БНСУ-ын Ерөнхийлөгчийн Хөх ордон болон тус улс дахь бусад тодорхой объектуудыг эзлэн устгах хувилбарыг боловсруулах зорилго бүхий цэргийн сургуулилтын явцтай Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун танилцжээ.
БНАСАУ-ын "KCNA” агентлагийн мэдээлснээр, тус улсын Ардын армийн дээд командлагч Ким Жөн Ун тусгай хүчний "KPA Unit 525” гэдэг нэртэй байлдааны сургуулилтыг удирдсан байна.
Харин БНСУ-ын "Yonhap” агентлагийн мэдээлснээр бол, Хөх ордныг дуурайлган хийсэн загвар болон бусад өөр объектыг эзлэн устгах сургуулилтыг Умард Солонгосын тал хийж байгааг тус улсын төв телевизээр мэдээлсэн байна.
Сөүлд болж улс төрийн хямралын үеэр Умард Солонгос ямар нэгэн өдөөн хатгалга хийж магадгүй гэж БНСУ-ын Штабуудын нэгдсэн дарга нарын газар хэд хоногийн өмнө анхааруулаад, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ.
Үүнээс гадна БНСУ болон АНУ хоёр Умард Солонгосын газар нутгийг эзлэн авч, тус улсын цөмийн болон пуужингийн объектууд, түүнчлэн тус улсын удирдагч Ким Жөн Ун болон томоохон албан тушаалтнуудыг устгах хувилбарыг боловсруулах зорилгоор цэргийн сургуулилт хийх гэж байна гэж "Российская газета” сонинд мэдээлсэн байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