Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян өчигдөр тус улс нүүрс, гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа энэ онд дахин бууруулна гэж мэдэгдсэнийг Синхуа агентлаг уламжиллаа. Оны эцэс гэхэд Хятад ган үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 орчим сая тонноор, нүүрснийхийг дор хаяж 150 сая тонноор тус тус бууруулахаар төлөвлөсөн байна.
Өнгөрсөн оны хувьд Хятад улс нүүрс олборлолтын хүчин чадлаа 290 сая тонноор, ган үйлдвэрлэлийн хүчин чадлаа 65 сая тонноор бууруулсан тухай тэрбээр мөн мэдэгджээ.
Энэ тухай Ли Көцян Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын болон Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 12 дахь удаагийн 5 дугаар чуулганаар тавьсан Засгийн газрын тайлан илтгэлдээ онцолжээ.
Хятадын хувьд нүүрс, гангийн үйлдвэрүүдийг хаах зорилт тавьж буй нь урт хугацаандаа эдийн засгийн хөгжилд нь сайн нөлөөтэй боловч ажлын байр, тухайн компаниудын зээл төлөлт, татвар бүрдүүлэлт талаасаа энэхүү шийдвэр амаргүй тусахаар байгааг Синхуа агентлаг мэдээндээ онцолжээ.
Ли Көцян цаашид үр ашиггүй үлэмж том үйлдвэр уурхайнуудын асуудлыг шийдвэрлэхэд байгаль орчин хамгаалал, чанар, аюулгүй ажиллагаа, эрчим хүчний зарцуулалтын тухай хууль, дүрэм журам, стандартуудыг ягштал баримталж ажиллахын сацуу зах зээлийн зарчим, хуульд суурилсан арга хэрэгслийг ашиглах болно. Төв болон орон нутгийн Засгийн газар хаагдсан үйлдвэрүүдийн ажилчдад шинэ ажлын байр олж өгөх хөтөлбөрт санхүүжилт олгох болно гэжээ.