|

1.3 их наяд төгрөгийн зөрчилтэй, хамгийн их өртэй Хөгжлийн банкны асуудалд Н.Мөнхбатаас өөр хариуцлага хүлээх хүн олдохгүй бололтой

1.3 их наяд төгрөгийн зөрчилтэй, хамгийн их өртэй Хөгжлийн банкны асуудалд Н.Мөнхбатаас өөр хариуцлага хүлээх хүн олдохгүй бололтой

 

Хэргийн учиг, "хэрүүлийн алим" болж хувираад буй Хөгжлийн банктай холбоотой асуудлыг энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэж шийдвэрлэнэ. Бүр тодруулбал, маргааш УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын үр дүнг хэлэлцэж шийдвэрлэхээр хуваарьт тусгагдаад байна.

 

Уг асуудлыг байнгын хорооны өмнөх хуралдаануудаар хэлэлцэж шийдвэрлэх гэсэн боловч АН-ын бүлэг завсарлага авсан. Тодруулбал, Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хурал 60 хувийн ирцтэйгээр эхэлсэн тэр өдөр АН-ын бүлгийн гишүүн,  УИХ-ын гишүүн Ж.Батзандан бүлгээ төлөөлж, Хөгжлийн банкны шалгалтын дүнг хэлэлцэх асуудлаар завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ "Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Ерөнхий сайд танилцуулна. Гэвч шалгалтын тайлан, материал манай бүлэг дээр ирээгүй. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах саналыг Ардчилсан намын бүлгээс хүргүүлж байна" гэсэн юм.

 

Өнгөрсөн хугацаанд АН-ынхан Хөгжлийн банктай холбоотой асуудалтай бүрэн дүүрэн танилцаж чадсан гэдэгт найдах үлдлээ. Ер нь тэд танилцаагүй байсан ч энэ асуудлыг тэд л хамгийн сайн мэдэх улс шүү дээ. Учир нь өнгөрсөн дөрвөн жилд "Чинис", "Самурай" тэргүүтэй бондуудыг авч монголчуудыг урд өмнө нь байгаагүй их өрөнд оруулж орхисон хүмүүс бол тухайн  үеийн эрх баригчид болох АН-ынхан. Яаж ч мэлзэх гээд бултах аргагүйгээр тэд өнгөрсөн дөрвөн жилд болж өнгөрсөн алдааг нуруундаа хүлээж, оносон зүйл байвал түүгээрээ бахархах хэрэгтэй. Харамсалтай нь бахархах зүйл туйлын ховор байгаа нь үнэн. Тийм ч болохоор өнгөрсөн сонгуулиар ард түмэн тэдэнд хатуухан дүн тавьж орхисон хэрэг.

 

Тэдний хийсэн балаг өдгөө хор хөнөөлийн ид шидээ үзүүлж бидний зээлжих зэрэглэлийг хүртэл бууруулаад байна. Энэтхэг улс манайд өгөх гэж байсан зээлээ дахин судалж үзнэ гэдгээ илэрхийлэв. Тусгаар Монгол Улс гэж цээжээ дэлддэг гурван сая ард түмэн Хятадын өмнө ичгэвтэр байдалд орж, хэнийг хаана хүлээж авахаа хүртэл заалгах дээрээ туллаа. Хэрэв тэдний үгийг сонсохгүй бол хямарсан, ядуурсан эдийн засаг дээр нь хэрхэн "тоглолт" хийж чадна гэдгээ Хятадууд өнгөрсөн хэд хоногт хангалттай харууллаа. Эцэст нь бид өөр хоорондоо Далай ламыг урьсан буруутанг хайж хэрүүл хийсээр л өнгөрч байна. Угтаа бол эдийн засаг нь хэний ч хараат биш өр зээлгүй байсан бол бид хаана ч, хэний ч өмнө нүүр бардах суух ёстой байлаа. Хоногийн хоолны мөнгөө тойрон хүрээлэгчдээсээ гуйхгүйгээр байсан. Гэвч хариуцлагагүй төр засгийнхаа ачаар бид ийм ичгэвтэр нөхцөл байдалд ороод байна. Одоо өдрөөс өдөрт Грекийн хойноос зүглэж байгаа гэдгийг ойлгож байгаа хүмүүс тун цөөхөн. Энэ бүхний буруутан бол өнгөрсөн хугацаанд их хэмжээний өрөнд оруулж, улсаа ломбардаж олсон мөнгөө идэж уусан тухайн үеийн эрх баригчдийн л буруу.

