Хятадын нөлөө бүхий вэбсайт - www.ifeng.com 2016 оны долдугаар сарын 18-нд "Монгол үнэндээ ямар улс вэ?” гэсэн нийтлэл гаргасныг эх хувиар нь орчуулж буулгая. Нийтлэл бичигч нь БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны газарт ажиллаж байсан, одоо БНХАУ-аас Швейцарийн Холбооны улсад суугаа Элчин сайдын яамныхаа Эдийн засаг-худалдааны газарт ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч Ван Суань байх ба дэгсдүүлсэн, хэтрүүлсэн гэж үзэхгүй л бол монголчууд үүнээс санаа сургамж аваасай, авах гээхийн ухаанаар хандаасай гэж зөвлөе. "Гашуун ч гэсэн үнэн үг” мөрүүд олонтаа тааралдана шүү.
НЭГ. ТӨӨРӨГДӨЛ
Улаанбаатар хотын надад төрүүлсэн хамгийн анхны сэтгэгдэл бол тал дээрх том тосгон юм. Хоёр том уулын дундах хөндийд, Туул голын дагуу 3-4 давхар жижиг байшингуудаас бүрдсэн хэсэг бол хотын төв нь. Хотын захын хэсэгт уулын хамар дамнан бүрхсэн жижиг модон байшин, монгол гэрээс бүрдсэн ядуусын хороолол байдаг. Нийт гурван сая хүн амын бараг 60 хувь нь энэ хотод амьдарна.
Орчин үеийн барилга цөөнтэй, хамгийн том дэлгүүр нь 1960-аад оны үед Хятадын тусламжаар баригдсан. "Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал ч мөн ялгаагүй хоёр давхар жижигхэн байшин. Урсдаг цахилгаан шат ч байхгүй, хотын төвийн хэсгийн олон жил засвар хийгээгүй, онхол донхолтой зам нь төв талбайн хажуугийн "LV” брэидийн дэлгүүрийн анхаарал татам рекламтай хосолж байдаг нь сонирхолтой.
"У лань” гэдэг нь улаан өнгө, "Ба Туо” гэдэг нь Хятадад түгээмэл сонсдог "ба тө ар” буюу баатар гэсэн утгатай. Хуучин Зөвлөлт Холбоот Улсын захиргаанд 70 гаруй жил явсны дараа энэ хотын нэрээс эхлээд хүнсний төмс, үхрийн мах, сонгино голдуу барууны хэв маягтай хоол унд, кирилл бичиг үсэг нь хүртэл эдүгээ ч хуучин Зөвлөлтийн, социализмын үеийн өнгө төрхөө хадгалсаар байна. Энэхүү өнгө төрх нь Улаанбаатар хотоос зүүн тийш 60 км зайд орших ууланд "Их хэлмэгдүүлэлт”-ийн үеэр хуучин ЗХУ-ын буудаж, шатааж алсан хэдэн мянган лам нарын адил монгол хүмүүсийн зүрх сэтгэлд гүнзгий хадгалагдан үлдсэн байдаг ажээ.
Улаанбаатар хотын төв талбайд морьтой, гартаа ташуур барьсан хөшөөг нь хүндэтгэн залсан байдаг нэг хүн бий. Монголын жижиг менгөн дэвсгэртүүд дээр зураг нь үлдсэнийг эс тооцвол өөрийнх нь үүсгэн байгуулсан "Монгол Ардын Нам”-ыг даган Д.Сүхбаатарын нэр хүнд улам бүр гунджээ. Мөн түүний нэрээр нэрлэсэн "Сүхбаатарын талбай”-н нэрийг өөрчилж, "Чингис хааны талбай” болгожээ.
1921 оны долдугаар сарын 11-ний өдөр тэр үеийн Зөвлөлт улсын тусламжтайгаар үндэстэн тусгаар тогтнож, социалист Монголыг байгуулсан нь өнөөгийн монголчуудын сэтгэл зүрхэнд байдаг тэр улс биш болжээ. Хэдийгээр жил болгоны долдугаар сарын 11-ний өдөр нь Монголын улс тунхагласны баярын өдөр боловч гурван хоногийн турш амарч тэмдэглэдэг Наадам нь үндэсний тусгаар тогтнолыг биш, харин өнгөрсөн оны байдлаар тулгар төрт улс байгуулагдсаны 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ойг тэмдэглэдэг баяр болсон байна.
Тулгар төрт улс гэдэг нь бидний түүхийн сурах бичгээс үздэг, Баруун Хань улсад элч илгээж, бэр гуйсан Модун Шаньюйгийн байгуулсан Хүннү гүрэн. Их Монгол Улс гэдэг нь мэдээж Тэмүүжиний байгуулсан зах хязгааргүй их гүрэн юм. Монгол хүний "Монголын мөрөөдөл” бол морин туурайгаар Европ, Азийн эх газрыг гишгэлсэн Чингис хааны эзэнт гүрэн юм. Ийм ч учраас 500-аас 20000-т хүртэлх Монголын мөнгөн дэвсгэртээс эхлээд янз бүрийн хөшөө сийлбэр хүртэл Чингис хааны суут төрхийг дүрсэлсэн байдгаас гадна Чингис хаанаар нэрлэсэн зочид буудал, архи, хүнсний бүтээгдэхүүн зэргийг нэрлээд баршгүй. Гэхдээ бодит байдал дээр бол Чингис хааны үр удам "Алтан ураг”-ийг хуучин Зөвлөлт Холбоот
Улсын хэлмэгдүүлэлтээр бүгдийг нь устгасан байдаг юм билээ.
ХОЁР. ХӨРШ НЬ
Чингис хааны суу алдар байхгүй болсон нь хань үндэстнээс болсон хэмээн монгол хүмүүс үздэг бололтой. Мин гүрнээс эхлээд Чин гүрэн, Дундад Иргэн Улсын үед хань үндэстэн газар нутгийг нь залгисан төдийгүй тусгаар тогтнолыг нь нухчин дарж байсан юм. Үүнээс илүүтэйгээр монголчуудын хүлээн зөвшеөрч чаддаггүй бас нэг зүйл бол 1960-1970-аад оны үед Монголын айл өрх бүр элбэг дэлбэг амьдарч, хөргөгч, телевиз зэрэг гэр ахуйн бараа өргөн тархсан, амьжиргааны түвшний хувьд Хятадаас хэд дахин илүү байсан тул олон тооны хятад цагаач иргэн нүүж ирээд эдүгээ хамгийн мөнгөтэй хүмүүс нь хятадууд болсонд байгаа юм. Ийм төрлийн сэтгэл зүйн гутранги мэдрэмжийг нь өнөөгийн хонконгчуудын Хятадад ханддаг хандлагатай зүйрлүүлж болох юм.
Монголын тагнуулын академийн судалгааны төвөөс 2014 оны долдугаар сард иргэдийн дунд явуулсан судалгаагаар хүн амын 98 хувь нь Монголын аюулгүй байдалд үзүүлэх Хятадын сөрөг нөлөө маш их, 38 хувь нь дотоодын үйлдвэрлэлээр Хятадын импортын бараа бүтээгдэхүүнийг орлуулах хэрэгтэй, 32 хувь нь Хятадын ажиллах хүчийг Монголд оруулах ёсгүй, 23 хувь нь аль болох Хятадын зээл. тусламжаас татгалзах ёстой. судалгаанд оролцогчдын 83 хувь нь хятад иргэд Монголын нутагт визгүй зорчих ёсгүй гэж үзжээ. Гэтэл монголчууд Хятадад 30 хоног визгүй зорчдог. Ийнхүү Хятадад дургүй байх нийгмийн сэтгэлгээг ашиглан төрөл бүрийн мафийн шинжтэй хятадын эсрэг байгууллагууд тасардаггүй бегөөд тэд байгаль орчныг хамгаалах нэрийдлээр хятадын аж ахуйн нэгжүүд, барилгын ажил явуулж буй талбайд байнга ирж асуудал үүсгэн, БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө жагсаал цуглаан хийх дээрээ тулдаг байна.
Зарим нь ерөөсөө л Хятадын аж ахуйн нэгжийг дарамталж мөнгө авах, зарим нь улс төрийн тодорхой зорилготой. Нэгдүгээрт, хамгаалсныхаа төлөө хөлс авдаг, хоёрдугаарт нэг төрлийн улс төрийн шоу, гадаадын санхүүгийн дэмжлэг авч, өөртөө улс төрийн хөрөнгө олох зорилготой. Үүнээс гадна боловсролын түвшин доогуур, орлого багатай тэдгээр "галзуу залуус” цахим орчинд уураа гаргаж, тэр ч байтугай гудамжинд явж буй хятад хүмүүст халддаг. Мөн Монголоос эхнэр авч, хүүхэдтэй болж, олон жил амьдарсан цагаач иргэд ч хэдний халдлагын объект болдог. Ийм монгол хүмүүсийн нүдэнд Хятад дахь монгол үндэстэн нь монгол хүн биш, зүгээр л хятад хүн юм. Үндсэрхэг үзэлтэй цөөнгүй хооны сонгогчдод таалагдах, улс төрийн эрх ашиг олохын тулд зарим улс төрийн нам болон Засгийн газрын албаны хүмүүс ч Хятадыг эсэргүүцсэн байр сууриа ил ход илэрхийлдэг. Тэр ч байтугай Улаанбаатарын гудамжинд байрлах зар сурталчилгааны самбар, барилгын нэр, байгууллага, аж ахуйн нэгжийн хаяг зэрэгт ханз хэрэглэхийг хориглосон хууль тогтоомж гаргасан байна. Гэтэл япон хэл дээрхи хаяг, самбарх орсон ханз энэ жишээнд хамаарахгүй.
