Монголын Үндэсний олимпийн хорооны ээлжит Их хурал энэ сарын 24-нд болно. Хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох журамтай. Олимпийн хорооны ерөнхийлөгчид одоогийн ерөнхийлөгч Д.Загдсүрэн, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь нарын долоон хүн нэр дэвшиж байгаа. Эдгээр нэр дэвшигчдийн аль нэг нь энэ айлыг залуурдаж явна.
Өөөрөөр хэлвэл тус байгууллагын нэр дэвшигчдийн сунгаа хэдхэн хүний сандал ширээний төлөөх суудал биш, спортын салбарынхан цаашлаад нийт монголчуудын эрх ашгийн төлөө байх юм.
Энэ ч утгаараа өнгөрснөөс өнөөг хүртэл хэл ам, шүүмжлэл дагуулсаар ирсэн тус байгууллагын шинэчлэл, өөрчлөлтийг хүссэн хүн цөөнгүй бий болов уу. Одоогийн байдлаар МҮОХ гэдэг байгууллага эгээ л Монгол Бөхийн холбоо шиг дарга, цэргүүд нь хоорондоо хагаралдаж, сандал суудлынхаа төлөө үзэлцэхээс өөр зүйл хийдэггүй гэдгийг бүгд мэднэ.
Уг нь энэ байгууллага Засгийн газрын харьяанд байх ёстой. Гэтэл өнөөдөр "Монголын Үндэсний олимпийн хороо” гэдэг нэртэй ТББ болон хувирч. Иймээс МҮОХ-ны одоогийн ерөнхийлөгчийг шинэчлэх, одоо өрсөлдөж байгаа нэр дэвшигчдээс заримыг нь ерөнхийлөгч байх боломжгүй гэж харах хүмүүс байна.
Тус хороог спортод элэгтэй, мэргэжлийн тамирчин удирдвал дараа, дараагийн тэмцээн уралдаанд амжилт гаргах нь ойлгомжтой. Ингээд МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж буй долоон нэр дэвшигчийн хэн нь хэн бэ гэдгийг цухас дурдъя.
Одоогийн ерөнхийлөгч Д.Загдсүрэн ажлаа өгөх цаг болсон
Энэ байгууллагын хаалгачаас хааныг хүртэл хийж яваа ерөнхийлөгч Д.Загдсүрэн дахин уг албан тушаалдаа сонгогдох хүсэлтэй байгаа. Гэвч түүнийг өнөөдрийг хүртэл хувийн компаниа толгойлж байгаа мэт аашладаг, тамирчдынхаа төлөө олигтой ажил огт хийгээгүй, дахин сонгогдох учиргүй гэх хүмүүс олон байна. Ер нь Д.Загдсүрэнтэй холбоотой "но” их. Тэрбээр МҮОХ-г хохироосон эрүүгийн гэмт хэргийн улмаас 2014 онд Монгол Улсын шүүхээс гурван жилийн хорих ял авсан байдаг. Иймд түүнийг энэ байгууллагыг удирдах ёсгүй хүн гэж удаа дараа огцоруулахыг шаардсаар ирсэн.
Д.Загдсүрэн Ерөнхийлөгч болмогцоо л ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх нэрээр газар авч зардаг, байшин бариулж түрээслэдэг бизнестэй болсон. Ямар эх үүсвэрээс санхүүжээд, орлого хаашаа яваад байгааг Олимпын хорооны гишүүд ч мэддэгүй, тодорхой мэдээлэл өгдөггүй гэдгийг доктор Д.Жаргалсайхан хэлж байсаныг сануулах зүйтэй. Мөн олон улсын олимпийн хороо гишүүн орнууддаа жил бүр тодорхой хэмжээний тусламж өгдөг. Манай олимпийн хорооны нэр дээр ч Азийн олимпийн зөвлөлөөс багагүй мөнгө орж ирдэг. Гэхдээ үүнийг сонирхдог хүн Монголд цөөн.
