|

Эдийн засгийг сэргээх тохиролцооны талаар хэн, юу хэлэв?

ОУВС-гаас Монгол Улсыг богино хугацаанд шийдэгдэх боломжгүй эдийн засгийн тогтолцооны сул талуудаас үүдэлтэйгээр, төлбөрийн тэнцлийн дунд хугацааны ноцтой хүндрэл тулгарсан тохиолдолд хэрэгжүүлдэг "Extended facility fund” хөтөлбөрт хамруулж, 440 сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ асуудлаар МҮЭХ-ноос өчигдөр мэдэгдэл хийж, хөтөлбөрт тулгасан шаардлагууд хатуу байгааг сануулав.
 
Энэ тухай тус холбооны дарга Б.Амгаланбаатар хэлэхдээ "ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг манай байгууллагын зүгээс анхнаас нь дэмжиж байсан. Гагцхүү буцааж хэрэгжүүлэх шаардлагууд нь өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдалд тохирохгүй, хэтийдсэн хүнд байна. Цалин тэтгэвэр нэмэгдээгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг Засгийн газар, Сангийн сайд шийддэг асуудал биш. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж байж шийдвэрлэдэг” гэлээ.
 
Түүнчлэн олон нийтийн зүгээс ч энэ хөтөлбөрийн шаардлагуудыг буруушааж байгаа юм. Тэгвэл энэ тухайд мэргэжлийн эдийн засагчид ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
 
Д.АНГАР: СҮЙРСЭН ЭДИЙН ЗАСГИЙГ ХАТУУ ШААРДЛАГААР СЭРГЭЭНЭ
/Эдийн засагч/
 
-Маш зүйтэй алхам. Монгол Улсад дутагдаад байсан зүйл бол төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагын тогтолцоо. Харамсалтай нь сүйрлийн эцсийн цэгт хүрээд аргагүйн эрхэнд ОУВС-тай хамтарч байна. ОУВС бол төсөв, мөнгөний бодлогыг ярьдаг. Гэтэл энэ удаа нэг шинэ зүйлийг гаргаж тавьсан нь "Танай санхүүгийн систем, арилжааны банкууд чинь болохгүй байна. Эдийн засгийн том гажуудал бий болгож байна. Тиймээс танай бүх арилжааны банкинд иж бүрэн хөндлөнгийн шалгалт оруулъя” гэсэн.
 
Энэ бүгдийг засаж залруулах арга зам нь ОУВС-гийн хөтөлбөр. Монголын Засгийн газар хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлээд явбал гурван жилийн дараа маш нааштай эерэг үр дүн гарна. Сүйрсэн эдийн засгийг хатуухан шаардлагаар сэргээнэ.
 
Х.БОЛОРБОЛД: ОУВС НЭГ Ч УЛС ОРНЫГ АМЛАСАН ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТДЭЭ ХҮРГЭЭГҮЙ
/Эдийн засагч/
 
-Дэлхийн банк, ОУВС бол Монгол Улсын эдийн засгийг алсан. Үүнийг бид аль ч төвшинд хүлээн зөвшөөрөх ёстой. Монголын ард түмнийг барьцаалж авсан зээлийг эргээд ард түмний арьсыг хуулж төлүүлэх гэж байна. ОУВС гэдэг аль эрт дампуурсан, 1990-ээд оны сүүлчээр улаан мөнгөгүй болсон байгууллага. Бусдын мөнгийг авч улс төр, эдийн засгийн тулган шаардалт тавьж өгдөг. ОУВС нэг ч улс орон ард түмнийг амласан хөгжил цэцэглэлтдээ хүргээгүй. Нийгэмд чиглэсэн бүх зүйлийг хумь гэдэг нь Монголын эдийн засгийг улам доройтуулах явдал.
 
Х.БАТСУУРЬ: ОУВС-ГИЙН ШААРДЛАГА ХАРИН Ч ЗӨӨЛӨРСӨН
/Эдийн засагч/
 
-ОУВС-гийн энэ удаагийн хөтөлбөрийг харахад харьцангуй боломжийн. Валютын сан сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд бусад улсад тусламж өгөхдөө тавьдаг нөхцөлөө зөөлрүүлсэн гэдэг нь харагдаж байна. Гэхдээ цаана нь ямар болзол, нөхцөлүүд нуугдсан байж болох вэ. Бүх нөхцөл нь энэ юм уу, эсвэл олон түмэнд ил болгоогүй шаардлага байна уу гэдэг нь чухал байна.
 
Татварын системийг шаталсан болгох нь угаас манай хуульд байгаа. Нөгөө талаас хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахыг шаардсан. Тэр угаасаа зөв. Онцгой албан татварыг хуучин хэвэнд нь буцааж тавихыг шаардсан. Шинээр нэм гэсэн үг биш. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж, тэтгэврийн насыг 65 болгосон нь маш буруу.
 
Т.БАЯРХҮҮ: ОХУ, БНХАУ-ЫН ЭСРЭГ ГЕОПОЛИТИКИЙН ТҮШИЦ ГАЗАР БОЛГОХ АЛХАМ
/Эдийн засагч/
 
-ОУВС-д сайн зүйл нэг ч байхгүй. Бид 1998 оноос ОУВС-тай ажиллаж байгаа. Тэд манай төгрөгийн ханшийг байнга унагаадаг. ОУВС-тай ажиллаад өрөнд ороогүй нэг ч улс байхгүй. "Extended facility fund” хөтөлбөр өмнө нь ОХУ, Украин, Египет улсад хэрэгжсэн. Алинд нь ч сайн үр дүн авчраагүй. Хөтөлбөр хэрэгжих явцад тухайн улсуудын мөнгөн тэмдэгтийн ханш хоёр дахин унасан байдаг. Одоо Монголд хэрэгжвэл цалин, тэтгэвэр, тэтгэмж үнэгүйднэ. Монгол ядуурахын дээдээр ядуурна. Манайхыг санхүү, эдийн засгийн аргаар ОХУ, БНХАУ-ын эсрэг геополитикийн түшиц газар болгох гэж байгаа л алхам.
 
Б.Энх
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин