Л.Байгалмааг эх оронд нь авчирах асуудал яригдсаар л байна
Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонсон тус улсын шоронд хоригдож буй Л.Байгалмааг эх оронд авчрахаар холбогдох байгууллагуудын зүгээс хоёр жилийн өмнөөс эхлэн ажилласан билээ.
Түүнийг ялтан солилцох гэрээний дагуу авчирна хэмээн БНХАУ-ын хууль хяналтын байгууллагуудтай холбогдон ажиллаж байсан юм. Гэвч тус улсын зүгээс Л.Байгалмааг ялтан солилцох гэрээгээр явуулах боломжгүй гэсэн хариуг манай талд мэдэгдсэн ч манай талаас Л.Байгалмааг авчрах асуудал яригдсан хэвээрээ л байгаа юм байна.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар "Л.Байгалмааг авчрах асуудал Ялтан солилцох гэрээ хэрэгжихээс хойш Хуульзүйн яамны хууль манайдаа бол дээд тал 15 жилийн хорих ял оноодог. Гэвч Хятад маань дээд тал нь цаазын ял оноодог. Тэгэхээр 18 жилийн ялтай хүмүүсийг шилжүүлнэ гэхээр биеэр эдлэх ял хорогдоно хэмээн үзэж Хятадын тал татгалзсан хариу өгсөн. Өөрөөр хэлбэл Хятадад 18 жилийн хорих ял эдлэх ёстой хүн энд ирэхээр 15 жил болж гурван жил нь хасагдана гэж үзээд байгаа юм. Одоо тэнд гэрээний дагуу ялаа биеэрээ хоёр жил эдэлсэн тохиолдолд авах боломжтой. Тэгэхээр гэрээний нөхцлийг хангах ёстой. Гэхдээ одоо нөхцлөө хангачихсан гэж үзэж байгаа” гэв.
Манай улсын 10 гаруй иргэн цаазын ял сонссон ч нэг нь ч гүйцэлдүүлээгүй
Урд хөршид хар тамхитай холбоотой хэргээр манай улсын 36 иргэн хоригдож байна. 2008 оноос хойш БНХАУ-ын ардын шүүхээр хэлэлцэж манай улсын арав гаруй иргэнд цаазын ял оноогоод байгаа билээ. Хамгийн сүүлд Л.Байгалмаа, Н.Золзаяа, Ж.Дамдин нарын дөрвөн хүн мансууруулах төрлийн бодис худалдаалдаг сүлжээ гэмт хэргийн гар хөл болон цаазын ял сонссон билээ. Түүнчлэн Б.Халиун гэх эмэгтэй Малайзад хар тамхи өрөөндөө хадгалж байгаад баригдсан .Түүнийг цаазаар авах ялаар шийтгэсэн ч албаны эх сурвалжийн мэдээллээр ялыг хөнгөлж, бүх насаар нь хорих ял болгосон гэх мэдээлэл ч байна.
Цаазын ял сонссон 10 гаруй хүн байдаг ч өнөөдрийн байдлаар нэг ч хүний ялыг гүйцэлдээгүй байгаа гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Цаазын ялтай хүмүүс хоёр жил хоригдож байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй бол бүх насаар нь хорих ялаар сольж, бүх насаараа хорих ялтай иргэдийг зөрчил гаргаагүй гэж үзсэн бол хугацаатай ялаар сольдог гэлээ.
Өнгөрсөн онд манай улсын 11 иргэн хар тамхи тээвэрлэжээ
2007-2011 оны хооронд хар тамхитай холбоотой гэмт хэргээр Хятадад манай улсын олон иргэн шийтгүүлжээ. Өнгөрсөн онд гэхэд манай улсын 11 иргэн хар тамхи тээвэрлэсэн гэх хэргээр хоригдсон байгаа аж.
Хятад улс бол хар тамхины хэрэгт чанга ханддаг. Хэмжээг нь хамааралгүйгээр шууд эрүүгийн хэрэг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, тус улсын хууль хяналтын байгууллагаас өршөөл эрээд ч нэмэргүй гэсэн үг юм. Хятадын эрүүгийн хуулийн 347 дугаар зүйл заалтад 50 грамм хүртэлх хар тамхи тээвэрлэсэн бол 15 жилийн ял оноодог бол 50 граммаас дээшийг тээвэрлэсэн тохиолдолд дээд ял буюу цаазын ял оноодог байна.
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж байна
Хүн худалдаалах гэмт хэрэг зохион байгуулалттай урдаас төлөвлөсөн далд хэлбэрээр явагддаг том хэрэг. Хэдий энэ хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох газруудаас сайн хийдэг ч хаа нэгтээ хүний наймааны золиос болчихсон хэргийг гарсных нь дараа мэддэг гэхэд хилсдэхгүй болов уу. Өнгөрсөн онд гэхэд Малайзад 12 охин хүний наймааны золиос болох шахсан. Харин азаар бүгдийг нь манай улсын хууль хяналтынхан шуурхай ажиллаж эсэн мэнд авчирсан билээ.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй Монгол Улсын хууль хяналтынхан болон ГХЯ сайн тэмцэж байгаа гэдгээ илэрхийлсэн.
Нутаг нэгтнээ халхавч хэлбэрээр ашиглаад гэмт хэрэгтэн болгодог
Монголчууд харийн нутагт нэгнээ гэмт хэрэгтэн, хэргийн хохирогч золиос болгох явдал гарсаар байна.