Гэтэл Монгол Улс өнөөдрийг хүртэл буурай хөгжилтэй орны тоонд орж байгаа учраас тусламжийн нэмэгдэл авдаг юм байна. Ялангуяа, олимпийн жилд энэ тусламжийн хэмжээ нэмэгддэг. Харамсалтай нь үүнийг зохих эзэд нь хүртэж чаддаггүй, Д.Загдсүрэн тэргүүтэй хэдэн хүн тансагладаг, энэ тухайгаа Засгийн газарт ч тайлагнадаггүй гэдэг. Тэгэхээр МҮОХ-ны үйл ажиллагаанд санхүүгийн "но” ч бий гэсэн үг.
Түүнчлэн Д.Загдсүрэн бусад спортын хороодтойгоо нягт хамтарч ажиллаж чаддаггүй учраас МҮОХ сүйрлийнхээ ирмэгт тулаад байгаа. Д.Загдсүрэн хууль бусаар хоёр удаа тус газрын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Одоо түүний эрин үе дуусчээ гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу.
"Төмөр замаас төрсөн тэрбумтан” гэх тодотголтой Л.Халтар
Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежр мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Л.Халтарыг Улаанбаатар төмөр замын орлогч дарга, удирдах албан тушаалд ажиллаж байснаар нь олонх нийт илүү мэднэ.
Түүнийг "Төмөр замаас төрсөн тэрбумтан” гэх тодотгол дагадаг. УБТЗ-ын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байхдаа НИТХ-д МАН-аас нэр дэвшсэн түүний талаарх ноцтой мэдээллүүд гарч байв.
Тэрбээр 2012 онд сонгуульд өрсөлдөхдөө 100 сая төгрөгийн зардлынхаа 50 хувийг "Эко констракшн” ХХК-аар, үлдэх 50 хувийг өөр нэгэн барилгын компаниар гаргуулсан байдаг. Яагаад барилгын бизнесийн хувийн компани, хаа хамаагүй төмөр замын Халтарын сонгуульд мөнгө гаргах болов гэдэг асуудал тухайн үед анхаарал татаж байсан.
Мөн эдийн засгийн элдэв гэмт хэргийн шинжтэй үйлдэлд оролцож явдаг хэмээн түүнийг ЭЦГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаад, улсад 2 тэрбум төгрөгний хохирол учруулсаныг нь тогтоосон ч хэрэг нь нам дарагдаад өнгөрсөн гэдэг. Ямартай ч өнгөрсөн хугацаанд түүнтэй холбоотой бараан мэдээ багагүй чих дэлсэж байсан билээ. Одоо Л.Халтар МҮОХ-ны "Спорт ба эмэгтэйчүүдийн комисс”-ын дарга, Азийн бөхийн холбооны тэргүүлэгч гишүүний сонгуульт ажилтай. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. Спорттой холбогдсон түүх нь чөлөөт бөх бөгөөд чөлөөтөөр хичээллэж байхдаа ОХУ-ын дэд мастер цол хүртэж байжээ.
УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь анх удаа өрсөлдөж байна
2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Я.Батсуурь гишүүний суудлаасаа буумагцаа 2012-2015 онд "Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлын албаг хашсан. Я.Батсуурьт АТГ-аас хоёр ч зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байсан юм.
Тэрбээр "Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хүргэн Г.Дэнзэнгийн "Говь-Повер” компанид 4,8 тэрбум төгрөгийг дур мэдэн шилжүүлсэн. Зүүн Цанхид олборлолт хийж байсан Австралийн "Макмахон” компанийн элэгдэл хорогдлыг хэт өндөрөөр үнэлсэн. Хятадын компаниудад нүүрс зарах гэрээ байгуулахдаа хоёр өөр үнийн дүн хийсэн асуудлын хүрээнд шалгагдаж байсан.
МҮОХ-ны ерөнхийлөгчид анх удаагаа өрсөлдөж байгаа тэрээр 2009 оноос Монголын шагайн харвааны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Үлэмж дархан мэргэн цолтой нэгэн юм.
Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ
Тэрбээр 1997-2003 онд Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 2003-2009 онд Монголын олс таталтын холбооны ерөнхийлөгч, 2008-2010 онд Даамын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад, 2014 оноос дахин Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг хаших болсон юм. Өнгөрсөн хугацаанд хугацаанд 2001-2002 онд БТСХ-нд Гадаад харилцааны мэргэжилтэн, "Аранзал групп” ХХК-ийн захирал, "Капитал” дээд сургуулийн захирлаар ажилласан.