Орос, Хятад хоёр хом хөрш орон нь хоёул Монголтой хүүхийн маргаантай байж ирсэн. Гэхдээ Мөнх тэнгэр Монголд газар зүйн энэ хоёр хөрш орныг яалт ч үгүй хуваарилж өгсөн. Аргагүй нөхцөл байдал дор Монголын Засгийн газар "Гуравдагч хөрш”-ийн бодлого зарлаж, Хятад, Оросыг тойрч Америк, Япон, Өмнөд Солонгостой ойртон дотносохыг эрмэлзэх болжээ. Тийм ч учраас улс дотроо өндөр хурдны нэг ч замгүй, улсын гол замынх нь нэлээдгүй хэсэг шороон зам ч гэсэн Монголын Засгийн газар Хятадын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах дургүй, мөн боомт дээр нэг ачааг олон удаа буулгаж, ачих хэрэгтэй болж, өртөг нэмэгдэн, экспортолж буй ашигт малтмалын бүтээгдэхүүнийх нь өрсөлдөх чадварыг бууруулдаг ч төмөр замаа өргөн царигаар барихыг илүүд үздэг.
Гэвч яаж ч тойрч гарахыг эрмэлзлээ гэсэн аж үйлдвэрийн хоцрогдолтой, бараа бүтээгдэхүүн дутмаг энэ улс идэх, өмсөх, ахуйн хэрэглээнийхээ дийлэнх хувийг Хятадын экспортын бараагаар хангаж байна. Тэдний ойр дотно ханддаг Япон, Солонгосын бараа бүтээгдэхүүн нь бас л Тяньжин боомтоор дамжин тээвэрлэгдэж байж л Их Монгол Улсын газар нутагт ирдэг. Чамайг үзэн яддаг ч чамаас холдож чадахгүй. Монгол хүмүүсийн хөрш Хятад улсдаа хандаж буй хандлага маш түвэгтэй.
ГУРАВ. ТОГТОЛЦОО
Эдийн засгийн хөгжлөөс хоцрогдсон нь монгол хүмүүст ялагдсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс тэдний бахархдаг зүйл нь "ардчилсан” тогтолцоо нь юм билээ. 1990-ээд оны үед хуучин Зөвлөлт Холбоот Улсын хяналтаас гарсныхаа дараа Монгол Улс хувьсгалыг зоригтой хийж, Америкийн дэмжлэгтэйгээр Үндсэн хуулиа боловсруулж, дэлхийн хамгийн тэргүүний ардчилсан тогтолцоог Чингис хааны газар нутаг дээр үүсгэн хөгжүүлэхээ амласан. Ингээд 20 гаруй жил өнгөрч цөөнгүй улс төрийн намууд байгуулагдсан ч Монгол Улсыг удирдан, эдийн засгийн хурдацтай хөгжлийн замд оруулах чадалтай нам байхгүй байна.
Улс төрийн бүх нам нь засгийн эрх барихын тулд хоорондоо бүх төрлийн ашиг сонирхлын солилцоо хийдэг. Засгийн эрхэнд гарсны дараа Засгийн газрын бүх албан тушаалд толгойноос хөл хүртэл өөрийн хүмүүсийг тавьдаг бөгөөд үүнд жирийн мэргэжилтэн ч өртөж, Засгийн газрын үйл ажиллагааны залгамж чанар алдагддаг. Түүний зэрэгцээ шинээр гарч ирсэн Засгийн газар нь өмнөх Засгийн газрынхаа эдийн засгийн бодлого, бүтээн байгуулалтын төслүүдийг бүгдийг нь үгүйсгэж, гарын үсэг зурсан гэрээг хүчингүй болгож, дахин зурна гэдэг нь бүлэглэлийнхээ дотоод ашиг сонирхлыг хуваарилах шаардлагатай нь холбоотой. Учир нь Монгол Улсад төрийн албан хаагч бизнес эрхлэхийг зөвшөердөг тул бодлого, төсөл бүрийн ард жирийн албан хаагчаас эхлээд төрийн өндөр албан тушаалтан хүртэлх хүмүүсийн томоохон ашиг сонирхол дагалдаж байдаг ажээ.