 

Хэрвээ төр гэж байдаг юм бол, энэ улс оронд хариуцлага, үнэн гэж байдаг юм бол асуудлыг хэлэлцээд буруутанд нь хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй. Хөгжлийн банкны шалгалтыг хэлэлцэхээс мэлзэж зугтах ямар ч шаардлага байх ёсгүй. Тэр дундаа тухайн үед улс орныг удирдан залж ирсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг болон Хөгжлийн банк гэх сүржин нэртэй ч даржин үйл ажиллагаатай газрынхан хамгийн нэгдүгээр эгнээнд "цоллогдох" учиртай. Шалгалтаар илэрсэн 1.3 их наяд төгрөгийн зөрчлийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байгаа юм.

 
             Хөгжлийн банктай холбоотойгоор тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяр болон тус яамны төрийн нарийн бичгийн даргыг АТГ-аас шалгаж байгаа. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг ч мөн адил АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Төдийгөөс өдий хүртэл бүх зүйл нь нууц мэт байж ирсэн Хөгжлийн банктай холбоотой үнэхээр инээдтэй ч юм шиг хэрнээ эмгэнэлтэй олон баримтууд олны өмнө ил болоод байна. "Чингис”, "Самурай” бондын хөрөнгийг албан бусаар ашигласан, банкны ажилчид хэт өндөр цалинжиж байсан зэрэг таагүй мэдээлэл их бий. Эдгээрээс зөвхөн банкны программ хангамжийг сайжруулах нэрийн дор 2011-2016 оны хооронд зургаан удаа гэрээ байгуулж, техник тоног төхөөрөмж нийлүүлсэн мөнгөн дүнгээр 1.393.408.286 төгрөгийг зарцуулсан байна. Программ хангамж худалдан авалтад 838.486.550.00 төгрөг зарлагадсан бол зургаан удаагийн программ сайжруулах гэрээгээр 554.291.736.00 төгрөг зарцуулжээ. Энэ юу ч биш. Хамгийн "аймшигтай" нь Эдийн засгийн хөгжлийн яамны сайд фортуна Н.Батбаяртай цагаан сараар золгохдоо гоё дээл өмссөн ажилтнаа 3.5 сая төгрөгөөр урамшуулаад, гадаад нэг өдөр айлчлахдаа хамгийн тансаг болгоныг хэрэглэчихсэн. Монголчуудын амь амьдралыг барьцаанд тавьж, улсаа ломбардаад босгосон бондын мөнгийг нь ямар ч тооцоо судалгаагүйгээр үрэн таран хийж улсын мөнгийг гарын салаагаараа хайр найргүй урсгаж ирсэн нөхдүүдтэй л хариуцлага ярихгүй юм бол өөр хэнтэй хариуцлага ярих вэ.
 
  Ажил амьдрал мэдэхгүй, даргын өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлсэн зарим нэгэн залуус "аавын хаалга" татсанаар асуудал өндөрлөх вий дээ гэх сэтгэгдэл төрж эхэлсэн гэдгийг нуух юун. Хөгжлийн банк, бондын зарцуулалттай холбоотой бүхий л "но" хуулийн байгууллагуудын шалгалтаар тогтоогдох нь тодорхой. Харин эцсийн дүндээ асуудлыг араас нь шийдэж, хатгаж байсан АН-ын эрх мэдэлтнүүд нуугдан хоцрох вий гэх хардлага жинхэнээсээ төрж эхэллээ. Учир нь төдийгөөс өчигдрийг хүртэл Хөгжлийн банкыг, Н.Мөнхбатыг улаан цээжээрээ хамгаалж явсан нөхдүүд хаачив. Яагаад одоо болтол таг дуугүй байна вэ. Энэ парламентэд орсон АН-ын гишүүд болон бүлгийн даргаас нь энэ талаар тодруулахад "Бид анхааралтай ажиглаж байна" гэхээс өөр доривтой зүйл хэлэхгүй байна. Одоо бүр шалгалтын дүнг ярих гэж зугтаж байна. Маргааш ч гэсэн зугтчих вий дээ...
 
Б.Анир
http://www.zaluu.com/read/da783f04