Түүнийг спортынхон "Даамын Бат-Эрдэнэ” гэж тодотгодог. 1997 онд Монголын анхны олон улсын цолтой даамчин болж байсан. Даамын олон улсын хэд хэдэн тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж, олс таталтын спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан гэж үнэлдэг. Түүнийг мөн МҮОХ-ны ажлыг хамгийн их эсэргүүцэгчдийн нэг гэж тодорхойлж болно.
Волейболын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх
Ц.Бат-Энх 1979 оноос "Спортын гимнастик”, 1983 оноос эхлэн Волейболын спортоор сонирхон хичээллэж, 1993 онд Спортын дэд мастер, 1995 онд Спортын мастер, 2007 онд Улсын шүүгч болсон.
1983-1987 онд "Барилгачин нийгэмлэг” буюу хуучнаар Найрамдалын районы Спорт хорооны волейболын өсвөрийн болон насанд хүрэгчдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож дүүрэг, хот, улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын Бүх Ард Түмний спартакиадуудад оролцож алт, мөнгө, хүрэл медалиуд хүртэж байжээ.
1988-1990 онд Алдар нийгэмлэг, БХЯ-ны ЦИС-ийн шигшээ баг, 1991 онд Хөдөлмөр нийгэмлэг, 1992-1995 онуудад МУИС, ХДС, Лигийн анхны аварга "Ган Зам” багуудад тус тус тоглож байсан.
Ажил хөдөлмөрийн гараагаа 1987 оноос ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн харьяа Электрон техник, багаж төхөөрөмжийн үйлдвэр (Монел фирм)-д дагалдан токарьчинаар эхэлж, МУИС-ийн Физик, математикийн факультетэд сургалтын мастераар шилжин ажиллаж байсан. 1995 оноос Монголын Волейболын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон, эдүгээ 21 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа юм.
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар
1986 онд ЗХУ-ын Москва хотын Биеийн тамир, спортын төв дээд сургууль төгсөж, 1996 онд ОХУ-ын Москва хотын Биеийн тамир, спортын төв дээд сургуульд докторын зэрэг хамгаалжээ. 1992-1994, 1996-2000 онд Биеийн тамирын дээд сургуулийн захирлаар, 2007-2009 онд БТСГ-ын Эрдэм шинжилгээ, сургалтын төвийн захирал, 2011 оноос Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Түүнийг спортын "Хөнгөний Зоригоо” гэж нэрийддэг. Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд зарим нэр дэвшигчдээс ажлын туршлага илүү. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. Нэг онцлог нь тэрбээр МҮОХ-ны энэ удаагийн чуулганд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид хоёуланд нь нэрээ дэвшүүлж байгаа юм.
УИХ- ын гишүүн асан Э.Мөнх-Очир
МҮОХ-ны ерөнхийлөгчид хоёр УИХ- ын гишүүн асан нэр дэвшиж байгаагийн нэг нь Э.Мөнх-Очир. Залуучуудын Соёлын төвийн ерөнхий зохион байгуулагч, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, УИХ- ын гишүүн гээд төрийн ажлуудыг хашиж явсан тэрээр 2012 оноос одоог хүртэл Монгол улсаас Турк улсад суух ЭСЯ-ны ерөнхий консулын албыг хашиж буй. Э.Мөнх-Очирын хувьд спорттой холбогдсон түүх нь 2000 оноос эхэлнэ. Тэрбээр 2000 оноос Монголын буудлага спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2008 оноос одоог хүртэл тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Гэхдээ тэр дан ганц буудлага спортын холбоог удирддаггүй. 2010-2014 онд Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад, 2014 оноос Дэд ерөнхийлөгч болсон. Мөн өнгөрсөн жилээс Монголын биатланы холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчид дээрх долоон хүн нэр дэвшиж байгаа бол харин дэд ерөнхийлөгчид зургаан хүн өрсөлдөж байгаа юм. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Д.Баттүшиг, олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч Ц.Дамдин, хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, спортын эмнэлэгийн холбооны ерөнхийлөгч Ж.Хатанбаатар өрсөлдөх юм.