-Одоогийн ерөнхийлөгч Д.Загдсүрэн ажлаа өгөх цаг болсон-
Энэ байгууллагын хаалгачаас хааныг хүртэл хийж яваа ерөнхийлөгч Д.Загдсүрэн дахин уг албан тушаалдаа сонгогдох хүсэлтэй байгаа. Гэвч түүнийг өнөөдрийг хүртэл хувийн компаниа толгойлж байгаа мэт аашладаг, тамирчдынхаа төлөө олигтой ажил огт хийгээгүй, дахин сонгогдох учиргүй гэх хүмүүс олон байна. Ер нь Д.Загдсүрэнтэй холбоотой "но” их. Тэрбээр МҮОХ-г хохироосон эрүүгийн гэмт хэргийн улмаас 2014 онд Монгол Улсын шүүхээс гурван жилийн хорих ял авсан байдаг. Иймд түүнийг энэ байгууллагыг удирдах ёсгүй хүн гэж удаа дараа огцоруулахыг шаардсаар ирсэн.
Д.Загдсүрэн Ерөнхийлөгч болмогцоо л ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх нэрээр газар авч зардаг, байшин бариулж түрээслэдэг бизнестэй болсон. Ямар эх үүсвэрээс санхүүжээд, орлого хаашаа яваад байгааг Олимпын хорооны гишүүд ч мэддэгүй, тодорхой мэдээлэл өгдөггүй гэдгийг доктор Д.Жаргалсайхан хэлж байсаныг сануулах нь зүйтэй.
Түүнчлэн "Олимпизмийг аврах хөдөлгөөн”-өөс хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийхдээ Үндэсний олимпийн хорооны дарга Д.Загдсүрэнтэй холбоотой зарим нэг мэдээллийг олон нийтэд дэлгэж байсан юм. Тодруулбал Олон улсын олимпийн хорооноос орж ирдэг санхүүжилт тодорхойгүй алга болдог тухай мэдээлж байсан. Энэ талаар "Манай улсын олимпийн хороонд олон улсын олимпийн хорооны эв нэгдлийн санд төвлөрдөг найман тэрбум ам.долларын орлогоос тодорхой хувь нь хоёр жилд нэг удаа орж ирдэг. Энэ мөнгөөр манай олимпийн хороо үйл ажиллагаа явуулдаг. Мөн тамирчид, дасгалжуулагчиддаа болон спортын хөгжилд очих ёстой. Гэтэл энэ мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болдог. Бид манай улсад оруулж ирдэг мөнгөө болих хэрэгтэй гэдгийг хэлэх нь зүйтэй.Бид эхлээд энэ дотроо өөрсдийгөө засах хэрэгтэй байна. Энэ хууль бус хүмүүст санхүүжилт хийхээ болих хэрэгтэй. Мөн өөрийн улс дотроо хамгийн гол оролцоотой банк болон төрийн байгууллагуудад бичиг явуулж эхэлж байгаа. Энэ олимпийн хороо хууль бус юм тийм учраас энэ байгууллагатай хамтран ажиллаж байгаад танайд хохирол учрах юм бол бид хариуцахгүй шүү гэсэн утгатай бичиг явуулж байгаа. Хууль ёсны үйл ажиллагаа явуулж эхлэх хүртэл хамтрахгүй байхыг сануулж байна. Жинхэнэ эзэнд нь энэ хороог очих хүртэл тэмцэнэ" хэмээж байсан юм.
Олон улсын
олимпийн хороо гишүүн орнууддаа жил бүр тодорхой хэмжээний тусламж
өгдөг. Манай олимпийн хорооны нэр дээр ч Азийн олимпийн зөвлөлөөс
багагүй мөнгө орж ирдэг. Гэхдээ үүнийг сонирхдог хүн Монголд цөөн. Гэтэл
Монгол Улс өнөөдрийг хүртэл буурай хөгжилтэй орны тоонд орж байгаа
учраас тусламжийн нэмэгдэл авдаг юм байна. Ялангуяа, олимпийн жилд энэ
тусламжийн хэмжээ нэмэгддэг. Харамсалтай нь үүнийг зохих эзэд нь хүртэж
чаддаггүй, Д.Загдсүрэн тэргүүтэй хэдэн хүн тансагладаг, энэ тухайгаа
Засгийн газарт ч тайлагнадаггүй гэдэг. Тэгэхээр МҮОХ-ны үйл ажиллагаанд
санхүүгийн "но” ч их бий гэсэн үг.
Ер нь Д.Загдсүрэн бусад спортын хороодтойгоо нягт хамтарч ажиллаж чаддаггүй учраас МҮОХ сүйрлийнхээ ирмэгт тулаад байгаа.
Д.Загдсүрэн хууль бусаар хоёр удаа тус газрын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Одоо түүний эрин үе дуусчээ гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу.
Эх сурвалж: Bolod.mn