгэн домогт өгүүлснээр, чухам энэ л нууран дотроос анхны майячууд гарч ирсэн гэнэ.
Усан доор янз бүрийн хэмжээ бүхий хэд хэдэн байгууламж, сүмийг харж болох аж. Эдгээр барилга байгууламжууд манай эриний 250 он хавьд хамаарч байгаа бололтой. Археологичид шавран урлалын янз бүрийн бүтээлүүд олсон бөгөөд Самабах бол майячуудын шашны төв байсныг нотлоод байгаа гэнэ. Аялал жуулчлалын янз бүрийн шугамаар энэхүү живсэн хотыг харах боломжтой юм.
Ши-Чен, Хятад
Энэ хот ямар нэгэн газар хөдлөлт, цунамигаас болж живээгүй юм байна. Ши-Чений ойролцоо усан цахилгаан станц байгуулсан Хятадын эрх баригчид төслөө хэрэгжүүлэхийн тулд живүүлэх хэрэг гарсан аж. Үүний тулд тухайн газар нутгийн 300 мянга гаруй хүнийг өөр газар нүүлгэн шилжүүлж, 350 тосгон, 27 хотыг живүүлж байсан гэнэ.
Гэвч Ши-Чен усан доогуурх дэлхийн хамгийн гоё хот болсон байна. Циндао нуурын цэнгэг усны ачаар түүхийн ихэнх дурсгалууд сайхнаараа хадгалагдан үлджээ.
Ши-Чен хот 621 онд байгуулагдсан бөгөөд хажууд нь мөн эртний сүм байдаг аж. Эрдэмтэд өөр гурван ч хотын тухай тодорхой мэдэх боловч санхүүгийн их зардлаас шалтгаалан судалгаа саатаад байгаа гэнэ. Гэвч Хятадын эрх баригчид Циндао нуурын эрэг дээр дайвинг-төв байгуулснаар хүссэн хүн бүхэн усан доогуурх эртний хотуудыг харах боломжтой болжээ.
Байи, Итали
Энэ хот бол шумбагчдын хувьд хамгийн алдартай газруудын нэг юм. Энд Байи шилтгээн болон Серапис сүмийг харж болно. Байи-н гудамжуудаар зугаалах нь шумбагчдад сонирхолтой юм. Усан доогуурх эдгээр байгууламжуудын насжилт 1500-аас багагүй бололтой.
Байи нь халуун рашаануудаар алдартай байжээ. Эмчилгээний зориулалтаар рашааныг хэрэглэх гэж ийшээ хүмүүс их ирдэг байсан аж. Уг хот галт уулын үйл ажиллагаанаас шалтгаалан живсэн гэх таамаглал байдаг.
Дварака, Энэтхэг
Энэ хотын нэр "Махабхарете”-д байдаг. Тэнд өгүүлснээр, Дварака хот ганц шөнийн дотор л Кришна бурхны зарлигаар бүтээгдсэн гэжээ. Тэр баримтад тулгуурлан үзвэл, уг хот бараг 10 000 жилийн өмнө байгуулагдсан бололтой.
Энэ хот анх санамсаргүй олдсон гэнэ. 1990-ээд онд эрдэмтэд Банапурын ойролцоох далайн татлагын бүсийг судалж байгаад ханын ирмэг олж харжээ. Ингээд цааш нь хайж явсаар уг хотыг олсон байна. Тухайн үед усан доогуурх малтлагын талаар Энэтхэгт ямар ч ойлголт байхгүй байсан бөгөөд их хэмжээний мөнгө шаардагддаг учраас судалгааны явц төдийлөн урагшлаагүй аж.
Порт-Ройал, Ямайка
Энэхүү живсэн хот түүхэн нээлтүүдээрээ төдийлөн алдаршаагүй бөгөөд өөр шалтгаанаар хүмүүсийн сонирхлыг татсан аж. XYI зуунд Порт-Ройал худалдааны төв байжээ. Тиймээс энд янз бүрийн хөлөг онгоцууд буудалладаг байж. Энд боолуудыг хөлслөн, сайн амарч авах боломжтой байв.
1692 онд хүчтэй газар хөдлөлтөөс шалтгаалан цунами дэгдсэний уршгаар олон мянган хүнтэй хот усан доогуур живэн оржээ. Одоо усан доогуурх Порт-Ройал хотыг жуулчид татахын тулд түүхэн дурсгалт газар болгохоор төлөвлөн, янз бүрийн төслүүдийг боловсруулж байгаа аж.
Павлопетри, Грек
Чухам энэ л хотоос живсэн хотуудын түүх анх эхэлсэн гэж болно. Тэрээр МЭӨ 3000-1000 онд хамаарагдах хамгийн эртний хот юм байна. Хотын нутаг дэвсгэр дээр эрдэмтэд шашны болон орон сууцны маш олон барилга олсон аж. Мөн оршуулгын газар ч байж. Уг хот олон удаагийн газар хөдлөлтөөс болж живэхэд хүрчээ гэж эрдэмтэд дүгнээд байгаа гэнэ. Одоогоор энэ хотод жуулчид очиж, гудамжуудаар нь сэлэнгээ барилга байшингуудыг сонирхдог аж.
Д.Мигаа
Эх сурвалж: ZONE.MN