Жишээлбэл "Газар үзүүлнэ, аялуулна” гэж уран үгээр сэнсэртэл хуурч авч яваад эцэстээ гэмт хэрэгтэн болгож харийн нутагт шоронд нь хатаасан олон тохиолдол бий. Төрсөн эгч нь дүүгээ хууль бус наймааны хэрэгт хууран мэхэлж оруулаад эцэст нь ялтан болгосон тохиолдол ч байдаг юм билээ. Түүнээс гадна наймаа хийдэг хүмүүс бусдыг хохирогч болгох явдал их гардаг байна. Тухайлбал "Би бараагаа татах гэсэн юмаа. Надтай хамт яваад өгөөч би цалин өгнө” хэмээн худал хэлж итгүүлээд авч яваад хулгайн хэрэгтээ халхавч хийдэг гэнэ. Хамт яваад халхавч нь болж байгаад хохирогч болсон иргэд цөөнгүй байна. Ийм иргэдийг Хятадын хууль хяналтынхан хамт шийтгэдэг байна. Тиймээс ГХЯ-ны Консулын газраас Хятадын хууль чанга гэдгийг тайлбарлаж, сэрэмжлүүлэгийг байнга гаргасаар байгаа юм.
14 улсад 164 иргэн ял эдэлж байна
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 164 иргэн гадаадын 14 улсад ял эдэлж байна. Тэдний олонхи нь БНХАУ, БНСУ, Турк улсад байгаа аж. Өнгөрсөн оны байдлаар нийт 321 иргэн гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл ГХЯ-ны Консулын газарт ирсэн байна. Гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь хулгайн хэрэг аж. Мөн түүнчлэн олон нийтийн газарт танхайрах, бусдын биед халдаж гэмтэл учруулсан зэрэг багагүй хувийг эзэлдэг байна.
Учир нь монголчууд их ямаан омогтой бөгөөд гадныхныг элдвээр хэлж, эд хогшилд нь халдаж эвдэлж сүйтгэх биед нь халдаад эрүүгийн гэмт хэрэгтэн болчихдог ажээ.
Гадаадын 22 иргэн манайд ял эдэлж байна
Монгол Улсад гэмт хэрэг үйлдэж, улсын хууль дүрэм зөрчсөн гадаад иргэд шүүхээр шийтгүүлсэн хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, монгол иргэний аминд хүрч 25 жилийн хорих ял сонссон. Айлын азарга адуу хулгайлж хилээр гаргах гэж байгаад баригдсан тува иргэд гэх мэт ял эдэлж байгаа иргэд бий.
Өнөөдрийн байдлаар манай улсад гадаадын 22 иргэн ял эдэлж байна. Өнгөрсөн онд Казахстаны хоёр, ОХУ-ын 2, БНСУ-ын 1 иргэнийг Ялтан солилцох гэрээний дагуу эх нутагт нь шилжүүлэн өгчээ.
Хятадад хулгай хийсэн үйлдэл болгонд нь ял оноодог
Монголд хулгай хийх, урд хөршид хулгай хийх хоёр тэнгэр газар шиг ялгаатай ажээ. Манайд бол хулгай хийсэн хулгайчуудаа хууль хяналтынхан болон ХЭҮК нь өөгшүүлж өмгөөлдөг бол урд хөршид хулгай хийсэн үйлдэл болгонд нь эрүүгийн хэрэг үүсгэн ял оноодог байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын хууль цааз чанга гэсэн үг. Юу хулгай хийснээс нь хамаарч 6 сараас 3 жил хүртэлх ялыг оноодог байна.
Гэвч манайхан Хятадын хуулийг чанга гэдгийг нь мэдэхгүй гэнэн итгэмтгий зангаасаа болж хэргийн холбогдогч, гэмтэн болж ял сонсчихдог байна. Манайд бол хулгайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байх явцдаа хохирлын хэмжээ хүрэхгүй байна гэх шалтгаанаар ч юмуу эсвэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаадаг бол Хятадад хулгай хийлээ л бол шууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад ялладаг ажээ.
Нэг жишээ татахад, 16 настай хүүг нэг залуу томоохон дэлгүүрт дагуулж ороод "Миний дүү энд зогсч байгаач” гэж зогсоогоод өөрөө хулгай хийгээд зугтчихсан. Камерын бичлэг шүүхээр нөгөө хүү тэр залууд халхавч болж өгсөн гэх үндэслэлээр буруутгагдсан байгаа юм.
Турк улсад визний хугацаа хэтрүүлж хууль бусаар амьдарч байгаа монголчууд олон
Туркт манай улсын иргэд олноор гэмт хэрэгт холбогддог байна. Учир нь визгүй зорчдог болсноос хойш ах дүү, найз нөхөд, амраг садангаараа нийлж яваад тэнд очоод визний хугацаагаа хэтрүүлж, хууль бусаар амьдарч байхдаа хулгай хийх, танхайрах, дээрэм тонуул зэргийг хийж хэл ам нэлээд таталдаг байна. Туркийн тал ч хулгайн гэмт хэрэгтээ чанга ял оноодог гэдгийг мэддэггүй аж.
Тиймээс монголчууддаа сэрэмжлүүлж хэлэхэд, хүний нутагт нэрээ хичээж биеэ бодож яваачээ. Ялангуяа БНХАУ болон Туркийн хууль чанга шүү гэдгийг санаарай. Хууль бусаар амьдарч байхдаа янз бүрийн хэрэгт холбогдохоос зайлсхийж, аль болох гэмт хэрэгт орооцолдохгүй, хэн нэгэнд итгэж гэмт хэргийн хохирогч золиос болохгүй байхыг холбогдох газруудаас анхааруулж байна. Тухайн улсын хуулийг сайн судалж мэддэг байгаарай. Хэрвээ ямар нэгэн асуудалд орооцолдсон бол тухайн улсынхаа Элчин сайдын яаманд цаг алдалгүй хандаж байхыг сануулъя.
О.Сайхан