Засгийн газрын бодлого, шийдвэр энэ мэтээр байнга өөрчлөгддөг нь гадаадын хөрөнгө оруулагчийг хүнд байдалд оруулдаг. Иймээс 2012 оноос хойш Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт жил дараалан буурч ирсэн нь эдийн засгийн хөгжилд яаралтай цус сэлбэх шаардлагатай орны хувьд даарин дээр давс нэмсний адил хэрэг болж байна. Эрх барьж буй Засгийн газар ажлын агуулгаа сайтар ойлгож, ард түмэнд ашиггай дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, төсөл хэрэгжүүлэхээр зориг шулуудах үед нь сөрөг хүчин нь тэдгээрийг дахин сонгогдох вий хэмээн айж элдэв аргаар саад хийдэг. Хөгжлийн олон сайхан боломжууд ийм маягаар дөрөв, дөрвөн жилийн тэмцлийн дунд алдагддаг. Монголын улстөрч, судлаачид бүгд эдгээр асуудлыг тодорхой ойлгож байгаа ч энэ "чөтгөрийн тойрог”-оосоо гарч чаддаггүй.
Бусдыг эзлэн түрэмгийлэх замаар аугаа их Ромын бүгд найрамдах улсыг байгуулсан, түүний "хотын иргэд”-д олгосон эрх чөлөөний баталгаа нь "түмэн иргэд”-ийн боолын хөдөлмөр дээр бий болсон байдаг шүү дээ. Энэчлэн Европын ардчиллын үйл явц нь тэдгээр орны гадаад дахь колоничлолын түүхтэй салшгүй холбоотой. Америкийн ардчилал ч гэсэн өнгөт арьстнуудыг мөлжих, дэлхийн хоёр их дайны хугацаанд дайнаас олсон хөрөнгө дээр тулгуурласан. Оросын эдийн засгийн сэргэлт ч Путиний ардчилсан бус, харин бүр хүчинд тулгуурласан захиргаадалтын хүчээр амжилтад хүрсэн байдаг.
Ардчилсан тогтолцоо аяндаа их хэмжээний материаллаг эд баялгийг бүтээж чадахгүй, үүний эсрэгээр эдийн засгийн чинээлэг байдал л ардчиллын үндсийг бий болгодог. "Ардчилсан” тогголцоог 20 гаруй жил хэрэгжүүлж, "Ардчиллын үлгэр жишээ орон” хэмээн америкчуудаар магтуулж цоллуулдаг Монгол Улсад авилга хээл хахууль хавтгайрч, баян ядуугийн ялгаа ноцтой хэмжээнд хүрчээ. Улс төрийн намуудын ашиг сонирхлын зөрчил дунд эдийн засгаа хөгжүүлэх болом-уудыг алдаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортод түшиглэсэн эдийн засаг нь онцгой эмзэг болжээ.
Гэвч Хятадын эдийн засгийн хөгжлийн хурдан галт тэргэнд суусны ачаар эдийн засаг нь хоёр жил гайгүй хөгжихөд биеэ тоож эхлэн гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хатуу хууль гаргасны уршгаар эдийн засгийн хөгжил нь зогсонги байдалд орж, мөнгөн тэмдэгтийнх нь ханш буурчээ. Засгийн газар нь арга буюу өөрийн хөгжлийн үзэл баримтлалаа эргэн харж, хөрөнгө оруулалтын хуульдаа өөрчлөлт оруулсан ч хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил шинэ хуулийн хэрэгжилтийг дагаж тийм ч хурдан сэргэсэнгүй. Эдийн засгийн хурдацтай өсөлтийн үлгэр замхарч, хоёрхон жил эрх барьсан Ерөнхий сайд нь огцорч, Монголын эдийн засаг сугарч гарахад туйлын хэцүү шаварт унажээ. Хөгжлийн хэмнэлээ түргэсгэж чадах эсэх нь эргэлзээтэй. Ойрын жилүүдэд ингэж чадахгүй гэдэг нь бүр ч тодорхой.
/Үргэлжлэл бий/
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ сонин