Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал таван өдрийн турш хуралдаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Ингэхдээ хэрэгт сэжигтнээр татагдаад байсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг бүлэглэн, шунахайн сэдлээр, нийтэд аюултай аргаар, захиалгаар С.Зориг агсны аминд хүрсэн гэж 24-25 жилийн хорих ял оноов.
Тодруулбал, Б.Содномдаржааг бусадтай бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар, хүнийг санаатай алсан мөн насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэх ажиллагаанд татан оруулсан, мөн бусадтай бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хоёр буюу түүнээс олон хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд 25 жилийн хорих ял оноож, 23 жилийн хорих ялыг гянданд, 2 жилийн хорих ялыг онц дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлж, онц аюултай гэмт хэрэгтэнд тооцохоор болов.
Харин Т.Чимэгээг бусадтай бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, мөн насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэх ажиллагаанд татан оруулсан хэмээн буруутгаж 24 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх, Ц.Амгаланбаатарыг бусадтай бүлэглэж хулгайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, мөн бусадтай бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалах чадахгүй байгааг мэдсээр байж хоёр буюу түүнээс олон хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож 25 жилийн хорих ял оноож, 23 жилийн хорих ялыг гянданд, 2 жилийн хорих ялыг онц дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлж, онц аюултай гэмт хэрэгтэнд тооцохоор шийдвэрлэсэн юм.
Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нар нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцвэл шүүхийн тогтоолоо гардан авсныхаа дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй юм.
Тэгвэл эдгээр гурван иргэнийг ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.4-т заасан захиалгаар бусдын амь насанд хүрсэн гэх зүйл заалт олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Шүүгдэгч нарын ар гэрийнхэн ч энэхүү асуултын хариултыг нэхсээр үлдсэн.
Т.Чимэгээгийн нөхөр С.Бямбасүрэн "Шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна. Энэ хэргийг захиалгаар үйлдсэн гэж шүүсэн. Захиалагч нь хэн юм бэ, хэргийн гол гэрч Б.Булган яагаад ирэхгүй байгаа юм бэ. Ар гэрийнхний зүгээс маш гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд хандана" гэдгээ илэрхийлсэн юм.
Хуулиараа захиалагчийг олж тогтоосон тохиолдолд энэхүү зүйл заалтыг ашиглаж ял оноодог байна. Тэгэхээр уг гурван иргэнд захиалга өгсөн иргэнийг олж тогтоосноор Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг захиалгаар хүний амь хөнөөсөн гэж яллажээ.
Хууль судалвал, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйл ангид Гэмт хэрэгт хамтран оролцогч гэсэн заалт байдаг аж. Тус заалтын 35.1-д Захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэнэ хэмээн заажээ. Хэргийн захиалагч нь нас барсанаас бусад тохиолдолд заавал шүүгдэгч нартай хамт шүүх хуралдаанд оролцуулдаг юм байна. Тодруулбал, захиалагчийг энэ хэргийг захиалсан хэмээн нотолсон цагтаа хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч, захиалагч нарыг хамт шүүдэг аж. Түүнчлэн тус хуулийн 37.4-т захиалагчид түүний захиалсан гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялаас доогуур ял оногдуулж болохгүй гэж заажээ. Тэгэхээр энэ удаагийн хэрэгт С.Зориг агсны амь насыг хөнөөхөөр захиалга өгсөн хүнийг заавал шүүх хуралдаанд оролцуулж, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ нарт өгсөн ялтай тэнцэхүйц буюу дээш ял оноох хуулийн заалттай аж.
Гэтэл энэхүү хуралдаанд захиалагч гэх хүн байсангүй. Захиалагчийн талаар тодруулвал, энэхүү хэрэг нь өөрөө төрийн нууцад хамааралтай, "маш нууц" хэрэг учир ямар ч мэдээлэл өгөх боломжгүй гэж байгаа юм.
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг тогтоосон ч олон түмэнд бодит мэдээлэл өгсөнгүй. Хуулиараа бол захиалагчийг тогтоосон л бол ял оноох заалттайг дээр дурдлаа. Тэгэхээр төрийн нууцад хамаарах уг хэргийн бидэнд олдож буй цор ганц жим болох хуулийн гаргалгаагаар нь харвал ЗАХИАЛАГЧ нь амьд бус буюу нас барсан бололтой. Гэхдээ нөгөө талаас нь харвал үхсэн хүн үг хэлэх биш гэдэг шиг 18 жилийн турш илрээгүй хэргийг илрүүлсэн болж хэн нэгэнд хэргийг тохож, гэмгүй хүмүүсийг яллаж байгаа юм биш биз гэх хардлага ч олон нийтийн дунд үүсээд байна.
Юутай ч шүүх бүрэлдэхүүн С.Зоригийг хөнөөх захиалга өгсөн иргэнийг олж тогтоосноор шүүгдэгч нарыг захиалгаар хүний амь нас хөнөөсөн гэх зүйл заалтаар яллалаа. Гэхдээ захиалагч нь яагаад шүүх хуралдаанд орсонгүй вэ. Эсвэл нас барсанаас бусад тохиолдолд заавал оролцох ёстой гэсэн заалтын дагуу захиалагч хүн нь нас барсан учраас оролцсонгүй юу гээд олон асуулт хариултаа нэхэн хоцорлоо. 18 жилийн турш шалгагдсан энэхүү хэрэг ашгүй нэг юм шийдэгдлээ олон түмний хүлээлтийг "төрийн нууц, маш нууц" гэх үгээр халхавчлан таван өдрийн турш хаалттай хэлэлцсээр шийдэж орхилоо.
Б.Чимэг
http://www.zaluu.com/read/e4609dgg